Энэхүү музейг байгуулахад Өвөр Монголын Ордос хотын Отог хошуу нутагтай, Хятад улсын монгол уран бичлэгийн биет бус соёлын өвийн өвлөн уламжлагч Шувуучин овгийн Бай Жиньшань маш их ач холбогдол, үзүүлсэн байна. 2009 оноос 2011 оныг хүртэл “Монголын нууц товчоо”-ны 60 мянган үсгийг янз бүрийн материал дээр урлан бүтээж, уг музейг байгуулахад нөхцөл бүрдүүлжээ.

Музейд “Монголын нууц товчоон” -ы 60 мянга гаруй үсгийг мөнгөн хавтас, улаан зандан мод, үхрийн шир, гантиг чулуу, хөх торго, торгон цаас, тэмээний шилбэний яс, шаазан тулгуур зэрэг материал дээр шигтгэж бүтээсэн 13 цуврал урлагийн номыг дэлгэн үзүүлж байна. 6220 м2 талбайтай баригдсан тус музей нь Оршил танхим, Онон танхим, Хаан танхим, Хөдөө танхим, Судар танхим, Эзэн уудам талбай зэргээс бүрдсэн байна.
“Монголын нууц товчоон”-ы музей дахь цуврал бүтээлүүдийн олонх нь дэлхийн олон түмний хараанд анх дэлгэгдэж байснаас эхлээд өнө үүрд түүх соёлын өвлөн уламжлагдахад маш чухал ач холбогдолтой.

Шаазан тулгуурын ном: Юаний цэнхэр хээтэй 2.4 метрийн өндөр 66 хэсэг шаазан тулгуур дээр монгол уран бичлэгийн хичээнгүй бичгээр гүдийлгэн сийлсэн ном болно.

Шаазан тавгийн ном: 185 хэсэг шаазан тавгийг алтаар хөвөөлөн монгол уран бичлэгийн хичээнгүй тигээр сийрүүлсэн байдаг.

Торгон ном. 130 сантиметр уртай, 70 сантиметр өргөнтэй хөх торгон дээр Монгол уран бичлэгийн хичээнгүй тигээр урлан хатгасан 185 хуудастай, 127.5 метр урт торгон ном болно. Энэхүү торгон номыг 2009 онд Ордос хотын 70 гаруй малчид урлан хатгаж оёсон байна.

Үхрийн ширэн дээр гүдийлгэн сийлсэн монгол ном: 120 сантиметр уртай, 60 сантиметр өргөнтэй үхрийн ширэн дээр монгол уран бичлэгийн хичээнгүй тигээр гүдийлгэн сийлсэн 185 хуудастай, 138 метр урт ном болно.

Үхрийн ширэн дээр гүдийлгэн сийлсэн хятад ном: 120 сантиметр уртай, 60 сантиметр өргөнтэй үхрийн ширэн дээр хятад уран бичлэгийн хичээнгүй тигээр гүдийлгэн сийлсэн 185 хуудастай, 138 метр урт ном болно.

Тэмээний шилбэн ясан дээр сийлсэн ном: 30 сантиметр уртай,5 сантиметр өргөнтэй 690 хэсэг тэмээний шилбэний ясан дээр монгол уран бичлэгийн хичээнгүй тигээр сийлж, хоёр талд нь мөнгөөр урласан ном юм.

Мөнгөн хавтаст ном: 40 сантиметр уртай, 25 сантиметр өргөнтэй 185 хэсэг мөнгөн хавтсан дээр монгол уран бичлэгийн хичээнгүй тигээр гүдийлгэн сийлж, хар зандан модоор хөвөөлсөн мөнгөн хавтсан ном.

Улаан зандан модон хавтсан дээр урласан ном: 25 сантиметр уртай, 20 сантиметр өргөнтэй 46 хэсэг улаан зандан модон хавтсан дээр монгол хятад үсгээр урлан сийлсэн модон ном юм.

Гантиг чулуун ном: 120 сантиметр уртай, 60 сантиметр өргөнтэй гантиг чулуун дээр монгол, хятад үсгээр сийлж, алт шигтгэсэн 185 хуудастай 122 метр урттай гантиг чулууны ном.

“Монголын нууц товчоон”-ы зураг:
Монгол Улс ба Хятадын Өвөр Монголын 20 гаруй уран зурагчин, судлаач нар санаачлан, “Урт өргөнөөрөө 150 сантиметрийн хэмжээ бүхий 50 хэсэг давуун дээр есөн эрдэнийн будгаар “Монголын нууц товчоон”-ы бүх агуулгыг хамарсан “Монголын нууц товчоон”-ы зураг болно.

Алтан ургийн 37 хаадын хөрөг зураг: “Монголын нууц товчоон” -ы музейд Монгол хаант улс, Юань улс, Умард юань улсын үеийн алтан ургийн 37 хаадын хөрөг зургууд, Монгол хаант улс, Юань улсын үеийн хэрэглэж байсан алтан зоос, ниша тамга, пагбагийн дөрвөлжин үсэгт зоос зэрэг ховор түүхийн дурсгалт зүйлийг хураан хадгалж байна.

Урт эвхмэлт цаасан ном: Шанхайн дэлхийн үзэсгэлэнд бэлэг барьсан 140 сантиметр урттай, 80 сантиметр өргөнтэй 185 хуудастай, монгол уран бичлэгийн хичээнгүй тигээр хоёр дахь удаа сийрүүлсэн урт эвхмэлт цаасан ном болно.

Номын хадгаламж: “Монголын нууц товчоон”-ы Монгол, Хятад, Япон, Орос, Британи зэрэг улс оронд хэвлэгдсэн 1500 гаруй ном дэвтэр байна. Мөн соёлдоо хайртай хүмүүсийн хандивласан 12 мянга гаруй төрөл зүйлийн монгол түүх соёлын ном дэвтрийг хураан хадгалж байна.

Одоогоор олдсон “Монголын нууц товчоон” бол 14 дүгээр зууны сүүлч 15 дугаар зууны эхээр Мин улсын бичигтнүүдийн “Нууц товчоон” -ы хамгийн анхны уйгуржин монгол үсгээр бичигдсэн уул эхийг үсэг дараалан хятад үсгээр галиг хадаж, үг бүрийг орчуулга дагуулсан номын орчуулга болно. 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын “Гүйцэтгэх гишүүдийн хуралдаан”-аар “Монголын нууц товчоон”-г дэлхийн соёлын өвд оруулсан байна.
