
Хятадын төв хэсгийн Хэнань мужийн Аньян хотноо, ойролцоогоор 24 кв.км талбайтай Инь хэмээн нэрийдсэн эртний томоохон хотын туурь байх ба , энэхүү эртний хотын нэр нь дэлхийн соёлын түүхийн хуудаснаа үүрд тэмдэглэгдэн үлдсэн юм.
Эртний сурвалжид өгүүлснээр МЭӨ 14-р зуунд Шан улсын хаан Пань Гэн ниййслэлээ энд нүүлгэж авчирсан бөгөөд тус газар нь 300 гаруй жилийн турш Шан улсын улс төр, соёл, эдийн засгийн төв болсон байдаг. Анх 1928 онд Инь туурийг нээж малталга хийсэн ба эндээс хүрэл эд зүйлс, яст мэлхийн хуяг, амьтаны ясан дээр сийлсэн бичиг (Хятад нэршил нь: jiаguwen. Цаашид Ясан бичиг гэх. Орч) сэлт зэрэг асар их түүхийн олдвор олдсон нь археологийн түүхэн дэхь гайхамшигт нээлтүүдийн нэг болсон юм.
Ясан бичиг гэдэг нь яст мэлхийн хуяг эсвэл амьтны ясан дээр сийлж бичсэн эртний бичиг юм. Шан улсын хаад ноёд бурханд итгэж, буг чөтгөрт сүсэглэдэг байсан бөгөөд аливаа хэргийг бүтээхээс өмнө ямагт яст мэлхийн хуяг, амьтны ясаар сайн муу хувь заягаа төлөгдөн үзэж, төлгөнд буусан зүйлсээ ясан дээр тэмдэглэн үлдээдэг байжээ. Ясан дээрх тэрхүү бичгийг “ясан бичиг” гэж нэрлэжээ. Улмаар төлгөнд буулсан зүйлс биелэх үед тухайн зөгнөлийг тэмдэглэсэн хуяг юм уу ясыг албан ёсны архивын баримт болгон хадгалдаг байсан байна. Иймээс ч эдгээр цуглуулга нь Хятад улсын хамгийн эртний бичмэл түүхийн баримт болдог ажээ.
Ясан бичиг нь эртний хүмүүст нууцлаг зүйлсийн нэг байсан агаад ханз сийлбэртэй яст мэлхийн хуяг, амьтаны ясыг хүмүүс луугийн яс хэмээн бодож эмчилгээнд хэрэглэдэг байв. Энэ байдал 1899 онд Ван Ирун хэмээх наймаачин эр эдгээр нь нэгэн төрлийн эртний бичиг байна хэмээн мэдэх хүртэл үргэлжилсэн гэдэг ба энэхүү нээлт нь археологичид, хэл шинжлэлчдийн анхаарлыг татсанаар тэдгээрийг судалж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар малтлагаар нийт 150 000 гаруй яст мэлхийн хуяг, амьтаны яс олдсон ба нийт 4 500 орчим ханз олдоод байгаагаас 1000 гаруй ханзыг тайлж уншсан байдаг. Эдгээр ханз бичгүүдийг судалснаар тухайн эртний цаг үед бичиг үсгийн сайтар хөгжсөн тогтоцтой байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.
Ясан бичиг нь нэн эртний үнэлж баршгүй үнэт түүхэн олдворын хувьд 3000 гаруй жилийн тэртээх Хятадын нийгмийн улс төр, эдийн засаг, соёлын талаарх мэдээллийг хадгалан үлдээсэн юм. Ясан бичиг нь Хятадын эртний түүх, ялангуяа Шан улсын үеийн түүхийг судлах хамгийн чухал шууд материал болсоор ирсэн бөгөөд өнөөдөр ясан бичгийн судалгаа нь дэлхий хэмжээний судлал болтлоо хөгжөөд байна.
