solongonews
Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг албан ёсоор нээв
2019-09-18 16:03
Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.

    Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗТХ-ны сайд Б.Энх-Амгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин зөвлөх Ян Чиндүн зэрэг Хятад, Монгол хоёр орны Засгийн газрын өндөр албаны хүмүүс, холбогдох компаниудын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ёслолыг нээж хэлсэн үгэндээ:

- 2018 оны 04 дүгээр сард эхлүүлсэн олон түвшний огтлолцолтой зам гүүрийн үндсэн ажлыг дуусгаж, эхний ээлжинд шинэ гүүрийн үндсэн хөдөлгөөнийг нээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, тав тухтай үйлчилгээ үзүүлэх авто зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх, нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туул голын дээгүүр, Яармагийн гүүрийн өмнө түвшний огтлолцолд Баянзүрх дүүргийн 4 эгнээтэй гүүр, Сонсголонгийн 4 эгнээ гүүр, төмөр зам, Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох энэхүү гүүрэн гарцыг барих, Налайхын чиглэлийн 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд нийт 26.7 км авто зам, 3 км гаруй гүүрэн байгууламжийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна гэж хэллээ. Тэрээр энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлэхэд цаг хугацаатай уралдаж, гүйцэтгэх ажилд оролцсон ерөнхий гүйцэтгэгч компани, хяналтын зөвлөх үйлчилгээний компани, туслан гүйцэтгэгч компанид нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны хамт олонд юуны өмнө талархал илэрхийлээд, Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд "Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц”-ын үндсэн хөдөлгөөнийг нээж байгаад баяртай байна.

Улаанбаатар хотын иргэд 5 жилийн амьдралынхаа 1 жилийг машин дотор өнгөрүүлж байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол замын түгжрэлтэй холбоотой. Улаанбаатар хотыг анх барьж байгуулахдаа 500 мянган хүн амьдарна гэж төлөвлөсөн. Нийслэл хот одоо том хот болон хөгжиж, 1.5 сая хүн амьдрах болжээ. Хотын бүтээн байгуулалтыг дагаад, агаар, орчны бохирдол, замын түгжрэл зэрэг нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа иргэдийг бухимдуулдаг. Эдгээр асуудлыг шийдэхэд энэ гүүр, автозамын ажил тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байна гэж хэлсэн байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл