solongonews
Загвар өмсөгч Гоёхон
2019-04-08 11:24
Загвар өмсөгч Гоёхон

     Гоёхон багаасаа загвар өмсөгчийг “хувцас гайхуулагч” гэдэг. Тэрээр монгол үндэстний мэргэжлийн загвар өмсөгч, залуу уран бүтээлч, оюутан охин.

Хятадын олон улсын "Мода хувцасны долоо хоног” бол Хятад улсын хэмжээнд хамгийн дээд зэрэглэлийн наадам болдог. Энэ жилийн “Мода хувцасны долоо хоног” –ийн үеэр Гоёхон хэмээх 17 настай оюутан монгол охин давхар давхар шалгуураар дамжин энэхүү үйл ажиллагаанд орох эрхийг олж, урилгаар 3-4 талбайд загвар өмсөхөөр болсон юм. Гоёхон Бээжингийн мэргэжлийн моделийн сургуульд сурдаг бөгөөд моделийнхоо карьерийг эхлүүлээд удаагүй байна.

   Тэрээр багаасаа үеийн найзуудаасаа биеэр өндөр бөгөөд түүндээ их л зовдог байсан гэх. Дуу бүжигт сонирхолтой Гоёхон бага байхдаа Бээжин хотод дуу бүжигийн сургуульд Латин бүжиг сурсан учраас бүжгийн хамтрагч хэрэгтэй байдаг ба сүүлийн үед түүнд тохирох хамтрагч олдохгүй их л хэцүү байсан гэнэ.

Багаасаа загвар өмсөгч, басхүү бүжигчин болох мөрөөдөлтэй байсан Гоёхон бүжигчин болох уу? Загвар өмсөгч болох уу? гэсэн сонголт дээр ирэхэд бүжиг нь түүний мэргэжил байсан боловч эцэст нь загвар өмсөх шинэ замыг сонгосон байна. Ээж нь охин үрээ танил бус мэргэжил сонголоо хэмээн дургүй байсан боловч мөрөөдөлдөө хөтлөгдсөн охин үрийнхээ харцанд буун өгчээ.

- Загвар өмсөх, моделийн мэргэжлийн талаар олонх хүмүүс төдийлэн сайн ойлголтгүй байдаг. Би ч эхлээд энэ мэргэжлийг хүлээж авч чадахгүй байсан. Харин аав нь охиныхоо сонголтыг их дэмжсэн. Энэ нь охины маань багын мөрөөдөл учраас би ч аргагүй хүлээж авсан гэж Гоёхоны ээж ярьж байлаа.

   Бээжин хотод мэргэжлийн моделийн сургууль гэж бий. Гоёхон моделийнхоо карьерийг эндээс эхлүүлсэн юм. Загвар өмсөгч хүн гэдэг зөвхөн туранхай, өндөр, царайлаг байснаар болдоггүй, харин мэдлэг мэргэжил, цаг өнгийг сайн мэдэх шаардлагатай. Мах тос идэхгүй, жин барина, биеийн дасгал сургуулилт хийнэ...гэх зэрэг маш олон хүнд бэрхийг амсана.

- Охины маань идэж уухаа хасах нь их хэцүү байсан. Жин нэмэхээс айна. Эдгээрийг хараад би зүрх өвдөг гэж Гоёхоны ээж мөн ярьсан юм.

Хатуу бүхнийг туулж өнөөдөр гэхэд Гоёхон амжилтын анхны алхамд хүрлээ. 17 настай, их сургуулийн оюутан боловч түүний амжилт маш олон. “Азийн шинэ шилдэг загвар өмсөгчийн тэмцээн”-д 10 шилдэгээр, “Хятадын мэргэжлийн загвар өмсөгчийн тэмцээний Бээжин дэх тэмцээн”-д 3 дугаар байранд, “Дэлхийн супер загварын тэмцээний Хятад улс дахь шийдвэрт тэмцээн”-д хоёрдугаар байранд, “17 дахь удаагийн мода шалгаруулах Хятад улс дахь шийдвэрт тэмцээн”-д манлайлсан зэрэг олон олон амжилтай гялалзаж явна.

- Загвар өмсөнө гэдэг сайхан ажил. Гэтэл түүний ард өрнөдөг нөр их хөдөлмөрийг хүмүүс мэддэггүй. Дураараа идэж ууж болохгүй, байнга спортын дасгал хийнэ. Нүүр царайгаа гоё болгоно, жингээ барина гэх зэргээр цаг завгүй ажиллана. Сайхан бие, гоё нүүр царай, цоглог алхаа хувцас загварын гоёмсгийг хүмүүст харуулж чаддаг гэж Гоёхон ярьсан юм.

17 настай гал залуу нас нь амжилтын амтаар амтлагдсан Гоёхон хамгийн залуу монгол загвар өмсөгчөөр Хятад улсын олон улсын “Мода хувцасны долоо хоног”т оролцлоо.

- Монгол хувцсаараа гоёж Нью-Йорк мода хувцасны долоо хоног зэрэг дэлхийн хамгийн том тайзанд гарч тал нутгийн соёлыг нэн олон хүнд таниулна хэмээн Гоёхон мөрөөдөн тэмүүлсээр байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл