solongonews
Арван сарын үдэш
2014-10-10 14:55
Энэ сарын 3-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд МҮЧЗХ-ны шагналт, “Шинэ мянган утга зохиолын нэгдэл”-ийн удирдах зөвлөлийн гишүүн, яруу найрагч П. Нямлхагва, МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Б.Баярсайхан нарын хамтарсан “Арван сарын үдэш” нэртэй тоглолт амжилттай зохион байгуулагдлаа.

        Зөвхөн яруу найраг, богино өгүүллэгээ өргөн барьсан содон энэхүү үдэш үзэгчдийн сэтгэлд хүрч, ойрын үед ийм сэтгэл сэргээсэн тоглолт үзсэнгүй хэмээн хурсан олон сайшааж байлаа. Нэг ч дууны бүтээл оролцуулалгүй зөвхөн уянгын богино хэмжээний уран зохиолын бүтээлээр үзэгчиддээ бэлэг барив. Өгүүллэг, яруу найргаа үндэсний найрал хөгжимтэй хослуулсан нь тоглолтыг үнэхээр давтагдашгүй онцгой өнгө аястай болгосон юм. Бүтээлийн сэдвийн хувьд ээж аав, энэрэл хайрын, харин өгүүллэгийн хувьд хүний амьдралын аливаа адал явдал, дотоод мөн чанарын тухай өгүүлсэн сэдэв голчилсон байна. Харин зохиолч Б.Баярсайханы өгүүллэгүүдийг Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан, жүжигчин, нэвтрүүлэгч, МУСТА Ш.Бямбацогт, Д.Сайнтод, нэвтрүүлэгч Г.Алтанбагана нар уншив. Мөн яруу найрагч П.Нямлхагва бүтээлээ өөрөө уншиж, нэгэн үдэш үзэгчидтэйгээ утга, уран зохиолоор омогшин бадарлаа.  Дашрамд дурдахад, өмнө нь тэрээр Бөхийн өргөөнд нэг цаг 40 минутын турш үргэлжилсэн “Омогшин бадарна” нэртэй яруу найргийн тоглолтоо амжилттай хийж байсан юм. Энэ удаагийн тоглолтын үеэр  “Шинэ мянган утга зохиолын нэгдэл”-ийн уран бүтээлчид болон аймгийн удирдлагаас нь тэдний уран бүтээлийг хүндэтгэн үзэж биечлэн баяр хүргэлээ.  “Арван сарын үдэш” яруу найраг, богино өгүүллэгийн үдэш өргөн цар хүрээг хамарсны дээр үзэгчид тоглолт дууссан ч сэтгэл догдлон алга ташсаар байсан юм. /Бэлтгэсэн: Э.Үржинханд/

 

Сэрүүн намар

Зээргэнэт ногоон талын минь хазаар хүрэнтэж, таана шарлаад
Зэлний түйрэн пургиж унаганы дэл, адууны зүс дараад
Хэдэн дүү нар сургуульдаа буцаад, гэрийн дотор элин хулин
Хээ торго шиг шарлаг тал дээр манайх ганц гэрээрээ...

Алтан нарны амсар тосгуулан адуугаан хурааж зэлэн дээр ирэхэд
Аав маань гэрийн тэндээс хазаар барьсаар ирж яваа нь нүдэнд үзэгдээд
Аргалын утаатай өөжин цагаан гэрийнхээ гадаа
Аарц шахаж буй ижий минь дүр улам тодроод... улам л тодроод

Омголтсон нуурын мандлыг олойртуулж ирээд ниссэн ганц ангир
Одоо бараг буцах шувуудын сүүлчийнх биз хачин гунигтай ганганаад
Мал сурах нэрээр айраг цагаа эргүүлэн
Манай танайгүй бууж мордож явдаг хүмүүс хүртэл цөөрөөд

Элин хулин оргиж сэтгэл доноголзсон ийм намрыг
Ээжгүй хүн цээжин дундуураа нэвт туучуулахад хэцүү санагдаад
Долингоширсон хэдэн ингэ ирж өгөхгүй мөртлөө холоос буйлах нь
Дотоод сэтгэлийг урж байгаа юм шиг улам энэлэнтэй сонсогдоод

Нараа дагаж эргэсэн буруу зүгийн салхи
Нимгэн тэрлэгний цаанаас хавирга нэвт сэнгэнээд
Зоргол шар намар ингээд л дахиад ирнэ гэхээс
Зориг зүрх үхэж, хал авмаар бодогдоод

Хатуужил зовлон туулж үзээгүй эрх танхил сэтгэл гэдэг
Халаа сэлгээтэй орчлонгийн хариг намарт сөхөрдөг юм байна
Сэтгэл жиндээлгүй өсгөсөн ижийтэй үеийнхээ намрыг харин
Сэрүүн хүйтэн байсныг нь мэдээ нь үгүй явсан юм байна. БИ

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва

Гэрэл зургийг: С.Батгүр

 

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл