solongonews
М.Авирмид: Өвөр Монголруу татах хүчин зүйлийн нэг “монгол бичиг”
2017-07-25 17:07
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Өвөр Монголын Өөртөө Засах Орны их дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуус жилээс жилд нэмэгдэж байгаа. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд Хөххотноо суралцаж байгаа оюутан залуусын төлөөлөлтэй уулзаж, тэдний нүдэнд буусан Өвөр Монголын өөрчлөлт хөгжлийг та бүхэндээ сонирхуулж байна.

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

- Бидэнд өөрийгөө танилцуулаач?

Намайг Мягмаржавийн Авирмид гэдэг. Би Монгол Улсаас Өвөр Монголд ирж суралцаад хоёр жил болж байна. МУБИС-д бакалавр, магистрын зэргээ хамгаалаад 2015 оны намраас Өвөр Монголд суралцах болсон.

- Өвөр Монголын аль сургуульд ямар мэргэжлээр суралцаж байна вэ?

ӨМИС-ийн Монгол Судлалын Дээд Сургуульд Монгол хэлний мэргэжлээр сурдаг. Монгол Судлалын Дээд сургуульд монгол хэл, уран зохиол, түүх, мөн сэтгүүлчийн мэргэжлийн оюутнууд суралцдаг. Монгол Улсаас энд ирж суралцаж байгаа түүхийн, хэл, уран зохиолын, сэтгүүлчийн чиглэлийн оюутнууд бас энэ байранд хичээл ордог.

- Сургуулийн орчин нөхцөлийн талаар сонирхуулбал?

ӨМИС-ийн хувьд орчин нөхцөл маш таатай. Орой 10:30 цаг болтол номын санд суух боломжтой байдаг. Оюутнууд нь их ном уншдаг. Тэр талаараа их давуу. Мөн сургуулийн хүрээ гэж байгаа. Монгол Улсад бол сургуулийн хүрээ гэж тодорхой байхгүй. Зам харилцаатай ойрхон учир дуу чимээ ихтэй байдаг. Ер нь Өвөр Монголын бүх сургуулиуд тусгай сургуулийн хүрээтэй. Тэр хүрээнд зөвхөн оюутнууд байдаг, эрдэм номын үйл ажиллагаа л явагддаг.

- Гаднын оронд суралцах, тэр дундаа Өвөр Монголыг сонгосон нь?

Ер нь бол гадаад улсад явж суралцъя гэсэн бодол байсан. Тэгээд Өвөр Монголыг сонгосон. Яагаад гэвэл монгол хэл шинжлэл, түүхийг судлахад зөвхөн Монголдоо сураад бүрэн төгс болж чадахгүй. Монголоо бүрэн танина гэвэл Өвөр Монголыг бас таньж байж жинхэнэ утгаараа Монголыг судална гэсэн үг л дээ. Тэгээд энд мөн Монгол судлалын төв байдаг учир эндээс сурч, мэдэх зүйл их.

- Өвөр Монголд ирэхээсээ өмнө Өвөр Монголын талаар мэдээлэл авч, өөрийн гэсэн ойлголттой болоод ирсэн байх?

Урьд өмнө нь мэдээлэл маш хомсхон байсан. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын талаарх мэдээлэл сайн болж байна. Хааяа нэг Өвөр Монголын Монгол Одон Телевизээр сар шинийн нэвтрүүлэг үзэхэд их сайхан санагддаг байсан.

Хөххотод суралцах хугацаандаа хүмүүстэй илүү дотно танилцаж байна. Хүмүүс нь их найрсаг, тусч юм. Хэнээс ч юу ч асуусан дагуулж яваад заагаад өгдөг. Багш нар ч өөрийнхөө мэддэг чаддаг бүх зүйлийг гаргаж зааж өгдөг нээлттэй, бас их зочломтгой зантай хүмүүс гэдгийг мэдэрсэн. Намайг сайн танихгүй мөртөө мэдэхгүй чадахгүй зүйлийг зааж сургана, дагуулж яваад үзүүлж харуулна. Тэр чанар нь их сайхан санагдсан. Өвөр Монгол их хөгжиж байгаа санагдсан. Өнгөрсөн жил Хятад улсын цэцэрлэг хот болж байсныг нь телевизийн мэдээгээр харсан. Мөн ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой, ӨМИС-ийн 60 жилийн ойн хүрээнд миний байгаа орчин цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийг дахин сэргээж маш ихээр хийж байна. Мөн сэргээн засварлалт их хийгдэж харагдана. 70 жилийн ой болон сургуулийн 60 жилийн ойтой холбоотой төрөл бүрийн тэмцээн уралдаан их зохиогдож байгаа. Тэр болгонд идэвхтэй оролцож байгаа.

- Оролцсон тэмцээн уралдааны хувьд?

Өвөр Монголыг хамарсан тэмцээн уралдаанд оролцсон байгаа. Тэмцээнд оролцоно гэдэг бол бас хүний хөгжлийн үндэс гэж би үздэг. Тиймээс өнгөрсөн жил “Авьяаслаг Монгол” нэвтрүүлгийн уран илтгэлийн тэмцээнд орж 2-р байранд орсон. Өвөр Монголын Их Сургуулиас зохиосон тэмцээн, Хөххотод суралцаж буй Монгол Улсын оюутнуудын дунд зохион байгуулдаг тэмцээнүүдэд оролцож байлаа. Номын сангаас зохиосон ном унших тухай, яаж хүмүүсийг ном уншдаг болгох вэ гэсэн сэдэвтэй тэмцээнд бас оролцож байлаа. Үүнээс гадна урлаг, спортын олон олон тэмцээн уралдаан маш их зохион байгуулагддаг. Тэмцээн уралдаанд оролцоход маш нээлттэй байдаг.

Манай оюутнууд ч их идэвхтэй оролцоно. Тэмцээн уралдаанд оролцох нь улс орны хүмүүс бие биенээсээ туршлага судлах, шинэ арга барил шинэ мэдээлэл солилцох том гүүр болж байдаг гэж боддог.

- Монгол судлалын төв Өвөр Монголд байна. Сурч судлах зүйл их бий. Өвөр Монголд ирсэн хоёр жилийн хугацаанд сурч судалсан зүйл байгаа байх. Уран бичлэг бичдэг гэсэн үү?

Миний хувьд уран бичлэгийг бага байхын их сонирхдог байсан. Харин бичих боломж олддоггүй, орчин нөхцөл байхгүй, материал их хомс байсан. Манай сургуулиас ойрхон соёлын зах гэж бий. Тэр бичиг хэргийн захаас бийр, бэх гээд уран бичлэг хэрэгтэй бүхнийг худалдаж авсан. Мөн интернэтээр захиалж, өөртөө хэрэгтэй бүх материалаа цуглуулаад Дэгжилт багшид шавь орж уран бичлэг заалгаж эхэлсэн байгаа. Суралцсанаас хойш миний бичих чадвар маш сайжирсан. Оюутнууд төрсөн өдрийн бэлэг ч юм уу, бэлэг дурсгалын зүйлсийг бичүүлж байна. Монгол Улсдаа буцахдаа аав ээждээ өгөх бэлгээ ч бичүүлж байх жишээтэй. Энэ нь Өвөр Монголд ирж суралцсаны давуу тал болж байна. Худалдаа хийхэд хямдхан, интернэт худалдаа нь маш сонирхолтой санагдсан. Тао Бао, Алибаба зэрэг сайтуудаас бид дурын зүйлээ гэрээсээ худалдаад авчихдаг. Энэ нь маш өргөн боломжийг хангаж өгч байгаа гэж би ойлгосон.

- Монголдоо мөн монгол судлалын чиглэлээр сургуулиа дүүргэсэн. Ямар сэдвээр судалгаа хийж байсан бэ?

Монголдоо “Монгол бичгийг заах сонирхолтой арга зүй” гэх сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Монгол бичгийн талаар багш нарын мэдээ мэдээлэл хомс. Тиймээс хүүхдийн анхаарлыг яаж татах, яаж жишээ авч заавал хүүхдэд сонирхолтой болох, монгол бичигт дуртай болгох жишээ баримтуудыг цуглуулж, сонирхолтой заах арга зүйг зохиож, сурагчдаас авсан судалгаан дээр үндэслэн зааснаар сурагчдыг өмнөх байдлаас нь дээшлүүлсэн.

Өвөр Монголд ирээд монгол бичгийг илүү их дэлгэрэнгүй сайн суралцаж байна. Өвөр Монголчуудын монгол бичгээ авч үлдсэний давуу тал нь нөгөө талаар бид эндээс суралцах зүйл их байна гэдгийг харуулж байгаа. Энд ирж суралцах хүмүүсийг татах хүчин зүйл гэж ойлгож бас байна.

- Өвөр Монголын өөрчлөлт хөгжил таны нүдээр?

Өвөр Монгол зам харилцааны талаар их хөгжсөн байна. Зам өргөн, түгжрэл багатай, хүмүүс нь бас зөвхөн машин унаа унах биш, унадаг дугуй их унадаг. Энэ нь хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэж бодож байна. Мөн дугуйн зам гэж байдаг нь их сайхан. Эрүүл мэнд гэж ярихад өглөө эрт 5:00 цагт гадуур хоол ундны газар нээчихсэн хүмүүс нь өглөөний цайнд их ач холбогдол өгч заавал өглөөний цай уудаг. Дасгал хөдөлгөөн хийх боломж нөхцөлийг их бүрдүүлж өгсөн байдаг. Бид өглөө 7:00 цагт спортын ордонд очиход аль хэдийн ирээд цаг гаруй дасгал хөдөлгөөн хийчихсэн хүмүүс байх жишээтэй. Тиймээс амьдрал эрт өрнөдөг. Энэ тал нь хүмүүсийн эрүүл мэндэд тустай болов уу гэж боддог.

- Чиний хувьд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Би чөлөөт цагаа гадуур дугуйланд явж өнгөрүүлдэг. Жишээ нь Хасар бөхийн талбай гэж бий. Тэнд Өвөр Монгол бөхөөр барилддаг. Мөн хөөмийн сургалтад явж байгаа. Энд олон юмыг амжуулж болох давуу талтай. Зам харилцаа сайн байна гэдэг хүн олон ажил амжуулж, тэр чинээгээрээ их зүйлийг сурах боломжтой. Өглөө оройдоо найзуудтайгаа сагсны талбайд очиж тоглодог.

- Цаг гаргаж оюутны амьдралаасаа хуваалцсан танд баярлалаа. Зуныхаа амралтаар сайхан амраад ирээрэй.

Та бүхэнд мөн баярлалаа. Хоёр улсын хооронд соёлын гүүр болж, сайхан мэдээлэл дамжуулж байдаг танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсээд Хөххотод ирээд бичсэн нэгэн шүлгээ та бүхэндээ хүргэж байна.

 

Гэгээн болзоо

Савтай сүүнд саран хөвнө

Сайхан чамруу бодол хөвөрнө

Тугалын зэлэн дээр бид ярилцана

Тэнгэрийн уудамд одод харилцана

Удахгүй танайх гүүгээ барина

Унага татахад нь би тусална

Айраг сөгнөж чи надад өгнө

Найртай үгсийг би чамдаа ярина

Төгрөг сартай үдэш би чамруу зорино

Дүүрэн инээмсэглэл тодруулсаар чи намайг тосно

Гашилтал хадгалсан үгсийг гадагшлуулж би хэлнэ

Ганцхан заяах хайр тэндээс тэгээд эхэлнэ

Нар холдож гэгээн намар болно

Найрын чимээтэй уртын дуу уянгална

Арван долооны өдөр ашдын хурим болно

Айлчилж ирсэн хүн бүр ерөөлийн үгсийг хэлнэ

Өнөр монгол нутагт айл нэгээр нэмнэ

Өргөн шаргал дэлхийд хүн нэгээр нэмнэ

Гэгээн болзоо ингэж ариун хайр болно

Гэргий бүсгүй ингэж ачлалт ээж болно

Унага татах зэлэн дээр

Ус авах горхин дээр

Удтал хүлээх наадам дээр

Учралт хосын гэгээн болзоо

Хөдөө нутагт тааваараа хөвөрч л байдаг сайхан

Зохиогч: Ярилцлага, зураг: С.Урьхан, Б.Туяа, Т.Буянхишиг
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл