
Тухайн орон нутгийн цагаар 2021 оны 10-р сарын 26-нд, Катар улсад айлчилж буй Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Дохад Афганистаны түр засгийн газрын гадаад харилцааны үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттакитай уулзав.
Ван И хэлэхдээ: Афганистан улс өөрийн орныхоо байдалд тохирсон хөгжлийн замнал болон засаглалын хэлбэрээ хайн сүвэгчлэхийг Хятадын тал хүндэтгэх бөгөөд Афганистаны бүрэн эрх, тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Афганистаны түр засгийн газраас бүх орныхоо хэмжээнд засаглал явуулж буй үнэн бодит байдлыг хүндэтгэнэ. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар “Афганистанчууд эзэн мэдэх, Афганистанчууд удирдах” зарчим Афганистанд үнэн бодитоор хэрэгжихийг ахиулах ба үүний төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна. Афганистанд тулгарч буй одоогийн хүндрэл бэрхшээл, ялангуяа гарч болзошгүй хүмүүнлэгийн хямралд Хятадын тал анхаарлаа хандуулж байгаа бөгөөд боломжийн хүрээнд үргэлжлэн дэмжлэг туслалцаа хангахад бэлэн байна гэжээ.

Амир Хан Муттаки хэлэхдээ: 45 жилийн дайныг туулсны дараа Афганистан улс энх тайвныг нандигнаж байгаа бөгөөд улс орнуудтай эрх тэгш, найрсаг хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна. Афганистан, Хятадын найрсаг харилцаа бол Афганистаны хувьд маш чухал юм. Дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо үл хийх Хятадын талын зарчмыг Афганистаны тал өндрөөр үнэлэж байгаагийн зэрэгцээ Хятадын талтай харилцаа холбоо өрнүүлж, бүх талын хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна. Хятадын талын дэмжлэг туслалцаанд Афганистаны тал талархаж байна. Афганистан улс өөрийн орны аюулгүй тогтвортой байдлыг биелүүлэхийн тулд хүчин зүтгэх бөгөөд бүс нутгийн энх тайван аюулгүй байдлыг ахиулах болно гэжээ. Хэн хүн, ямарваа хүчин Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглан Хятад улсыг хохироох үйл ажиллагаа явуулахыг Афганистаны Талибан огт хүлээн зөвшөөрөхгүй гэж Амир Хан Муттаки онцолжээ.
