
Хуралдааны эхэнд дээрх хуулийн төслүүдээр Байнгын хороод тус бүртээ хэлэлцүүлэг явуулж, санал дүгнэлтээ ирүүлснийг уншиж танилцууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Н.Оюундарь уншиж танилцууллаа.
Санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар асуулт асуулаа. Тэрбээр “Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуультай холбогдуулан нэг асуулт гарч байна. Олон улсын гэрээний тухай хуульд “улсын” гэдэг эрх зүйн субьект явдаг. Монгол Улс өөр оронтой гэрээ хийж байна гэсэн үг. Гэтэл энэ хуулиудад бүгдээрэнд нь “төр” гэж оруулах юм бол эрх зүйн томьёоны хувьд хооронд нь зөрчил гарах юм бишүү. Хуулийн нэр томьёогоо жигдлэхгүй бол нэг ойлголтыг хоёр өөр томьёогоор хэрэглэж байна. Үүнийг уялдуулж өгөх хэрэгтэй байна” гэсэн асуултад Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хариулт өглөө.
Дараа нь санал хураалт явуулж, дээрх таван хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.
Мөн Байнгын хорооны дарга Ж.Энхбаярын гаргасан анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлуулья гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.
