“Хятад, Монголын залуучуудын найрамдлын ой”
Шөнөжин орсон борооны дараах цөлийн цэвэр агаар сэтгэл сэргээнэ. Алсыг харахад ногооноор эмжээрлэгдсэн манхан толгод үргэлжилж, тосон зураг мэт таатай сайхан бас сэтгэлд аятай харагдана.
“Хятад, Монголын залуучуудын найрамдлын ой”-д мод тарих V удаагийн арга хэмжээ болон гадаад оюутнууд Энхбайтай танилцах арга хэмжээ 04 дүгээр сарын 21-ний өдөр Ордос хотын Далад хошууны Энхбай экологийн үлгэр жишээ бүсэд боллоо.
Арга хэмжээнд оролцсон ӨМИС-ийн оюутнууд
Цөлжилтийг зогсоох аянд гар бие оролцлоо
Өвөр Монголын Засгийн газрын Суртал ухуулгын газрын Хэвлэл мэдээллийн албаны холбогдох удирдлагууд, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын хоёр ажилтан, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд суралцаж буй Монгол Улсын 80 гаруй оюутан залуус, мөн 4 сэтгүүлчийн бүрэлдүүнтэй баг тус арга хэмжээнд оролцохоор 04 дүгээр сарын 21-ний өглөө Хөххотоос мордсон юм.
Үдээс хойш 13 цаг 30 минутад болсон арга хэмжээний нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Чяо Саньван, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтан Ж.Батчимэг, Д.Баянжаргал, Ордос хотын Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Чэнь Ши, Энхбай экологийн үлгэр жишээ бүсийн Намын ажлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Жөү Гүйрүн, орлогч нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн дарга Жао Юйхуа, ХКН-ын Далад хошууны хорооны байнгын гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Цүй Юнпин нар оролцлоо.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны гарын дарга Чяо Саньван
- Хятад, Монгол хоёр орны залуучуудын солилцоог эрчимжүүлж, залуус хоорондын ойлголцол, найрамдлыг зузаатган, хоёр орын залуусын эх байгалиа хайрлах, хамгаалах, дээдлэх ухамсрыг төлөвшүүлэх зорилготой энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм хэмээн ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны гарын дарга Чяо Саньван нээлтийн ёслолын арга хэмжээний зорилгоо танилцуулж байв.

Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтан Ж.Батчимэг
Эх дэлхийгээ хайрлан, эх дэлхийгээ хамгаалах нь хүн төрөлхтний нэгдсэн зорилт, дархан үүрэг билээ. Цөлжилтийн эсрэг тэмцэл дэлхийн хэмжээнд олон жилийн турш үргэлжилж байна. Үүнд, цөлд мод тарьж ойжуулан, цөлжилтийг зогсоох нь хамгийн шууд бөгөөд үр дүнтэй арга байсан. Гэхдээ хаяа хязгааргүй үргэлжилсэн элсэн далай мэт газрыг ойжуулах битгий хэл ганц ширхэг өвс ургамлыг нь амьдруулахад хүртэл маш их хүч хөдөлмөр, асар их тэсвэр тэвчээр, ухаан шаарддаг аж. Энэхүү том үйл хэрэгт өөрийн өчүүхэн хувь нэмрээ оруулсандаа оюутан залуус маань сэтгэл өндөр байсан юм. ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшяний хэлсэнчлэн:
- Энэ өдөр цөлд мод суулгахад залуучууд гар бие оролцож байна. Цөлжилтийг талсан зогсоох, хүн төрөлхтний хамтын сайн сайхан амьдралын орчинг бий болгоход бидний суулгасан мод бүхэн үр өгөөжөө өгөх нь тодорхой. Энэ бол “Гавьяа нь биднийх ч ашиг нь олон үед хүрэх” буянтай үйл хэрэг юм.
Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын ажилтан Ж.Батчимэг хэлэхдээ:
- Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаа. Түүний дотор оюутан залуусын дунд зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагаа нь өндөр ач холбогдолтой үйл ажиллагааны нэг юм. Дэлхий нийтээрээ цөлжилттэй тэмцэж байгаа өнөөдөр цөлжилттэй тэмцэн өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа оюутан залуустаа талархал илэрхийлье. Арга хэмжээгээ цаашид илүү өргөжүүлэн, ногоон дэлхийгээ бий болгоцгооё хэмээн уриалсан юм.
Модныхоо нүхийг бэлдэж, модоо суулган, хувингаар ус зөөж суулгасан модоо услах гээд чамлахааргүй их ажил байсан хэдий ч “ядарлаа, зүдэрлээ” гэх хэн үгүй урамтай ажиллаж байхыг харахад үнэхээр сайхан.
“Хөдөлмөр хийж хөлс гарахаар сайхан байна”, “Ядарсан ч гэсэн сэтгэлд таатай байна”, “Сайхан нутгийг хараад сэтгэл сэргэж, ажил хийхэд урамтай юм аа” гэж ярьсаар тун ч удалгүй хүн нэг бүр гурван мод суулгаж, их ажлын ард гарсан байлаа.
ӨМИС-д суралцаж буй Монгол Улсын оюутан Б.Амартүвшин
- Өнөөдөр Хятад, Монголын залуучуудын найрамдлын ойд мод суулгах үйл ажиллагаа болж байна. Миний бие Өвөр Монголын Их Сургуулийн оюутан байгаа. Сургуулийнхантай, мөн Багшийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн оюутнуудтай нөхөрсөг арга хэмжээнд оролцож, мод тарих гэгээн сайхан үйл ажиллагаанд оролцсондоо туйлын их баяртай байна. Мод тарина гэдэг маш том буян байдаг. Хүүхэд төрүүлэх, ном бичих, мод тарих гурав бол хамгийн том буян гэдэг. Энэхүү гурван буяны нэгийг үйлдээд явж байгаадаа таатай байна хэмээн ӨМИС-д суралцаж буй Монгол Улсын оюутан Б.Амартүвшин олзуурхан ярьж байлаа. Тэрээр мөн Эхнбайн тухай болон Өвөр Монголын цөлжилттэй тэмцэж байгаа ажлыг:
- Энхбай их сайхан санагдаж байна. Би урьд нь Өвөр Монголд тэр тусмаа Ордос нутгийн элсэн цөлд ирж байгаагүй. Энэ элсэн цөлийг ойжуулж, байгаль эхийг ингэж сайхан хамгаалаад, ивээн тэтгэж байгааг нүдээрээ харахад үнэхээр мундаг том хөдөлмөр юм гэдгийг ойлгосон. Эндээс мөн маш олон сайхан санаа авч, Монгол Улсдаа ч энэ сайхан үйл ажиллагааг хэрэгжүүлж болох юм байна гэж санагдаж байна гэлээ.
Өвөр Монголын Их Сургуулийн оюутан Б.Одсүрэн
- Энхбайд анх удаагаа ирж байна. Элсэн цөлийг ой болгочихсон гэж ангийнхнаасаа сонсож байсан. Гэхдээ яг ийм болсон гэж төсөөлөөгүй. Моднууд нь их том, өндөр ургаад бараг ой болчихсон байна. Сэтгэгдэл өндөр байна хэмээн Өвөр Монголын Их Сургуулийн оюутан Б.Одсүрэн бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.
Нэгийг үзэж, хоёрыг ойлгосон сонирхолтой аялал
Монгол Улсын оюутнуудтай аялахад маш сонирхолтой байсан. Авьяаслаг залуусын амьд тоглолтыг сонирхон явахад аян замын ядаргаа тайлагдаж байв. Хятадын алдарт дуучин Жөү Хуажянь, Монгол Улсын Харанга, Хурд хамтлагийн хүмүүсийн сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг замын турш гитардан дуулж явахад хол замын аянд залхаж алжаахыг мартаж явлаа.
Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр модоо суулгаж дуусаад Энхбайд нэг хонолоо. Аяллын цаг мөч бүхнийг утга төгөлдөр өнгөрөөхөөр шийдсэн хүмүүст Энхбайн үдэш сонирхолтой хөтөлбөрүүдээр угтлаа. Урлагийн үзүүлбэр, сонирхолтой тоглоомууд, бас түүдэг галын наадам оюутнуудын сэтгэлд бас нэгэн мартагдахааргүй сайхан дурсамжийг үлдээсэн байх.
Оройн арга хэмжээний үеэр таавар таах тоглоомын хүрээнд гадаад оюутнууд хятад хэлээр Хятадын уламжлалт баяр наадмыг бараг алдалгүй тааж байгааг харахад арга хэмжээнд оролцсон Өвөр Монголын дарга удирдлагууд шагшин гайхацгааж байлаа.
Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гадаад оюутнууд Энхбайтай танилцах арга хэмжээ боллоо. Арга хэмжээний хүрээнд ӨМИС, ӨМБИС, ӨМХААИС-ийн 80 гаруй гадаад оюутан Энхбайн Цөлийн шинжлэх ухааны музей, Энхбайн хүлэмжийн тариалан, “Гурван тэмээний хүрээлэн”-тэй танилцсан юм.
Оройн арга хэмжээний үеэр
Энхбайн Цөлийн шинжлэх ухааны музей нь нийт гурван хэсгээс бүрддэг аж. Тухайлбал “Цөлжилттэй танилцах”, “Түүхэн ухаарал”, “Хүн төрөлхтний хөгжлийн шинэ орон зай” гэх мэт. Гадаад оюутнууд энд цөлжилтийг сааруулж таслан зогсоосон Энхбайн амжилт туршлагууд, үр дүнтэй танилцлаа.
Энхбай нь Хятад улсын 8 том элсэн цөлийн нэг бөгөөд Хөвчийн элсний дунд хэсэгт байрладаг 20 мянга орчим га талбайтай. Хойгуураа Хатан голтой залгаж, “Хөххот, Ордос, Бугатын алтан гурвалжин” оронд байрладаг байна. Угтаа нутаг бэлчээр шимтэй, үзэсгэлэнт сайхан нутаг байсан бол сүүлийн жилүүдэд цөлжсөн талбай нь жилээс жилд нэмэгдэн хөрс шорооны идэгдэлд орсоор иржээ. 1959-1974 онуудад 100 гаруй өрх аргагүйн эрхээр нутгаа орхиж, 1989 оны 07-р сар болоход Энхбайн 20 мянган га нутагт хэд гуравхан өвсөн гэр овойн, эзгүй тал үлдэж, хүмүүс “хорт хавдар”-т нэрвэгдсэн газар хэмээн эндээс зүрхшээн дайжин нүүдэг болсон байна.
Түүнээс хойш 20 гаруй жилийн уйгагүй зүтгэл нөр их хөдөлмөрөөр Энхбайн газар нутгийн 70 хувийг өвс ургамал хучин, төрийн зэрэглэлийн экологийн бүтээн байгуулалтын үлгэр жишээ бүс болсон аж. Энэхүү ногоон бүсэд түг түмэн хүний хатуу тэвчээр, халуун хөлс, эрэлхэг зориг, баатарлаг үйл хэрэг шингэж байна.
Энхбайн хүлэмжийн тариаланд оюутнууд цөлийн дундах хүлэмжид тарьж ургуулсан эко жимс ногооноос амталж, Энхбайн ажилчдын хөдөлмөрийн үр дүнтэй танилцсан билээ.
Энхбайн “Гурван тэмээний хүрээлэн” хэмээгдэх газарт хоёр төрлийн тэмээн хяруул, мөн лам гөрөөс тэжээн үржүүлдэг тул ийнхүү нэрлэсэн аж. Энд Африкийн тэмээн хяруул, Австралийн тэмээн хяруул болон лам гөрөөс тэжээн үржүүлж байна. Анх удаа ойроос тэмээн хяруул харж байгаа оюутнууд маш сонирхон, алган дээрээ эрдэнэ шиш тавьж тэмээн хяруулыг тэжээж, тэмээн хяруулын зургийг татаж, цагийг зугаатай өнгөрөөлөө.
Хоёр өдрийн хөдөлмөрч аялал нэг л мэдэхнээ өнгөрөн оджээ. Баяртай хэмээн гар даллан Энхбай нутгийг орхиж, Хөххотыг зорилоо. Тогшин элсийг ногтлон, шугуй босгосон энэ нутгаас хөдөлмөрийн энерги цацарч, аугаа үйлсийн замд аялж буй оюутан залууст эрч хүч өгөв.
Цөлжилтийн эсрэг тэмцэх их үйл хэрэгт хувь нэмрээ оруулаад сэтгэл хангалуун буцаж яваа Монгол Улсын оюутан залуус ирээдүйн аяндаа итгэл дүүрэн байлаа. Тэдний суулгасан мод бүхэн Энхбайн экологийн аюулгүй байдлыг хамгаалан сүндэрлэхээр үл барам Хятад, Монгол хоёр улсын нөхөрсөг харилцааг тулгуурлан, өндрөөс өндөрт урган ногоон төглийг бүрдүүлэх нь лавтай.
