solongonews
Хийморь сэргээх морины уралдаан
2017-02-27 16:37
Хийморь сэргээх сар шинийн морины уралдаан

Хоёрдугаар сарын 11-ний өдөр Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Шауд багийн малчин Давхарбаярын хот усанд хөл хөдөлгөөн ихтэй хол ойроос ирсэн уяачид удахгүй болох морины уралдаанд оролцохоор тун завгүй харагдана.

Энэ удаагийн өлзийт өдрийн морины уралдааныг Баянхошуу сумын Шауд багийн малчин Давхарбаяр болон Хоолтын гол суурингийн Баянхошуу багийн малчин Сондоо нар хамтран зохион байгуулсан бөгөөд уралдаанаа “Сэргэлэн хараат” цагаан сарын арван тавны эмээлт морины уралдаан хэмээн нэрлэсэн байна. “Уралдааныг Сондоо бид хоёр хувиараа хоёр хонь, мянга гаруй юань гаргаж зохион байгуулсан. Уралдаанд оролцсон мориноос нэг морины 100 юань хурааж шагналын шанг бүрдүүлсэн. Уралдаанд оролцох морио үүлдрийн морь ба нутгийн морь гэж ялгаагүй. Бүртгүүлсэн морьдыг бүгдийг оролцуулсан” гэж Давхарбаяр ярив. Энэ удаагийн уралдаанд хөрш зэргэлдээ сум суурин болон Зүүн Үзэмчин хошуу зэрэг газраас 20 шахам уяач ирж оролцсон байна. Үдээс өмнө 10:00 цагт уяачид морьдоо авч 12.5 километрийн цаана байрлах гарааны зүг мордлоо. 10:30 цагт уралдаан эхлэхэд морьд гарааны цэгээс харвасан сум мэт сугаран гарч, цас будруулан давхихад хурдан хүлгийн давхианд цаст тал нойрноосоо сэрж, малчин ардын сэтгэл тэнийнэ. 12.5 километрийн зайд хурдалсан хүлгүүд хойно хойноосоо барианы газар орж ирэхэд малчин Сэндоогийн Тунляо хотоос 50 мянган юаниар худалдан авсан азарга морьдын дундаас сугаран гарч тэргүүлэн, малчин Манлайн морь аман хүзүүдэж, малчин Давхарбаяр, Жавхлант, Чулуугийн морьд айргийн тавд ирж билээ. Уралдааныг зохион байгуулагч тэргүүн морио халуун хошуут хонины дээр 200 юаниар шагнаж, аман хүзүүг халуун хошуут хонь, 100 юаниар шагнаж, гурав дөрвөд орсон морьдыг тус бүр 400, 300 юаниар шагнаж, 5-аас 8-д орсон морьдыг 200 юаниар шагнасан байна. “Уралдаанд олон морь ирэхээр байсан. Гэвч өмнөх хоёр өдрийн салхи шуурганд зарим газрын зам хаагдсанаас хэсэг уяачид ирж амжсангүй. Өнөөдөр уралдаанд оролцсон морьд хэдийгээр цөөхөн байсан ч цагаан сарын арван тавны энэхүү өлзийт өдөр хүлэг морьдоо хурдлуулан хийморио сэргээсэндээ их баяртай байна” хэмээн малчин Давхарбаяр сэтгэл хангалуун ярьж билээ.

Мөн тус хошууны Жирийнгол суурингийн Булаг багт 2 дугаар сарын 12-ны өдөр морин уралдаан болж, тус хошууны бүх сум суурин, Зүүн Үзэмчин, Авга хошуу зэрэг газраас ирсэн 50 шахам морь уралдаанд хурдалсан байна. Цагаан сарын үеэр морь уралдуулах зан үйл нь эртнээс уламжилж ирсэн юм. Цагаан сараар морь уралдуулах нь малчдын шинэ жил цагаан сарын баярын чухал нэгэн үйл ажиллагаа бөгөөд “Морины уралдаан үзвэл хийморь сэргэнэ” гэж бэлэгшээн, уралдаанд оролцогсдынхоо урмыг сэргээнэ хэмээн мал унаа буюу эд бодисын шагнал өгдөг байна. Талын уудамд адуу малаа адуулж явдаг малчин түмэн минь шинэ жил цагаан сарын хугацаанд ингэж морины уралдаан зохион байгуулж, ах дүү садан, найз нөхөдтэйгөө наргиж, бие сэтгэлийн ядаргаа чилээгээ тайлах нь тэдний нэгэн хав цэнгэл, зол жаргал болдог ажээ.

Зохиогч: Хад, А·Эрхэмбат
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл