Хадлангийн ажил дуусах шатандаа орж, малчид өвөлжөөний бэлтгэл гээд зав чөлөөгүй мунгинахад намаржин завгүй гүйсэн малчин түмэндээ ажил хөдөлмөрийнх нь алжаал ядаргааг тайлж, зугаа цэнгэл хүртээхээр Сөнид баруун хошууны Улаанмөчир шинээр зохиосон уран сайхны тоглолтоо хүргэхээр хөдөө буулаа. Эрээннуур сумын Рашаант багийн малчин Алтанхуар энэхүү уран сайхны тоглолтыг сонирхоод, “Манай Улаанмөчир үнэхээр сайн байна. Үргэлж шинэ шилдэг бүтээлээ малчин түмэндээ урьтан хүргэхээр зүтгэдэг. Тэд үнэхээр зүдэрч байна” гэж Улаанмөчирийн хамт олноо магтан ярив.
Хятад улсын ууган Улаанөмчир болох Сөнид баруун хошууны Улаанмөчир 1957 оны 06-р сарын 17-ны өдөр байгуулагдаж, байгуулагдсан тэр цагаасаа хөх тэнгэрээр хөшиг болгон хөрст газраар тайз хийж малчин түмэндээ оюуны хүнс хоол тэжээл болсон гоц гойд уран сайхны тоглолтоо хүргэсээр иржээ.
“Үзэгчид тарахгүй л бол манай тоглолт дуусахгүй”, “Нэг ч хот айлыг орхигдуулахгүй” гэсэн тэдний зорилт Улаанмөчирийн уран бүтээлчдийн нэг бүрийн хэзээ ч үл умартах мөрдлөг, тэмүүлэл болжээ.

Сөнид баруун хошууны Улаанмөчир жил бүр дунджаар 100 гаруй удаа тоглож, 20 мянга гаруй километр аялан малчин түмнийхээ дотно хань болж явна. Малчин түмэн тэдний хамгийн үнэнч шударга үзэгч бөгөөд тэдний уран сайхны бүтээлийн эх булаг мөн. Учир нь Улаанмөчир малчин түмнээ сэтгэлдээ дээдэлж хамгийн содон сайхан бүтээлээ үзэгч түмэндээ хүргэхээр мэрийдэгтэй адил малчин түмэн ч “Манай Улаанмөчир” гэж халуун сэтгэлээр угтан авдаг. Энэ удаа Улаанмөчир Рашаант багт тоглосон “Сөнид бүсгүй”гэх бүжиг нь хурсан олны урмыг сэргээж талбайд халуун алга ташилтын дуун нэлээд удаан үргэлжилж байлаа. Тус бүжиг нь Сөнид баруун хошууны Улаанмөчирийн энэ жил шинээр зохион дэглэж тоглосон бүтээл бөгөөд саяхан болсон Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын Улаанмөчирийн залуу уран бүтээлчдийн шинэ бүтээлийн анхны шалгаруулалтад “Шилдэг зохиол бүтээлийн шагнал” хүртсэн юм. Тус бүтээлийг зохион бүтээсэн уран сайхны эх үүсвэр нь ч хөдөө нутгийн хөдөлмөрч бүсгүйгээс сэдэвлэжээ. Энэ хавар Улаанмөчир хөдөө бууж, тоглолт хийж явахдаа уран бүтээлч Хастана малчин бүсгүйн тэмээний ноос ээрэх уран яруу хөдлөл барилыг үзээд тоглолтоо дууссаны дараа тус малчин айлд 2 сар гаруй хамт ажиллаж амьдран тус бүжгийн анхны нооргийг зохиосон юм. Өдгөө дахин дахин эмхлэн дэглэж боловсруулан бүрэн төгс урлагийн бүтээл болж, үзэгч түмэндээ хүргэхэд таашаал магтаалыг зэрэг хүртэж байгаа нь энэ билээ. Сөнид баруун хошууны Улаанмөчир байгуулагдсанаас хойш одоог хүртэл монгол модон хүүхэлдэйн жүжиг, монгол жүжиг, бүжгэн жүжиг, шог жүжиг, дуулалт жүжиг зэрэг хэдэн том төрөлд 3000 гаруй сонгодог уран сайхны тоглолтыг зохион бүтээж найруулан тогложээ. Үүний дотор дурдууштай 260 гаруй бүтээл нь орны зэрэглэлээс дээших уралдаан тэмцээнд яруу алдрын шагнал хүртсэн байна. Тоглолтын тайзанд уянгалан солонгорсон энэхүү шилдэг бүтээлийн эх үүсвэр, зохиол бүтээлгийн ундарга булаг нь өргөн олон малчин түмний амьдрал үйлдвэрлэлийн дундаас аяндаа үүсэн гарч ирсэн юм. Энэ бол түүх, энэ бол үнэн, энэ бол малчидтайгаа үй зайгүй дотно нөхөрлөж, үнэнч байсны үр дүн билээ. Сөнид баруун хошууны Улаанмөчир байгуулагдаад анх 9 уран бүтээлчтэй байсан бол 61 жилийн туршид өдгөө 47 уран бүтээлчтэй шилдэг хамт олон болжээ. Энэ нь өөрчлөлт бас хөгжил юм. Мөн ирээдүйд тэмүүлэх хүч чадлынх нь эх булаг мөн. Дарга Ши Жиньпиний ирүүлсэн хариу захидал нь тус Улаанмөчирийн уран бүтээлчдэд маш их урам зориг өгч, тэд ХКН-ын 19-р их хурлын үзэл санааг малчдын амьдралтай уялдуулан уран сайхны бүтээлдээ уусган оруулсан “Хятад улсын том гэр бүл”, “Шаазгай юунд шагшив”, “Ээждээ өргөх дуу” зэрэг дуу, бүжиг, жүжиг нийт 20 гаруй зохион бүтээжээ. Сөнид баруун хошууны орлогч дарга Наранаа хэлэхдээ: “Цаашид бид дарга Ши Жиньпиний хүсэл найдварыг бат цээжилж, хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг арми, Хятад улсын утга урлагийн фронтын туг далбаа хэмээх яруу алдраа дээдэлж, Улаанмөчирийн хөх тэнгэрээр хөшиг болгон хөрст газраар тайз хийж, салхи бороог сөрж өгсөн, халуун хүйтнээс халшрахгүй үзэл санаагаа үргэлжлүүлэн харуулж, малчин тариачдад үйлчлэн, ХКН-ын дуу хоолой, хайр халамжийг ард түмэндээ хүргэж, оюун санааны тэжээл хүртээлийг уламжилна” гэв.
