solongonews
Тогос шувуу тэжээсэн Түшээт бүсгүй
2018-05-28 16:52
Багаасаа нэлээд зайдуу нутагласан Мэн Ланийд хүрэхэд хөдөөний энхэл донхол замаар хэсэг давхиулах хэрэгтэй байсан ч хавар цагийн Түшээт нутгийн хайлаас, багсаран ногоорсон сайхан өнгө төрх нүд баясгана.

Нүдэнд дулаахан, дунд хэрийн өндөртэй нэгэн бүсгүй биднийг угтсан нь Мэн Лань байжээ. Монгол заншлаараа гэртээ урилаа. Тэдний гэр маш цэвэрхэн тохилог, үүдээр нь алхан ормогц тогос шувууны өдөөр хийсэн засал чимэглэлийн эд, тогосны өдөн гөвүүр, тогосны өдөн дэвсгэр, цаашлаад тогос шувууны загвараар өнгө ялгаран чимэглэгдсэн нь харагдлаа. Зочны өрөөнд нь метр гаруй урт сүүлтэй тогос шувууны загвар анхаарлыг илүү татаж байв. Цэцэрлэг, амьтны хүрээлэн зэрэг газруудаар харагддаг үзмэрийн шувуудын тоонд ордог тогос шувууг тэжээж, ашиг орлогоо нэмэгдүүлж, ойр хавийнхандаа сонин болж уламжлагдсан Хянган нутгийн монгол тариачин Мэн Ланийд бид сурвалжлагаа эхлүүлэхээр ярилцаж эхэллээ.

Хорчин баруун гаран дунд хошууны Дайчинтал сумын Дайчинтал багийн айлд төрж өссөн Мэн Ланий амьдралын нөхцөл тийм сайн байгаагүй. Дөнгөж бага сургуулиа төгсөж дунд сургуульд түр суугаад л амьдралын хатууг өнгөрүүлсэн түүний хувь заяаг төсөөлөхөд бэрх аж. Гэвч амьдралын хатуу бэрх нь бага насны Мэн Ланийг бусдаас илүү зоригтой болгожээ. Тэрээр тариалангийн ажилд ах эгч нартайгаа ажиллаж, амьдрахын төлөө ариун хөлсөө урсган зүтгэсээр ирэв.

“Хүүхэн хүний заяа хадамд” гэдэгчлэн хуримлах насанд хүрсэн Мэн Лань нутгийнхаа Дин Шань гэсэн залуутай айл гэр болсон боловч амьдралын нөхцөлөөс шалтгаалж хуримласан даруйдаа шинэ гэртэй болж чадсангүй. Тэд ойр хавийн айл тосгоноор явж, биеийн хүчний ажил хийх буюу хонь, ямаа хариулж амьдралаа аргацааж байжээ. Сүүлд нь бусдаас мөнгө зээлэн гурван дугуйт трактор худалдан авч хөдөөгөөр явж хүнсний ногоо худалдан нэлээд мөнгө олсон боловч худалдан авсан гурван дугуйтай трактор нь муу байж тааран, бүх олсон мөнгөө түүнийхээ засварт зарцуулжээ. Энэ бүхний өмнө тэд нугарч буугаагүй. Харин улам ч зориг орж, гурван дугуйт трактороо худалдан Хэбей мужийг зорьж, биеийн хүчний ажил хийхээр мордсон байна. Хүний газар хөндлөнгийн нутагт хүч хөдөлмөрөө худалдаж мөнгө төгрөг цуглуулах гэгч тийм ч хялбар хэрэг биш байлаа. Тэд нааш цааш явсаар Шыжяжуан хотод хүрч, Мэн Лань хувцасны үйлдвэрт оёдолчин болж, Дин Шань барилгын газар ажил хийж эхэлжээ. Ийнхүү харь хөндлөнгийн нутагт хоёр монгол залуу мөнгө төгрөг олж амьдрахын төлөө үйлээ үзнэ. Хүйтэн нойтон газар хонож, хоолтой хоолгүй өдөр шөнийг өнгөрүүлж, хүнд хүчрийг ханатал амсжээ. Энэ үе охин нь ч алаг хорвоод мэндэлж, тэдний амьдралд баяр бахдал авч ирсэн ч амьдралын дарамт нь илүү хүндэрсэн байв. Гэвч тэд үүнийг хүнд хүчир асуудал гэж бодоогүй алаг хонгор үрийнхээ төлөө үргэлжлэн шаргуу ажилласаар байв.

Охин нь өсөж томоожин долоон нас хүрэхэд хүү нь хүний ертөнцөд мэндэлж, энхрий хоёр үрдээ хоолны сайхныг идүүлж, хувцасны сайхныг эдлүүлэхээр тэд улам ч зориг гаргаж, мөнгө төгрөг олж амьдралаа сайжруулахаар хүнд хүчир ажлыг хийсээр байлаа.

- Тухайн үед хамгийн адаг нь орох гэр ч байгаагүй болохоор бидний амьдрал маш хүнд байсан. Одоо хүү минь ч бага сургуульд орох ойртлоо. Хөндлөнгийн нутагт биеийн хүчний ажил хийж байсан болохоор хүүхдээ монгол сургуульд суулгаж чадаагүй гэж яриад Мэн Лань санаа алдав.

2014 онд 26 настайдаа хүний нутагт хөлсний ажил хийсэн тэд 38 насандаа нутагтаа буцаж ирэв. Хүний нутагт хөлсний ажил хийхийн хал тамыг ханатал амссан тэд нутагтаа харьж ирэн санаа амар амьдрах хэмээн зориг шуудсан байв. Ирсэн анхны жилдээ мөн бусдын малыг хариулж, хариулсан мөнгөөрөө гэр барилаа. Суух гэртэй болсноо 6 га талбайтай улиас, 6 га талбайтай гүйлс мод тарьж, манхан нутгаа ногооруулах ажлыг хийжээ. Үүний дараа энд тэндээс мөнгө зээлж, тахиа шувуу тэжээх үүр байгуулж авсан байна. 2015 оны хавраас эхлэн тахиа тэжээж, туршлага дутуу байснаас нэг жил орлого олсонгүй. Үүнээс болж тахиа тэжээх санаагаа орхижээ. Харин намраас нь интернет ашиглаж, хөгжлийн боломжоо нээлээ. Мэн Лань үүнээс хойш унтах нойргүй болж, Шыжяжуан хотоос тогос шувуу тэжээх, тогос шувуугаар загвар, засал чимэглэлийн эд хийх зэргийг сурав. 2015 оны намраас эхлэн Шыжяжуан хотод очиж арваад тогосны дэгдээхий, зургаа долоон том тогос гучин мянга гаруй юаниар худалдан авсан байна. Тогостой болсон Мэн Лань зүгээр сууж чадахаа больж, зав л гарвал интернетээс материал хайж, тогос тэжээх аргыг суралцан, сурснаа алдалгүй тэмдэглэн авдаг болжээ. Тэдний шаргуу зүтгэлээр тэжээсэн тогос нь ч үржсээр байв. Тогос нь дулаан газар амьдардаг шувуу ч тэгээс доош гучин градусын хүйтнийг ажиггүй туулж чаддаг байв. Өвөлдөө дэгдээхийг нь жаахан дулаалахад болдог.

- Тогос тахиатай адилгүй. Идэх нь бага мөртөө өвчин тусах нь бага, ашиг орлогоор ч өндөр. Өндөг, өдийг нь худалдаж болно. Цөс нь ч эмийн найрлагад ордог болохоор бүхэл биеэрээ эрдэнэ гэж Мэн Лань маш баяртай танилцуулан ярьж байв.

Тэд хээрийн гургуул болон гэрийн гургуул тэжээж эхэлжээ. Өндөг бойжуулдаг машинтай болсон болохоор гэрийн жигүүртэн тэжээхэд маш хялбар нөхцөлтэй болсон байв. Үнэндээ эдгээр нь тэдний хашралгүй хичээснийх бөгөөд бараг өдөр алдалгүй үүрийг нь угаан цэвэрлэж, хавар намрын тарилга, хорхой туух, ариутгах зэргийг алдалгүй сайн хийсний ач. Тогосынхоо үүрийг алдалгүй сайн цэвэрлэснийх нь ач байж таарна.

Тогос шувууны өвөрмөц дуу үе үе сонссогдон, зүүн өмнө нь байгаа тэжээлийн пин саравч сэтгэлийг татна. Эднийх жигүүртэн тэжээх 40-өөд метр пин саравчийг зуу гаруй мянган юаниар барьж байгуулж, 200 шахам тогостой болж, тогос, тахиа, гургуул зэргээсээ жилийн 100 гаруй мянган юанийн орлого олдог болжээ. Хагарч гарсан өндөг нь 150 юаньд хүрч, тэжээхэд хамгийн хүнд ажил байдаг бөгөөд эхний сарын зардал нь 300 юаньд хүрдэг байжээ. Нэгэн жуулчны бааз тогос нэг бүрийг нь 1000 юанийн үнээр гурвыг худалдан авсан гэнэ. Ойр орчимдоо хамгийн анх тогос тэжээж эхэлсэн айл болохоор худалдаж арилжаалахыг зөвшөөрсөн үнэмлэхийг хамгийн эрт авсан байна. Ойр орчмынхон тэдний зөвшөөрөлгүй бол худалдаж арилжаалж болдоггүй байлаа. Үүнээс гадна тогосоор загвар хийж худалдахад ашиг орлого нь өндөр байдаг болохоор Мэн Лань загвар хийхээр төлөвлөж байна.

- 6 жил болсон тогосны мах идэхэд хатуу байдаг. Тогос найман сарын хугацаанд биеийн жин нь 4-4.5 кг болон нэмэгдэж, хэдэн жил тэжээсэн ч хамгийн ихдээ 5 кг гаруй мах суудаг. Харин бие нь жилээс жилд урт болдог. Загвар хийж худалдахад хэдэн мянга, сайхан нарийн хийсэн нь хэдэн арван мянган юаньд ч хүрдэг хэмээн Мэн Лань ярив.

Нутагтай хүн нуруу гэдгэр байдаг ёсыг олон жил хүний нутаг хөндлөнгийн газар суусан Мэн Лань буцаж ирээд аж амьдрал босгон, өөрийн гэсэн гэр оронтой болсныхоо дараа бүрмөсөн ойлгожээ. Түүний амьдралын итгэл нэмэгдэж, хожим зөвхөн тогос тэжээхэд хүчээ төвлөрүүлэхээр зориг шуудаж эхэлсэн байжээ. Тогосны сөднөө магнаг амьдрал тэдний ариун хөдөлмөрийн ачаар өрх гэрт нь морилон саатаж байгааг хэлсэн хийсэн бүхэн нь харуулах шиг санагдлаа.

Зохиогч: Баярцэнгэл, Бүрэнбаяр
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл