solongonews
МУГЖ Л.Чаминчулуун эрдмийн шимийг хүртээж явна
2016-08-01 17:49
Зуны дэлгэр улирлын ахархан хугацааг хүн бүр амралт зугаалга, аялал жуулчлал гээд л аль болох хөөр баяртай, хөгжилтэй сайхан өнгөрүүлэхийг хичээдэг.

       Харин тэдний дунд зав багатайхан ажил үйлсээрээ үр бүтээлтэй өнгөрүүлдэг хүмүүс бол түмний үрсэд буянаа түгээж явдаг багш нар гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин, СУИС-ийн ахлах багш, профессор Л.Чаминчулуун Өвөр Монголын Монгол Одон телевизийн Уран сайхны зөвлөлийн дарга Ө.Хас-Эрдэнэ, Одон телевизийн дарга н.Энхбаяр нарын урилгаар Шилийнхотноо очиж багшиллаа.
Энэ удаад Өвөр Монголд ажиллах хугацаандаа Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд суралцах хүсэлтэй хөтлөгч, кинонд дуу оруулагч, жүжигчний хос мэргэжил эзэмших сонирхолтой залуусыг сургуульдаа шалгаруулж элсүүлсэн байна. Өнгөрсөн жил найман оюутан элсэж орсон бол харин энэ жил долоон оюутан суралцахаар болжээ.

    

  Л.Чаминчулуун:
- Хөтлөгч, жүжигчний мэргэжил бол өвөрмөц онцлогтой.    Орчин үеийн шаардлагад нийцэхүйц хөтлөгч хүн кинонд дуу оруулдаг, тайзнаа болон кино дэлгэцнээ жүжиглэх зэрэг ур чадвартай байх учиртай. Энэ бүх чадварыг залуучуудад эзэмшүүлж, мэргэжил болтол нь хөгжүүлэх тийм авьяас чадварыг дэлгэрүүлэх зорилгоор дээрх хос мэргэжлээр хоёр дахь жилдээ Өвөр Монгол оюутнуудаас элсэлт авлаа. Мөн  Өвөр Монгол хүүхэд, залуучуудад тайзнаас ярих урлагийн хичээл орж байна. Энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ өмнө нь ердөө л хөтлөгч хийдэг баригдмал хэмжээнд байсан бол уран бүтээлчийн үйл ажиллагаа нь нээлттэй болж, хөтлөгч хүн цаашлаад кинондоо дуу оруулдаг тайз, дэлгэцнээ уран бүтээл туурвих авьяас нь хөгжин дэлгэрдэг гэж тэрээр ярьлаа.

       Монголдоо төдийгүй Өвөр Монголдоо хэдийнээ танил болсон нэр хүндтэй багш МУГЖ Л.Чаминчулуун Өвөр Монголын Одон телевизтэй байнга ажил хөдөлмөрийн холбоотой байдгийн хувьд энэ оны 7 дугаар сарын 3-наас эхлэн Шилийнхотод Өвөр Монголын найман муж орны радио, телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч нарт тайзнаас ярих урлагийн хичээл орлоо. Энэ удаагийн хичээл маш үр дүнтэй, бүтээлч сургалт болсноор зогсохгүй сурагчид богино хугацаанд маш их мэдлэг хуримтлуулж авсан байна. Түүгээр ч барахгүй “Сургалтын хугацаа арай урт байсан бол...” гэсэн сэтгэгдэл, үнэлэлттэй үлджээ.  
   Тус сургалтын дараа Үзэмчин хошуунд Соёл, тамирын товчооны дарга Мөнхбаатар, дуучин Отгонтуяа нарын урилгаар хошин урлагийн жүжигчин болох хүсэлтэй 20-иод хүүхдэд сургалт явуулсан байна. Үзэмчин хошуун дахь хичээл сургалтын үр дүн тус сургалтын дараах тайлан тоглолт маш амжилттай болсноос харагдсан тухай шавь нар нь сэтгэл өндөр байлаа. Үзэмчин хошууныхан хошин урлагийн гурван үзүүлбэр, Шилийнхотынхон хоёр үзүүлбэр үзүүлж, нийтдээ таван хэсэг үзүүлбэр бүхий хошин урлагийн тайлан тоглолтыг амжилттай хийсэн байна.


  Үүнээс гадна, Монгол Улс, Өвөр Монголынхоо ард түмэнд танигдсан МУАЖ Ш.Чимэдцэеэ саяхан авто машины осолд орж, хүнд гэмтэл авсан бөгөөд Өмнөд Солонгос улсад 400 мянга гаруй юаний эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тиймээс түүний хайртай шавь нар нь ачит багшдаа зориулж хандивын тоглолт зохион байгуулж эхэлсэн юм. Шавь нарынх нь нэг, Өвөр Монголын дуучин Отгонтуяагийн 7 дугаар сарын 9-нд Зүүн Үзэмчин хошууны музейд зохион явуулсан МУАЖ Ш.Чимэдцэеэд зориулсан "Тэнгэр ээж минь өршөө" нэртэй хандивын тоглолтод мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Зүүн Үзэмчин хошууны уран бүтээлчдийн хамт оролцсон юм.
   Тэрээр цаашид Өвөр Монгол оронд хошин урлагийн жүжигчдийг бэлтгэх тал дээр илүү анхаарч хүч хөдөлмөрөө зориулан ажиллахаар шийдсэнээ хэллээ. Түүнчлэн Хөлөнбуйрын радиогийн нэвтрүүлэгч, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд суралцаж байгаа Буянхишигийн урилгаар бяцхан хүүхдүүдэд 7 хоногийн сургалт явуулахаар төлөвлөөд байна. Ийнхүү та бидний танил дотно жүжигчин Л.Чаминчулуун зуны налгар улиралд Өвөр Монгол шавь нартаа эрдэм мэдлэгийн охь шимийг түгээсээр  явна.

                                                                                   Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД

 

Найруулагч: Э.ҮРЖИНХАНД
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл