- Их хотын хүмүүс бордож таргалуулсан хонины мах болон Шилийнголын нутгийн бохирдолгүй хонины махыг нүдээрээ хараад ялгаж чадахгүй ч амтлаад ялгах нь лавтай. Энэ хоёр төрлийн махны амт шимд ялгаатай байдаг болохоор үнэ ханшийн тал дээр зөрүү их байх нь яриангүй юм. Гэвч хүмүүс үнэтэй боловч бохирдолгүй байгалийн бэлчээрт идээшилсэн хонины махыг худалдан авах дуртай байсан. Энэ нь их хотод ишгээ борлуулсан Янжиндуламын ололт юм.

Авга хошууны Цагааннуур суурингийн Улаанбулаг багийн малчин бүсгүй Янжиндулам 133 гаруй га бэлчээрээсээ гадна 133 га бэлчээр түрээслэн, 300 хонь өвөлжүүлдэг. Тиймээс жилдээ нутгийн түрээсний мөнгө, өвс бордооны зардал бараг 50 мянган юаньд хүрдэг байна. Ялангуяа энэ жил нэг хургаа дунджаар 320 юаниар 220 хурга худалдаж орлого хомс болсон нь мэдээж.
Энэ янзаар гэртээ зүгээр суугаад байж болохгүй. Харин хонио үнэ хүргэх, борлуулах арга зам хайж, Янжиндулам энэ жилийн 9 дүгээр сарын 8-ны өдөр хошууны төвөөсөө хонь төхөөрдөг хүн хөлсөлж, 40 шүдлэн эр хонио Хөххотын зах дээр төхөөрүүлэн борлуулжээ. Хүний нутаг хөндлөнгийн газарт хонио ачаад ирэхэд хүндрэл бэрхшээл тулгарахгүй байна гэж үгүй.
- Хотын иргэд бидний аваачсан хонийг чухам Шилийнголын бэлчээрийн хонь юм уу? Бордож таргалуулсан хонь юм уу? гэдгийг мэдэхгүй байсан нь толгой өвтгөж байсан. Мөн зарим нь үнэ ханш нь өндөр гээд яваад өгнө. Гэвч хөдөөнөөс ирсэн бидэнд итгэж, бидний хонины махыг бохирдолгүй цэвэр экологийн бүтээгдэхүүн гэдгийг мэдэх хүн ч олон байсан. Тиймээс дөрвөн өдөр 20 гаруй хонь төхөөрч борлуулсан. Түүгээр ч барахгүй бидний хонины махны амт чанарыг мэдсэн хүмүүс дахин захиалга ирүүлж байсан гэж байв.
Хөл хөдөлгөөнтэй хотын захад амьд хонь ачиж аваачаад төхөөрч борлуулна гэдэг хэцүү. Хэчнээн хүнд бэрхшээлтэй гэдгийг хэлүүлэлтгүй хэн бүхэн мэднэ. Янжиндулам Хөххотод очоод хотын ойролцоо тосгонд хашаатай айлын гэрийг гуйж, ачаатай хонио оруулж хоноглон өдөр нь гудамжны хажууд машинаа хонио зогсоож, хонины мах авах хүнд тэр дор нь төхөөрч өгдөг. Гэтэл аваачсан хонь нь хоёр хоног машин дээрээ хашигдсанаас дахиад хоёр хоноход 20 шахам хонь нь өлбөрөх аюултай гэдгийг мэдэж байлаа. Энэ л үед Хөххотод байгаа халуун сэтгэлт ах дүү нь түүнд хонины мах хөлдөөх газраар хангаж өгснөөр түүнийг хүнд байдлаас нь гаргаж маш их баярлуулжээ. 20 шахам хонио тэр дор нь төхөөрч хайрцаглаад хөлдөөсний дараа 12 өдөр хөлсөлсөн дөрвөн ажилтнаа гэрт нь хариулаад өөрөө Хөххотодмахаа худалдахаар үлджээ.
Янжиндулам энэ удаа Хөххотод ирээд тээврийн хөлс, ууж идэх, буудлын зардал гээд нийт 10 мянган юань зарцуулсан боловч ашиг тун их гэж байв.
- Энэ удаад шүдлэн эр хонио 1300 юаниар худалдсан. Гэрийнхээ гаднаас худалдвал 400 юань орчим л хүрч байсан. Тэгэхээр гадагш явж борлуулахын зам хайвал хонины мах үнэ дагана гэдгийг ухаарсан. Энэ удаа манай урианхай хонь ямар байдгийг хүмүүсд таниулж зах зээл нээх зорилготой байсан болохоор амьдаар нь тээж авчирсан. Дараа хонио амьдаар нь тээж болохгүй юм байна. Харин нутагтаа сайхан төхөөрөөд ирсэн нь дээр гэдгийг ч ухаарсан хэмээн туршлагаа харамгүй дэлгэлээ.
Ерөнхийд нь яривал, малын үнэ ханш доор байдалд малчид гэртээ сууж, хэзээ үнэ ханш нь өсөх бол гэж хүлээж гачигдахаас Янжиндулма шиг зоригтойгоор гадагш явж, борлуулахын зам хайх юм бол малаа үнэд хүргэх боломжтой л байдаг байна.
