Баяндэлгэр баг өнгөрөгч зууны 80-аад оноос эхлэн багийн олон нийтийн эдийн засгийг хөгжүүлэх замаар замнажээ. Багийн хамт олны нутгаа хэсэглэн торлож, гамшгаас аврах суурин болон үрийн малын суурин гэж хоёр хуваав. Гамшгаас аврах сууриндаа 11 дүгээр сараас ирэх жилийнх нь 2 дугаар сарыг хүртэл малчдынхаа малыг бэлчээрлүүлэн, малын тоогоор нь стандарт болгож төлбөр авч, түүнийгээ нийтийн хөрөнгө болгодог. Үрийн малын сууриндаа 6-10 дугаар сарын хооронд малчдын хуцыг маллаж, мөн хуцны тоогоор төлбөр авдаг байна. Ийнхүү жилд 10-20 мянган юаний орлого үүдэх болов. Ерээд онд “Нийтийн хөрөнгөөсөө нэг хэсгийг гаргаж, намын гишүүд тэргүүлэн хандивлах, малчид сайн дураараа хандивлах” хэлбэрээр нийтийн мал цуглуулснаар бод, бог нийт 125 малтай болсон байна. Энэхүү малаа ядуурлыг бууруулах шилжилтийн сүрэг болгож, 80 хувийн орлогыг нь малчин айлд өгсөн. 20 хувийг нь хамтад нь татах хэлбэрээр ядуу өрхүүдэд сүрэг тавьснаар ядуу өрхөө дэмжиж олон нийтийн эдийн засгаа хөгжүүлсэн байна. Шинэ зуунд орсны дараа тус баг ногоон бордооны суурин гаргах, үрийн малын суурин газар байгуулах зэрэг арга хэлбэрээр олон нийтийн эдийн засгаа үргэлжлэн хөгжүүлснээр өнөөг хүрэхэд 700-аас илүү шилжилтийн малтай, 1.9 сая гаруй юаний олон нийтийн хөрөнгөтэй болсон. Түүнчлэн хамт олны нутагтай, үрийн малын сууринтай болж хөгжөөд, малчдын малын үүлдрээ сайжруулах, ядуурлаас ангижрахад ихээхэн тус дэмжлэг болсон байна.
Баяндэлгэр баг 128 өрхийн 431 хүн амтай. Сүүлийн жилүүдэд ган гачиг үргэлжилсэн, мал аж үйлдвэрлэлийн зардал ихсэж орлого багассан зэрэг олон зүйлийн шалтгаан нь малчдын орлого, зарлагын байдлыг өөрчилж, зарлага нь орлогоосоо давснаар банк, хувь хүн зэргээс зээл авах нь олширчээ. Баяндэлгэр багийн 128 өрх энэ жилийн 8 дугаар сарыг нийт 13.8 сая юаний зээлтэй байсан ба өрх бүрт дунджаар 108 мянган юань ногдсон байна.
- Манай баг сүүлийн жилүүдэд малчдын зээл авах нь олширч буй нөхцөлд хандуулж олон нийтийн хөрөнгөөрөө малчдад хүүгүй зээл өгсөн. Ноднин бараг 1.2 сая юаний зээл тавьсан. Энэ нь малчдад маш их тэтгэлэг болж, малчдын аргагүйн эрхэнд өндөр хүүтэй зээл авахаас чөлөөлж чадсан. Энэ онд мөн нэг сая гаруй юаний зээл өгөх болно гэж тус багийн удирдлага ярьж байлаа.
Баяндэлгэр багийн малчин Эрдэнэчимэг өнгөрсөн жил багийнхаа хүүгүй зээлээс 20 мянган юань авсан гэнэ. Тэрбээр:- Багаас ингэж малчдад хүүгүй зээл өгөх нь малчдад их ашигтай. Бид энэхүү зээлээрээ өвс бордоо авах зэрэг асуудлаа шийдэж дийлнэ. Хэрвээ багийн зээл байхгүй бол аргагүйн эрхээр өндөр хүүтэй зээл авах болно. Багийн хүүгүй зээл бидний дарамтыг хөнгөлсөн гэж ярьсан юм.
