Эмч, сувилагч болон эмнэлгийн ажилчид өнгөрсөн 7 хоногт цалингаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж Эрүүл мэндийн яамны үүдэнд жагсаал хийсэн билээ. Энэхүү жагсаал өнөөдрийг хүртэл суултаар үргэлжилж Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар болон эрүүл мэндийн салбарын төлөөлөл Төв талбай дээр өдөр бүр суулт хийж байгаа юм. Тэгвэл энэхүү цалин нэмүүлэх жагсаалт суултад өнөөдрөөс эхлэн багш нар нэгдэж байгаа аж.
Энэ талаар өчигдөр УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа онцолсон байна. Тэрбээр “Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн н.Батзориг надтай ирж уулзсан. Түүний хэлснээр маргаашнаас /өнөөдрөөс/ сувилагч нарын ажил хаялтад багш нар нэмж сууна. Хичээл тараад амралт эхлэхийн өмнө цалингийн асуудлаа шийдүүлэхгүй бол гурван сарын дараа ямар ч асуудал шийдээгүй байна. Хэрвээ шийдвэрлэхгүй бол намар хичээлийн шинэ жил эхлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авна” гэж багш нарын байр суурийг дамжуулж байна. Харин миний хувьд “Шантааж маягаар асуудалд хандаж болохгүй. Засгийн газар асуудлыг шийдэхээр хэлэлцэж байгаа” гэв. Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон" гэж онцоллоо.
