
“Шинжлэх ухаанаар сэдэвлэж ирээдүйгээ шинэчилье” нэрийн дор нээгдэж буй Хятад, Монгол, Оросын хүүхэд багачуудын Шинжлэх ухааны зөгнөлт уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр буюу 12 дугаар сарын 12–ны өдөр Хөххотод нээлтээ хийлээ.


Уг арга хэмжээг Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэг санаачилж, Хятадын Шинжлэх ухааныг түгээх зохиолчдын нийгэмлэг, Шинжлэх ухааны уран зургийн мэргэжлийн комисс, Өвөр Монголын Шинжлэх ухаан технологийн сэтгүүл гүйцэтгэн зохион байгуулсан байна.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн хувьд шинжлэх ухаан технологийн өнөө цаг болон ирээдүйд хүн төрөлхтний ажил амьдрал, байгаль орчинг өөрчлөх сэдвийг харуулсан байв. Тодруулбал, орчин үеийн газар тариалан, байгаль орчинг хамгаалах, сансар, электрон мэдээ мэдээлэл, биологийн төсөл, далайн төсөл, газар хөдлөлтөөс сэргийлэн гамшгаас аврах, хүнсний аюулгүй байдал, шинэ материал шинэ эрчим хүч болон эрүүл мэнд зэрэг салбарыг хамарсан олон сэдэв ажиглагдаж байлаа.
Оролцсон нийт 600 гаруй бүтээлээс 60 гаруй шилдэг бүтээлийг сонгон шалгаруулж, хүүхэд багачуудын төлөөлөгчийг шагнасан байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улс, ОХУ-ын багш сурагчдын 19 төлөөлөгч оролцжээ.
ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн тэргүүлэгч Сүнь Жюньчин нээж үг хэлсэн бол ажиглагч Жөү Чүньле хөтлөн явуулсан байна. Мөн Монгол Улсын Төрийн соёрхолт зураач, Монголын Урчуудын Эвлэлийн орлогч дарга Ц.Цэгмэд, Монгол Улсаас Хөххотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Батзориг, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын гадаад хэргийн албаны эрхлэгч Жан Шөүшяо, Хятадын Шинжлэх ухааныг түгээх зохиолчдын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Мэн Шюн, Хятадын Шинжлэх ухааныг түгээх зохиолчдын нийгэмлэг шинжлэх ухааны уран зургийн мэргэжлийн комиссын нарийн бичгийн дарга Ли Бөвэнь, гадаадад холбогдох газрын дарга Чао Саньван, ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн холбооны хүүхдийн хэлтсийн дарга Ли Фэнлань, ӨМӨЗО-ны Боловсролын яамны суурь боловсролын газрын судлаач Эрдэнэ зэрэг холбогдох албан байгууллагын төлөөлөл оролцлоо.
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны газын эрхлэгч Чэнь Баочюань: - Хятад, Монгол, Орос гурван улс нь эдийн засаг, боловсрол, соёлын салбарт олон жил хамтран ажиллаж ирсэн. ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн алба нь Монгол, Орос улстай уламжлалт нөхөрлөлөө бататган хоёр тал хэвлэл мэдээлэл, соёлын хүрээнд солилцоо хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж үзэл бодлоо илэрхийлэх таатай орчинг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж байгаа юм. Энэхүү арга хэмжээ нь Хятад, Монгол, Орос гурван улсын соёлын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж гурван орны хүүхэд багачуудад шинжлэх ухаан соёлын олон улсын солилцоо болон хамтын ажиллагааны боломжийг хангасан болно. Бид бүхний хамтын хичээл зүтгэлээр Хятад, Монгол, Орос гурван улсын иргэд хоорондын ойлголцол нөхөрлөл улам сайжирч, хүмүүнлэгийн хүрээн дэх солилцоо хамтын ажиллагааны сайн сайхан ирээдүйг бүтээхэд итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Төрийн соёрхолт зураач, Монголын Урчуудын Эвлэлийн орлогч дарга Ц.Цэгмэд: - Хятад, Монгол, Орос гурван улсын хүүхэд багачуудын уран зөгнөлт үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Энэхүү арга хэмжээ нь гурван улсын хүүхэд багачууд хүсэл мөрөөдлөө хуваалцах сайхан боломжийг олгосон. Хүүхдүүд өнөөдөр хэдийгээр уран зөгнөлт зураг зурж байгаа боловч тэд ирээдүйд бодит амьдралдаа хэрэгжүүлэх юм. Үзэсгэлэнгээр дамжин олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааны гараа, шинэ торгоны зам тэлж байна гэжээ.
ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэгийн тэргүүлэгч Сүнь Жюньчин: - Хятад улсын “Нэг бүс нэг зам” стратегийн бодлого зохицуулалтын шатандаа байгаа. “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт нь эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааны зам, соёлын солилцооны зам бөгөөд шинжлэх ухаан технологийн шинэчлэх болон шинжлэх ухааныг түгээж нэгтгэн хөгжүүлэх зам юм. Мөн “Найрсаг хамтын ажиллагаа, нээлттэй багтаамжтай, харилцан суралцах, харилцан үлгэр дууриал болох, харилцан ашигтай хамтран ялалт байгуулах” зорилго тавьж, ”Холбоолон хамтран ажиллах” шинжлэх ухааныг түгээх ажлын цаг үеийн шаардлага болно. Гурван улсын хүүхдүүд технологи, урлаг соёлын солилцооны найрамдлын элч болохыг хүсэж байна. ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан технологийн нийгэмлэг нь уран зөгнөлт зургийн дур сонирхолтой хүүхдэд багачуудад өргөн орон зай, боломжийг хангах болно гэжээ.
Тус үзэсгэлэн “Нэг бүс нэг зам” бодлогын хүрээнд Хятад, Монгол, Орос гурван улсын хүүхэд багачуудын шинжлэх ухаан технологийн боловсрол соёлын солилцоо хамтын ажиллагааны хөгжилд шинэ цонх нээлээ.
Тухайн өдрөөс 40 хоногийн туршид лхагва гарагаас ням гараг хүртэл Өвөр Монголын Шинжлэх ухаан технологийн ордон иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх болно.
