solongonews
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам Хятад-Монголын харилцаанд шинэ өнгө нэмнэ
2018-04-20 15:03
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам Хятад-Монголын харилцаанд шинэ өнгө нэмнэ.

05-р сарын 29-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадамд Монгол Улсын хот хөдөөгийн 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөнө гэж өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Монголын Биеийн Тамир, Спортын газрын дарга Ц.Шаравжамц мэдээллээ.

Энэ наадмыг Хятад, Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир, Спортын газрын санаачилгаар, Хятадын Гранд Чайна Спортс компани, Үндэсний Паралимпийн хороо, Дифлимпийн хороо, Тусгай олимпын хороо хамтран 05-р сарын 29-31-нд “Бүс ба зам” төслийн хүрээнд зохион байгуулах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадамд тамирчдаас гадна 81 шүүгч, 83 дасгалжуулагч, 8 эмч, сайн дурын ажилтнууд нийт 800 гаруй хүн оролцоно. Тус наадам 2024 оны паралимпийн наадам, 2025 оны дифлимпийн наадам, 2023 оны Тусгай олимпийн зуны наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэх эхлэл тавьж байгаагаараа онцлог хэмээн зохион байгуулах хороо илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий цогцолбор барих ажлыг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр тусгасан ба энэ ажлыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар гүйцэтгэхээр ажиллаж байгаа юм.

"2019 онд Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж спортын салбарт зохион байгуулж байгаа томоохон үйл ажиллагааны нэг юм. Үүнээс гадна бид Монголын талтай хамтран бизнесменүүдэд зориулсан гольфийн тэмцээн, Чингис хаан нэрэмжит хэт холын зайн марафон, Улаанбаатарын өртөөт марафон, Улаанбаатар-Бээжин дугуйн аялал зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагаа хоёр орны ардын иргэдийн дипломат харилцааг хөгжүүлж, хоёр орны бусад салбарын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж наадмыг ивээн тэтгэгч Гранд Чайна Спортс компанийн гүйцэтгэх захирал Хөү Давэй хэлсэн юм.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл