solongonews
Бичин жилд “Бич”-ийг учирлах нь
2016-02-25 15:12
Бичин жилд “Бич”-ийг учирлах нь

Монгол хэлний үгсийн санд нэг төрлийн амьтны нэрийг олон зүйлээр хэлж, тэмдэглэж хэлний үгсийн баялгийг үзүүлж байдгийн нэг жишээ бол “Бич” гэдэг энэ амьтантай холбогдож байгаа юм. “Бич”-ийг бас “Мич” гэдэг. Үүнийг тайлбарлахад их хялбархан. Энэ нь нэг л үгийн “Б, М” авианы ондооших болсон хувилбар. Гэтэл энэ амьтныг бас “Самж”, “сармагчин” гэдэг. Адил бус үеийн бичгийн дурсгалд “Самж”-ийг бас “Самжи”, “Сармагчин”-г бас “Сармачин, сарбачин” гэж адил бусаар тэмдэглэсэн зүйл тохиолддог. Бодоход бүгд өөр өөрийн гэх утгын ба авианы ялгаатай байсан нь мэдээж. Өнөөг хүрэхэд үүний утгын ялгааг ганц хоёр үгээр тодорхойлоход бэрх.

Энэ амьтныг арван хоёр жилийн есдүгээрт жагсаахдаа нэрийг нь “Бич” гэсэн боловч ерийн сэтгэгдлээр бол самжийг л хэлж байгаа юм гэдгийг хэн ч мэднэ. Үүнд нэг сонирхолтой асуудал бий гэж би санана. Юу гэвэл, арван хоёр жилд орсон, монгол хэлэнд олон үгсээр тусгагдсан гэх энэ хоёр талаас ажвал энэ төрлийн амьтан монгол хэл соёлд нэлээд тусгалтай байсан гэж хэлж болох юм.  “Хорин нэгт тайлбар толь”-д “Самж” гэх үгийг “Самж — өнгө шаравтархан, сүүл ахар, хэвлий дотор дэлүүгүй, идсэн юмыг явсаар шингээмүй. Төрөлх тавтиргүй шог. Бас бич хэмээмүй. Арван хоёр жилийн есдүгээрт бий” хэмээн тайлбарласан нь ч нэлээд нарийн байгаа юм. Гэвч өөр тохиолдолд “Бич”, “Самж”-ийг төдий л таашаадаггүй улбаатай байна. “Самж хаа явбал тэнд тариа алдна”, “Самжан амнаас чавга гуйх” гэх мэт хэвшмэл үгэнд цөм самж тохиолдож байна. Цаашлаад нохойгоос цааш муу амьтан хэмээн сэтгэгддэг тохиолдол бий. “Хүн хүнээ барвал нохой, нохой сүүлээ барвал самж” гэдэг. Ийнхүү “Бич”-ийг олны “шог”, тэнэг, муу муухай соёлын бэлгэдлийн дохио болгон ухаант хүнийг битгий “Бач” шиг байгаасай гэж сургамжилсан сургаал үг манай сурвалж бичигт тохиолддог. “Ер төрсөн хүн өөрийн уг язгуурыг эс мэдвээс ой доторх бич дур адил, хүн өөрийн овгоо эс мэдвээс засдаг гю лао дур адил, эцэг өвгөд ийм тийм хэмээхүй бичгийн(-үүдийг) үүри эс мэдвээс мөн хүүхэн (хүүхэд)-ийг завхаж гээсэн дүр адил” (“Асрагч нэрт “түүх”-ээс ишлэв—зохиогчоос) хэмээн манай ихэс эрдэмтэд хүн бологсод заавал уг язгуур, овог гарал, өөрийн түүхээ мэдэж, цээжилж байх ёстой, эс тийм бол хүн гэдэг чинь олны шог болж, тэнэгийн туйлд хүрч, “Ой доторх бич”-тэй адил болоход хүрнэ гэж нийгэм нийт, хожмын хүмүүсийг соён сургасаар иржээ. Их зохиолч Инжинаш ч энэ тухай нэн хурц ширүүнээр түүх соёлоо үл мэдэх тэнэг мунхгийг адгуус амьтантай зүйрлэн “Хоёр нүд бүлтийж байгаад өөрийн уг үндэстний түүх бичиг ба цадиг судраа үл үзэн, урьдаас дээдэс угсаа ишээ үл мэдэн, хүн хэмээгээд үндсэнээ үл мэдэх нь адгуусан буюу. Тайж бөгөөд өвөг юүгээ үл мэдэх нь мал буюу. Нүд бий бөгөөд түүх юүгээ үл үзэх нь сохор номин буюу. Мэдэлтэй бөгөөд язгуураа үл сэтгэх нь мунхаг гахай буюу!” гэж өтгөс томоотны амыг зээлэн чанга шүүмжлэн донгодсон байдаг.

“Бич”-ийг соёлын дохио болгон тэнэг гэх талаас нь сэтгэж, ухаант хүнийг битгий “Бич” шиг байгаасай гэж сургамжилсан сургаал үг байдагтай адилаар, нөгөө талаас нь “Бич” гэж “төрөлх тавтиргүй шог” амьтан байтлаа бас бусад амьтантайгаа эе эвтэй амьдарч чаддаг, ийм байхад ухаант хүн чухам яалтай вэ гэж үндэстэн угсаатны бүлгэмдэл нягтрал, эе эвийг сургамжилсан үлгэр ч байдаг нь “Эвтэй дөрвөн амьтны үлгэр” юм. “Эвтэй дөрвөн амьтан” гэж ахчлах дүүчлэх ёсыг чанга журамлаж, эе эвийг чухалчлан, нэг нэгнээ өргөн хүндэтгэсэн тагтаа, туулай, бич, заан ах дүү дөрвөн амьтныг хэлдэг. “Эвтэй дөрвөн амьтан”-ы зураг шуумлыг бид байнга олж хардаг.

“Самж хаа явбал тэнд тариа алдана” гэж самжийг тариалахтай холбож сэтгэдэг нь ч сонирхолтой юм. Мал аж ахуйтай холбоход самжны хөнгөн гавшгай шинжийг товойлгож эмнэг морины нуруунд наалдчихсан юм шиг тогтдог хүнийг “Морин самж” гэдэг. Монголчууд самжны онцлог шинжийг “тавтиргүй шог” гэхээс гадна бас “дуурайх” шинжтэй хэмээн үзэж, бусдыг сайн дуурайж чаддаг алиа цовоо зантай хүнийг “Сармагчин” гэж хочилж, “Энэ сармагчин юу ч бүр чадна ~ энэ сармагчин юуг ч яг адилхан дууриана” гэж хүнийг хочлон дууддаг учир бий. Шууд л “Самж шиг” гэж ил зүйрлэлээр хэлбэл дууриахын таашаал болдог юм байна. “Самж шиг” бусдыг дууриагаад л байж болохгүй, самжаар толь болгон түүх соёлоо мэдэх, хамгаалах, хөгжүүлэхийг үнэнхүү анхаарч, эе эвээ батлахыг чанд баримтлалтай !

“Бич”-ийг шидчилсэн маш алдарт бүтээл Дундад улсад мэндэлжээ. Тэр нь дөрвөн их нэрт бүтээлийн нэг болох Ү Чэн-Энгийн “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” болно. Монголчууд үүнийг эрт дээр үеэс өөрийн гэх онцлогтойгоор хүлээн авсан юм. Үүний чухал нэг илрэл нь энэ бүтээлийн нэрийн буулгалт болон гол баатрын нэрийн орчуулга дээр тод илэрдэг. Монголчууд бүтээлийн уг нэрийг бараг нэг зүг нь түлхээд шууд “Бичин багшийн үлгэр” буюу “Тансаг ламын үлгэр” гэдэг. Ялангуяа, зохилын гол баатрын нэрийн орчуулгыг жинхэнэ монголчилсан содон жишээ гэж хэлж болно. Монгол сэтгэхүй, монгол хэлний авианы системд захируулан буулгаснаас “Монгол” болж идээшсэн юм. 唐僧 — Тансаг лам, 孙悟空 — Бичин багш, 猪八戒 — Гахай багш, 沙僧 — Шороо багш, 白龙马 — бөө цагаан морь … гэх мэт. Үүнд, “Тансаг” гэх үгийн авиачлал, “Лам, багш, бөө” гэх үгийн хэрэглээг анхааран сонирхож болно. Эртэндээ “Лам” гэх үг хуврагийн доторх дээд язгуурт хуврагийг л хэлдэг. Тансаг ламыг гурван шавьд бүр “багш” гэх үг дагуулж, шавийг нь багш гээд, багшийг нь лам гэсэн нь үгийн утгын зохицуулалтыг анхаарсан талтай. “Бөө” гэх үгэнд тэнгэртэй холбоотой морийг тодорхойлсон шинж мэдэгдэнэ.

“Бич багшийн үлгэр”-ийг сонирхоход бич багшийн дүр, бичин багшийн өнгөрөлт нь монголчуудын түүхэн замналтай ер нь ямар нэгэн талаар ижилших талтай байгаад байдаг нь маш сонирхолтой юм. Гэнэтийн гэж хэлэхийн дагуу тохиолдлыг нь бас анхааран үзэж болно. Бичин багш “Нэрийг нь хэлж үл болох” сургаалд орж, “Нэрийг нь хэлж үл болох” багшаас эрдэм сурсан тэр цагт хэнд ч ялагдашгүй баатар байсан юм. Тэр цагт лусын хаан, эрлэгийн хаан, тэнгэрийн хаан бүр бичин багшид ялагдаж, тэнгэрийн Юаньшуай, Дөрвөн махранз, Нэ Жаа… гэх мэт тэнгэрийн бүх жанжин цэргүүд бичин багшийг яаж ч чадсангүй, бичин багш тэгээд санаандаа хүрч “Тэнгэр лугаа сацуу их богд” болдог. Гэтэл, хожим нь “Бичин багш хэдий тогловч (тонгорцогловч) Тансгийн гараас гарахгүй” үхээнц юм болдог. Шашны цагирагт толгойгоо боолгож, Тансгийн эрхэнд боолчлогдон морь хөтлөх, зам хайх албатай болдог. Тэнгэрийн Юаньшуай, Дөрвөн махранз, Нэ Жаа…-г байтугай, тэдний тэжээвэр амьтан буюу хулгана туулайг ч дарж чадах чадалгүй болж, арга хүчин мухардаж сандарвал эзнийг нь эрж царайтан “Эрхшээж авах”-г гуйхаар болдог. Далан хоёр хувилах тэргүүтэн хэмжээлшгүй шид увдистай байтлаа цагиргаас л мултрах ухаан эрдэм гэмгүй болдог. Тансаг ламын эрхэнд орсон нь ёстой богдоосоо боол болсон явдал юм.

“Бичин багш”-ийн баатар эрдмийг бахдалтай гэхэд, хүлээслэгдэж боогдсон учрал нь ч хөөрхийлөлтэй юм.

 

 

Зохиогч: Бүрэнбат ( Өвөр Монголын Их Сургуулийн Профессор)
Найруулагч: .
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл