solongonews
Эрүүл амьдрах 16 энгийн арга
2016-12-24 22:41
Та бүхэнд эрүүл байх энгийн арван зөвлөгөө хүргье.

1.    Үсийг үргэлж илж бай
Өглөө бүр арван хуруугаараа үсээ урдаас хойш нь , хойноос нь урагш зугуухнаар хэдэн арван удаа самна. Ингэснээр толгойд буй биологийн идэвхит цэгүүд хурууны өндгөнд цочирч тархи оюун сэргэх, даралт буурах, урам зориг дээшлэхийн  сацуу толгой загатнах, эргэх, өвдөх , үс унах, зүрх иүргэн цохилох, мэдрэлийн ядаргаа зэрэг өвчнөөс сэргийлдэг.
2.    Нүүрээ олонтоо ил
Хоёр алгаа хооронд нь халуун оргитол үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээш доош нь хэдэн арван удаа зугуухан илнэ. Өдөрт хоёроос доошгүй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлт  сайжран арьс нь зөөлөрч, өнгөлөг, овор багатай харагдахаас гадна үрчлээтэхээс сэргийлж, нэгэнт тогтсон үрчлээг багасгадаг. Мөн ханиад томуу тусах, салхинд явахад нүднээс нулимс гоожих, толгой, шүд өвдөх, хамар битүүрэхээс сэргийлнэ. Энэ дасгалыг  батгатай  хүмүүс  хийж болохгүй.
3.    Нүдний дасгал
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв, баруун зүүн, дээш, доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж  дээрх хөдөлгөөнийг давтан хийнэ. Тус бүрийг нь  арав  удаа хийх нь тохиромжтой. Энэ дасгалыг хийснээр нүдний ядаргаа арилах, хараа сайжирахаас гадна толгой  эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлнэ.
4.    Дагз няслах
Алгаараа хоёр чихээ таглан долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар хэсэг рүү няслахад бөмбөр дэлдэх мэт чимээ гарна. Ийнхүү 36 удаа няслаад, чихээ тагласан алгаа огцом авч, огцом таглах үйлдлийг 16 удаа хийнэ. Ингэснээр тархи оюуныг сэргээж, санах ой болон сонсгол сайжруулан толгой эргэх, өвдөх, чих шуугих  болон чихний элдэв өвчин эмгэгээс сэргийлнэ.
5.    Хэлийг түүшинд хүргэх
Хэлний үзүүрийг өргөж, тагнайн төмбөгөр хэсэгт хүргэн дээш доош, баруун зүүн тийш  арван удаа эргэлдүүлэхэд шүлс ялгаран гарч ирдэг. Энэ дасгалын гол үүрэг нь хоол идэх дур хүслийг оргилуулж, шингэцийг сайжруулан, шүд бэхжүүлэхийн зэрэгцээ ам аргаж хатах, залгиур хоолой болон буйлны үрэвслээс сэргийлнэ.
6.    Шүдийг байнга товш
Анхаарлаа төвлөрүүлэн элдэв юм бодохоо орхиж хоёр уруулаа зөөлөн хамхина. Эхлээд араануудаа, дараа нь дээд доод үүдэн шүдээ, эцэст нь соёонуудаа хооронд нь товших хэрэгтэй. Өдөрт боломжтой үедээ энэ дасгалыг 100 орчим удаа хийх ёстой. Ингэснээр шүд бэхжин шүлс ялгарч, шүдний өвчнөөс сэргийлнэ. Хятадын уламжлалт хууч үгэнд “Өглөө бүр 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй” гэсэн байдаг.
7.    Шүлс залгих
Хятадын эртний сударт шүлсийг "Хагас шүүдэр“, “Ариун ус“ гэх мэтээр нэрлэсэн байдаг нь санамсаргүй хэрэг биш юм. Завьжаар шүлсийг сорж ам дүүрэх үед хувааж залгина. Энэ нь хоолны дуршил /шингэц/ -ийг сайжруулж, залгиурын ажиллагааг идэвхжүүлэн, биеийн эсэргүүцлийг сайжруулахын зэрэгцээ шүд ам цэвэрлэн, залгиур хоолойн үрэвсэл, буйл үрэвсэх, шарх сэдрэх зэрэг өвчнөөс сэргийлнэ.
8.    Өглөө бүр эвшээлгэх
Өглөө босоод цэнгэг агаартай  газар очиж биеэ суллан, анхаарлаа төвлөрүүлж, хамраараа агаар сорон хэвлийн хэсгээ агаараар дүүртэл амьсгална. Хэвлийг агаараар дүүргэсний дараа толгойгоо өргөн амаа ангайж, эвшээж байгаа маягтайгаар амьсгалаа гаргана. Энэ үйлдлийг өдөр бүр 12 удаа хийснээр уушгины үйл ажиллагаа сайжран уушиг, зүрхний цусан хангамж нэмэгдэж цээж багтрах, бөгшүүлж ханиалгах зэргээс сэргийлдэг.
9.    Нурууг байнга дулаал
Нурууг цаг агаарын байдалд зохицуулан дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүр алгаа үрж бүлээцүүлсний эцэст нурууг хэдэн арван удаа илснээр нуруу хөшиж өвдөх , хэвлийн хөндийн янз бүрийн өвчин болон үе мөчний архаг хууч зэргээс урьдчилан сэргийлж болно.
10.    Цээжээ байнга арчил
Хүн цээжиндээ байнга иллэг хийж, зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн арван удаа хийх хэрэгтэй. Ингэснээр зүрхний үйл ажиллагааг  сайжруулж, цээж багтрах, зүрх оволзон хатгах, хавиргаар хатгах, зүрхний титэм судас өвчлөх зэргээр урьдчилан сэргийлнэ.
11.    Хэвлийд иллэг хийх
Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний эцэст хүйсийг тойруулж нар зөв иллэг хийнэ. Дараа нь мөн нар буруу зөөлөн дарж базна. Аль алийг нь арваас илүү удаа хийх нь ашигтай. Энэ дасгал хоолны шингэц сайжруулах, хоол боловсруулах эрхтний цусан хангамж болон агшилт суналтыг нэмэгдүүлэн ходоод гэдэсний өвчин, өтгөн хатах, гүйлгэх, бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл, шээс тасалдах зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хятадын хуучны ярианд “Хоол идсэний дараа арав алх, хоёр гараараа хэвлийгээ ил, тэгвэл зуу насална“ гэсэн үг байдаг.
12.    Хэвлийг агшааж татах
Биеэ суллан оюун санаагаа төвлөрүүлээд хамраараа амьсгал аван бага хэвлий буюу давсгаа зугуухан агшааж татна. Тэр байдлаа хэсэг хадгалсны дарааамьсгаагаа гарган биеэ суллана. Энэ дасгалыг өдөрт арван удаа хийснээр давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирна.

13.    Үе мөчний дасгал
Гараа мөрний хэсгээрээ хойш урагш эргүүлж савчих, хөлөө урагш, хойш савчиж зөөлөн өшиглөх, ташаагаа тулаад бүсэлхийгээр урагш хойш, баруун зүүн тийш хазайх нь хуян шар усыг тарааж, үе мөчний үрэвсэл зэрэг өвчнөөс сэргийлнэ.
14.    Хөлийн уланд иллэг хийх
Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт хүний эрүүл мэндийг хангах амьдрал тэтгэх маш чухал цэг байдаг. Гарын алгаа хооронд нь үрж бүлээцүүлсний дараа дээрх цэг дээр өдөрт 10 орчим удаа илж дарах нь хөлийг дулаацуулж, сэтгэл санааг тайвшруулан элэг бөөрний үйл ажилллагааг сайжруулж, толгой эргэх, чих шуугих, нойргүйтэх, зүрх цохилох, цусны даралт ихсэх болон хөл өвдөх зэргээс урьдчилан сэргийлнэ.
15.    Арьсанд хуурай иллэг хийх
Гарын алгаа хооронд нь үрж  бүлээцүүлээд толгой, мөр, гар, хөл, цээж, хэвлий зэргийн арьсыг арван удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны сүвүүд тэлж ядаргаа арилан нойронд сайн болохын дээр цусны даралт буурч арьс уян зөөлөн өнгө зүстэй болдог.
16.    Бие  засахдаа бүү ярь
Бие засах үедээ амаа хамхин шүдээ зууж хэлний үзүүрийг тагнайн төмбөгөрт хүргэн хоёр нүдээ дээш ширтэхийн сацуу тамхи татаж үг хэлэхийг хориглоно. Ингэснээр шүд бэхжин шүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна. Энэ дасгалыг хийх үедээ амьсгал жигд чөлөөтэй байхын зэрэгцээ анхаарлаа төвлөрүүлж өгвөл сайн. Дээрх дасгалуудыг өдөр бүр тогтмол хийж байх нь онцын хүндрэлгүй бөгөөд эрүүл чийрэг аж төрөх, зарим төрлийн өвчнийг илааршуулж, эмгүй засал болохоос гадна урт наслахад тустай чухал хүчин зүйл болдог байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.hiub.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл