solongonews
Өнөд тэмдэглэн үлдээх өв соёлын эрдэнэс
2017-06-14 11:25
Шилийнгол аймгийн биет бус соёлын өвийн тухай хураангуй хүүрнэл

Шилийнгол аймаг нь нүүдлийн монгол соёлын өнөр их нандин өвтэй нутаг юм. Энэ нутгаас дэлхий, улс орон аймгийн зэрэглэлд бүртгүүлсэн биет бус соёлын өв өргөө цагаан монгол гэр, хасаг тэрэг, уртын дуу, монгол бөх, цоор дуу, морин хуур, хувцас засал гээд олон байдаг. Цэцэн ухаалаг ард иргэдтэй Шилийнгол аймаг арваад жилийн турш балрах шахсан соёлын өвөө бүртгүүлэн хамгаалж, батжуулан хөгжүүлж байгаа юм. Эдгээр олон биет бус соёлын өвөөс ганц хоёрыг жишээ татаж нарийвчлан яръя.

Сүүлийн жилүүдэд дэлхийн нийт монголчууд хүн төрөлхтөн шилдэг соёлын өв болох монгол уртын дуугаа хамгаалах талаар олон төрлийн арга хэмжээ авснаар монгол уртын дуу дэлхийн биет бус соёлын өв болж хамгаалагдсан юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монгол ардын уртын дууг залуу үед өвлүүлэн эзэмшүүлэх, дуулах эрдэмд сургаж, бүх нийтээр үндэсний бахархалын зэрэглэлээр дээдлэн дэлгэрүүлж, монгол үндэстэн, монгол хүний нэрийн хуудас, төр ёс, баяр цэнгэл, хэв заншлын журамт шинж болгох өргөн олны хөдөлгөөн өрнүүлэхийг нийт ард иргэд, аймаг, нийслэлийн, төрийн болон төрийн бус байгууллга, соёл урлагийн ажилтан, зүтгэлтэн, эцэг эх, багш нарт уриалсугай.
2. Уртын дууг сурвалжлан олох, сурган эзэмшүүлэх, судлан шинжлэх, сурталчлан даяаршуулах цогц асуудлыг тусгасан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг засгийн газарт чиглэл болгосугай гэсэн байдаг. Монгол үндэстэн Лаазав, Буяндэлгэр, Зууннаст нар дууны мэргэжлийн талаас “Тулгын гурван чулуу”, “Монгол ардын уртын дууны мэргэжлийн хувьд жинхэнэ профессорын зэрэгт яригдах гурван хүн” гэж ярьдаг. Үзэмчин уртын дууг урлагийн тайзанд хамгийн анх дуулсан хүн нь Өвөр Монголын алдарт ахмад уран бүтээлч, дархан дуучин Мээдэг болно. Тэрээр 1949 онд 18 настайдаа Өвөр Монголын хамгийн анхны уран сайхны бүлгэмд дуучнаар элсэж улсын гадаад дотоодод тоглож, Үзэмчин ардын уртын дуугаа дэлхийд дуурсгаж, 2006 онд уртын дууны улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагчаар нэрлэгджээ. 2005 онд Зүүн Үзэмчин хошуу 1000 хүний уртын дууны тоглолт хийж, 5000 хүний найрал уртын дууг амжилттай зохион байгуулсан юм. 2007 онд Зүүн Үзэмчин хошуу “Өвөр Монголын Өөртөө Засах Орны монгол уртын дууны нутаг”-аар үнэлэгдэж, 2008 онд “Хятад улсын монгол үндэстний уртын дууны нутаг”-аар нэрлэгдсэн ба “Хятад улсын монгол үндэстний уртын дуу судлах суурин газар” болсон юм. Баруун Үзэмчин хошуу 2008 онд Өөртөө Засах Орны соёлын танхимаас “Үзэмчин уртын дууны нутаг” гэсэн нэрийг олгож, Сөнид Зүүн хошуу улсын зэрэглэлийн “Уртын дууны суурин газар”-аар нэрлэгдэв.

Шилийнгол аймаг монгол уртын дуугаа өвлөн залгамжилж, дэлхийн сонорт хүргэхээр уртын дууны уралдаан тэмцээн зохион байгуулах, сургалт явуулах, нийгэмлэг байгуулах, материал цуглуулах, монголоор хичээллэдэг сургуульд уртын дууны анги нээх зэрэг аль болох олон арга хэмжээ авч, биет бус соёлын өвийг хамгаалах буюу уламжлан залгамжлах ажил явагдаж, үндэстний соёлын хөгжлийг өргөтгөсөөр байна.

Шилийнгол аймаг нь Үзэмчин, Цахар, Сөнид, Авга зэрэг дөрвөн их хошуунаас бүрдэж, тэдний хувцас чимэглэл нь бүгд адилгүй байдаг.

Үзэмчиний уламжлалт хувцас чимэглэл нь хатгамал, шаглаа, зүү ороох болон төрөл зүйл, хэлбэр янз, өнгө төрх, нарийн оёдол нь дэлхий нийтэд гайхагддаг. Уламжлалт Сөнид монгол хувцас нь эрт дээрээс дан цул өнгийн бөс даавуугаар гадарлаж, нарийхан ганц эмждэг бөгөөд заам энгэр, суга, ташаанд хоёр буюу дөрвөн товч хаддаг байв. Авга монгол хувцас нь Сөнид, Цахар загварын хувцастай ойролцоо байдаг ч хувцас чимэглэлийн өмсгөлөөс харвал өвөрмөц онцлогтой байдаг. Өмнө нь Авга хошууны хойд хэсгээр том сагсгар ханцуйтай, элбэг урт дээл өмсдөг байсан бол өмнө хэсгээр бага зэрэг сагсгар ханцуйтай, урт дээл өмсдөг байжээ. Цахар монгол хувцсанд манж хувцасны нөлөө орж, сугаараа бариу, нарийн эмжээртэй байсан бол одоо харин цаг үеийн өөрчлөлтөөс товч эмжээр нь Авга Сөнид загвартай болжээ.

Шулуун хөх хошууны Соёлын ордныхон уламжлалт Цахар хувцас чимэглэлийн соёлоо уламжлан залгамжлахын тулд 65 наснаас дээш уран оёдолчдоос асууж судлан, уламжлалт цахар хувцасны соёлыг ойлгон, уламжлалт цахар хувцас чимэглэлээ бодисын бус соёлын өвд тэмдэглэж хийснээр уламжлалт цахар хувцас нь 2008 онд аймгийн зэрэглэлийн биет бус соёлын өвд жагсаж, 2010 онд орны зэрэглэлийн биет бус соёлын өвд тэмдэглэгдэж, 2014 оны 12 дугаар сард улсын зэрэглэлийн биет бус соёлын өвд жагсжээ.

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн гоёл чимэглэлийн хэрэгцээ шаардлагад зохицуулан хэв загварт шинэчлэлт хийж, үндэстний хувцас чимэглэлийн аж үйлдвэрийн замаар замнаж байгаа ч уламжлалт монгол хувцас чимэглэлийн газар нутгийн онцлог, аймаг угсааны ялгаа, энгийн, ёслолын гэх зэргээр уламжлан залгамжилж, уламжлалт хувцас чимэглэлийн соёлыг хамгаалж яваа юм. 

Өвөр Монголын Монгол үндэстний хувцас чимэглэлийн урлагийн наадмыг 2003 оноос зохион байгуулж, Монгол үндэстэн нь хувцас чимэглэлийг судлан хөгжүүлэх, үйлдвэрлэх, аялал жуулчлалаар үндэстний соёлыг хөгжүүлж, Шилийнгол аймгийн монгол хувцас чимэглэлийн уралдаан зохион байгуулах буюу соёл аялал жуулчлалын наадмын хугацаанд хувцас чимэглэлийн загварын үзүүлбэр зэрэг олон арга хэлбэрээр хувцас чимэглэлийн соёлыг солилцож, монгол үндэстний хувцас чимэглэлийн соёлын нэрийг бүтээж байна.

Одоо Шилийнгол аймагт дэлхийн зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн нэг, улсын зэрэглэлд бүртгүүлсэн 13, Өртөө Засах Орны зэрэглэлд бүртгүүлсэн 99, аймгийн зэрэглэлд бүртгүүлсэн 195 байна. Аймгийн хэмжээнд улсын зэрэглэлийн өвлөн уламжлагч 2, орны зэрэглэлийн өвлөн уламжлагч 94, аймгийн зэрэглэлийн өвлөн уламжлагч 306 байгаа юм.

Зохиогч: Содбилэг
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл