solongonews
Төрийн өргөмжлөлтэй мөнгөн дархан
2019-02-21 21:22
Төрийн өргөмжлөлтэй мөнгөн дархан

Мөнгөн дархны 40 гаруй жилийн аялал

Найман настай бяцхан хүү нүдээ бүлтгэнүүлэн аавынхаа мөнгө давтаж толгойн засал хийхийг хараад: - Хөдөөгийн хар бор ажил хийж эвэршсэн эр хүний энэ хоёр  том гар мөнгөн эдлэл хийхээр яаж ийм уран шидтэй болдог юм бэ” гэж асуулт тавин гайхшран сууна. Балчир насны Цэцэнбаатарт тоглоомын зүйлээс илүүтэй аав Цогжавын дархны ажил нь өдрийн бодол, шөнийн зүүднээс нь гардаггүй байв. Цэцэнбаатар Урадын дунд хошууны Цонж сумын Амсар багаар нутагтай. Аав нь Цогжав гэгч хошуу нутагтаа алдартай уран дархан байсан бөгөөд Гүн ноёдын дархан байсан нагац Учралаасаа дархны ажлыг сурсан гурван үеийн уран дархан явсан түүхтэй.

Хүмүүс Цогжав гуайг эрж хайн толгойн засал, бөгж, мөнгөн хазаар, мөнгөн товруутай эмээл зэргийг хийлгэж, сортой эдлээд явахад нэгээс арав, ойроос хол дамжсаар Цогжавын дархны цуу мандаж, аймаг хотоос хүмүүс зорин ирж засал зэмсэг хийлгэдэг байсан юм гэнэ. Ах дүү долоогийн дотор Цэцэнбаатар л аавынхаа оролдож хийдэг бүхэнд хорхойтой байснаар аавынхаа гарын ур, эрхий эрдмийг өвлөн сурсан байв. Ингээд 1987 оноос эхлэн дархны ажлаа эхлүүлж, Цонж сум болон хошууны төв Халиут сууриндаа хийж байгаад 1994 онд эхнэр Соёлгэрэлийн хамт Хөххотод ирж дархны ажлаа үргэлжлүүлжээ.

Цэцэнбаатар Хөххотын хамгийн анхны монгол дархан байв. Анх тэрээр хуучин аргаараа бөгж, зүүлт, бугуйвч зэрэг мөнгөн засал зэмсгийн зүйлийг хийж байв. Тухайн үед олонх дархад шинэ маягийн тоног төхөөрөмж хэрэглэж байсан бөгөөд нутаг нутгийн хүмүүс ирж нутгийн онцлогтой эдлэл хийлгэдэг байсан нь Цэцэнбаатарт нэлээд хүнд байжээ. Иймээс тэрээр Хөххотын музей, хуучин эдлэлийн дэлгүүрээр олон удаа хүрч, урлал чимэглэлтэй мөнгөн эдлэл хэрэгслийг анхааран үзэхийн зэрэгцээ хотын дархдын хийж байгаад анхаарлаа хандуулж, бага бус туршлага судалсан байна. Ингээд хөдөөд нүүрс аргал түлж хөөрөгдөн мөнгөө хайлуулж байсан мөнгө давтах гар машин, мөнгө сувах шинэ маягийн орчин үеийн машиныг хэрэглэж сурчээ. Эхнэрийн хамт гарын арван хурууны эрдэм хийгээд үнэнч шударга зангаараа энэ ажлаа хийсээр тун удалгүй олноо танигдаж, мөнгөн эдлэл хийлгэх хүн олширлоо.

Цэцэнбаатарын дүү Бүрэнбилэг 2002 онд Хөххотод ирж, ахаасаа гурван жил дархны мэргэжил сурч, одоо хувиараа дархны дэлгүүр нээжээ. 2004 онд Цэцэнбаатар Монгол Улсад очиж, тэндэхийн мөнгөн дархдын ур мэргэжлийг үзээд ганзага дүүрэн буцаж ирсэн гэдэг.

Тэр жил Өвөр Монголын музейнхэн судалгаа хийж, хуучны зургийг цуглуулан, музейд дэлгэгдэж байгаа толгойн заслыг хуучин янзаар нь хийх ажлыг Цэцэнбаатарт хүлээлгэн өгөв. Тэрбээр шавь нарын хамт энэхүү ажлыг сайн биелүүлсэнд Шилийнгол, Хөлөнбуйр, Баяннуур, Ордосын музейн хуучны эдлэлийг сэлбэн засах ажлыг ч хүлээн авч хийх болов. Ийнхүү түүний Урад дархны алдар орон даяар түгэв.

- Урадын уран дархны тухай олон янзын хэллэг байдаг. Манай Урад нутагт үе уламжилсан Гүнгийн дархчуул, ардын дархад олон байдаг. Түүхээс үзэхэд хошуу туслагч нь ч мөнгөн дархан хийж байсан нь олон бий. Иймээс Урад нутаг бол алт мөнгөн дархны нутаг гэж танигдан яригддаг гэж ярив.

100 гаруй шавь бэлтгэсэн Урад дархан

Олон газрын хүмүүс дархны ур мэргэжил сурахаар ирдэг болохоор  Цэцэнбаатар 1999 оноос эхлэн шавь бэлтгэж, Өвөр Монголын хэмжээнд түүний шавь 100 гаруй болоод байгаа аж.

Тэрээр шавь бэлдэхдээ үнэгүй зааж өгдөг байна. Тухайн жилүүдэд сурах хүн цөөн байснаар түүнийг зорьж ирсэн шавь нарынхаа идэж уух, амьдрах сууцыг нь хүртэл хариуцан, боломжтой бол шагналын мөнгө ч өгч урам өгч байсан гэнэ. Иймээс шавь нар нь урам зориг авч эрдэм мэргэжлийг нь эзэмшин, ихэнх нь нутагтаа буцан дархны ажлаа хийн амьдралаа өөдтэй өнгөтэй авч явна. Өвөр Монголын их дээд сургуулийн уран зургийн салбараас төгссөн сурагчид ч ирж түүнээс дархны ур мэргэжлийг нь сурдаг байв.

- Сайн хичээвэл нэг жил сурахад ихэнх арга мэргэжлийг сурна. Явах тусам туршлагатай болдог. Энэ дархны ажил гэдэг сураад дуусах юм биш гэж  Цэцэнбаатар ярив.

40 гаруй жил дархны ажил хийхдээ Цэцэнбаатар мөнгөн эдлэл, түүний уламжлагдаж байгаа байдлын тухай олон талыг байнга анхааран ажиглаж, их олон ч зүйлийг бодох болсон байна.

- Монголчууд нэлээд эртнээс шашны талын зарим урлалыг монгол эдлэл хэрэгсэл дээр урвуулан ашиглажээ. Дөрвөн хүчтэн, найман тахил, долоон эрдэнэ гээд миний үзэж байгаагаар шашны тусгай агуулга бүхий зүйлсийг дур таваараа хэрэглэх нь зохисгүй мэт. Монгол амьдралтай маань ойрхон байгаа таван хошуу мал, байгалийн амьтан бодис, хээ угалз зэргийг урлан сийлбэл үндэсний онцлог илүү ил тод харагдана гэж байсан юм.

Эртний толгойн засал 5-6 килограммаас хэтрэхгүй байхад одоо зарим нь 10-15 килограммыг хийх болсон, үндэстний эдлэлийг бөөнөөр хийх том үйлдвэр байхгүй болохоор өөр бусад үндэсний зүйл түрэн орж ирэн үндэсний онцлог бүтээгдэхүүний зах зээлийг түрж байгаа. Өөрөө эдлэхээр хийлгэх хүн цөөрсөн болохоор мөнгөн эдлэлийн хийц урлал муудаж байгаа. Мөнгөн аяга бол монголчуудын өдөр тутмын амьдралын хэрэглээний зүйл байтал бусад үндэсний дархчууд харин түүнийг архи уухад л хэрэглэдэг гэж ойлгон, үндэсний соёлын бүтээгдэхүүнийг бусдад буруугаар таниулан уламжилж байгаа тухай тэрээр санаа зовж байгаагаа хуваалцлаа.

- Эмээл дээр дөрвөн хүчтэн, найман тахил сийлээд доороо дараад сууж байгаа, толгойн засал гэж өдөр тутмын амьдрал дунд зүүж эдэлдэг зүйлийг 10-15 килограмм хүндийн жинтэй хийж байгаа. Монголчууд ер нь эрт урдаасаа өдөр тутмын амьдралын эдлэл, засал зэмсгийн зүйлийг хийж ирснээс биш хийсвэр зүйлийг хийж байгаагүй. Эдгээр зүйлийг би шавь нартаа үргэлж захиж сануулдаг гэлээ.

Сүүлийн хоёр жилд Өвөр Монголын биет бус соёлын өвийн сургалтыг явуулахдаа Цэцэнбаатарыг мөнгөн дархны мэргэжлийн багшаар урин, Өвөр Монголын 28 төрөл зүйлийн толгойн засал хийх аргыг заалгаж, энэ жил гурав дахь удаагийн сургалтаа зохион байгуулсан байна.

- Уг нь би нутаг нутгийн, үндэстэн ястны толгойн заслыг хийж байсан болохоор түүний өвөрмөц онцлог, хэрэглэх материалын тухайд мэднэ. Гурван жилийн хугацаанд 100 гаруй хүн сургалтад хамрагдсан байна. Миний хичээлийг сонссон бүгд “Таны хичээлийг сонсоод олон зүйлийг сурлаа” гэж байсан. Миний бодлоор нутгийн дархчууд хамтран ажиллаж, үндэсний онцлогтой соёлын бүтээгдэхүүнээ хөгжүүлэн, өөр бусад үндэстэнд таниулах ажлыг илүү ихээр хийсэн нь дээр гэж Цэцэнбаатар ярьж байлаа.

 Цэцэнбаатар 2007 онд ӨМӨЗО-ы Ардын соёлын содон уламжлагчаар нэрлэгдэж, үндэсний соёлын хөгжилд үзүүлсэн гавьяа зүтгэлийг нь улс ардаас үнэлсэн билээ.

 Хятад улсын гар урлалын урлагийн их багш

Олон шилдэг бүтээл, олон олон шавь бэлтгэн хүмүүжүүлсэн  Цэцэнбаатар 2016 онд Хятад улсын гар урлалын урлагийн их багш (мөнгөн дархан) шагналыг хүртэж, Өвөр Монголд энэхүү шагналыг хүртсэн анхны хүн болжээ.

Цэцэнбаатар “Мөнгөн архин дэвэр” бүтээлээрээ ӨМӨЗО-ы найм дахь удаагийн урлагийн бүтээлийн "Сараана" шагнал, "Монгол хутга" бүтээлээрээ Өвөр Монголын Ардын соёлын "Ард" нэрэмжит шагнал болон Өвөр Монголын үндэсний гар урлалын үзэсгэлэнгийн анхны “Алтан од” шагнал зэрэг олон олон шагналыг хүртэж байсан бөгөөд 2011 онд орны зэрэглэлийн биет соёлын өвийн уламжлагч болжээ. Эхнэр Соёлгэрэл болон дүү Бүрэнбилиг нь мөнгөн дархны орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч болж, Урад дархны алдраа дуурсгаж явна.

- Мөнгөн дархны урлал нь дээд зиндааны гар урлал, үнэ цэнэтэй юмаар сайхан эдлэл хийж, хүнийг баясгадаг урлаг. Хүмүүс сайн юм эдэлье гэвэл мөнгөн дархныг эрдэг, сайхан юм боллоо гэж үнэлбэл мөнгөн дархан болсон бид маш их баярладаг гэлээ.

Гар ур дүйгээрээ орон даяар алдаршсанаар Цэцэнбаатар хол ойрын захиалгыг олон олноор авдаг болов. ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Алшаа аймаг 300 гаруй мөнгөн тэмээ, 600 гаруй нарийн хийцтэй эмээл зэрэг бэлэг дурсгалын 6 сая гаруй юанийн ажлыг Цэцэнбаатараар хийлгэжээ.

600 гаруй мянган юанийн толгойн засал, 300 мянган юанийн мөнгөн шатар, 200 гаруй мянган юанийн эмээл, морин хуур, хэт хутга зэргийг хувь хүн хийлгэн авсан байна.

- Анх жилийн 100 гаруй мянган юанийн орлого олдог байсан бол сүүлдээ худалдаа сайжирч, жилд 2 сая гаруй юанийн цэвэр орлого олж байсан удаатай аж. Энэ бүхэн цаг төр сайн сайхан болсных хэмээн Цэцэнбаатар баярлана.

Зохиогч: Нийтлэл: Урантана
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Амьдрал гарагийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл