БНХАУ-ын Засгийн газар Ази, Европыг холбосон эдийн засгийн зургаан коридор байгуулахаар төлөвлөж байна. Тэдгээрийн нэг болох Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөөг танилцуулаад байгаа юм.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридорын хүрээнд долоон салбарыг онцолж байна. Тухайлбал гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулах ажлын хүрээнд автозам, агаар болон усан замын харилцаагаа өргөжүүлэх, боомтуудын хүчин чадлыг сэргээх болон хил, гаалийн үйлчилгээг сайжруулах тал дээр хамтарч ажиллана гэж мэдэгдсэн юм.
Ингэснээр гурван улсыг дамнасан худалдааг чөлөөтэй явуулахад дэмжлэг болно гэж тооцоолж байгаа талаар БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос мэдээллээ. Монгол Улсын санаачилсан "Талын зам" хөтөлбөрийн хүрээнд хурдны зам, төмөр зам, газрын тосны хоолой байгуулах санаачилгыг дэвшүүлсэн ч техникийн болон санхүүгийн эх үүсвэр хангалтгүй байгаа юм. Харин ОХУ-ын тал хурдны галт тэрэгний замаа өргөжүүлэх сонирхолтой байна.

2015 онд БНХАУ, Монгол Улсын хоорондын гадаад худалдааны эргэлт 7.3 тэрбум ам.долларт хүрсэн бол ОХУ, БНХАУ-ынх 64.2 тэрбум ам.доллар болжээ. БНХАУ Монгол Улсын хамтийн худалдааны түнш бөгөөд харин ОХУ-ын тав дахь том экспортын зах зээл, хамгийн том импортлогч орон болоод байна. Цаашид эдийн засгийн коридорыг хөгжүүлснээр худалдааны эргэлт өснө гэж тооцоолжээ.
БНХАУ-ын тал эдийн засгийн коридор байгуулах санаачилгын талаар нэлээд удаан ярьж байгаа бөгөөд есдүгээр сарын эхээр болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр 6.4 тэрбум ам.долларын гэрээ, хэлцлүүдэд талууд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр БНХАУ, ОХУ-ын автозамыг холбосон хамгийн дөт зам Эрээнээс эхэлнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.
Түүнчлэн Хөшигийн хөндийн нисэх буудал, БНХАУ, ОХУ-ын талын хамтран хэрэгжүүлж байгаа Москва, Казанийг холбосон хурдны галт тэрэгний төсөл байгаа юм. БНХАУ-ын Засгийн газрын байгуулахаар төлөвлөж байгаа эдийн засгийн зургаан коридор дундаас "Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг холбосон коридор байгуулах ажил аль хэдийн суурь нь тавигдчихсан төсөл" гэдгийг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хурлын үеэр БНХАУ-ын албаныхан онцолж байсан юм.
