Х.Өлзийт багшийн “Монгол ардын аман хэллэг зүйр цэцэн үгийн түүвэр” номыг бэлэглэх үйл ажиллагаа 6 дугаар сарын 3-ний өдөр Өвөр Монголын Багшийн Их Сургууль дээр боллоо. Уг үйл ажиллагааг Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Олон улсын солилцооны дээд сургуулиас зохион байгуулж, Х.Өлзийт тус сургуулийн 20 Монгол Улсын оюутанд номоо бэлэглэсэн байна.
Архорчин хошууны уугуул Х.Өлзийт 42 жил багшийн ажилд зүтгэж явсан нэгэн. Тэрээр ажлынхаа хажуугаар хэлц үг, зүйр цэцэн үг цуглуулж “Монгол ардын аман хэллэг зүйр цэцэн үгийн түүвэр” номоо бүтээсэн байна. Тус номд 16000 зүйр цэцэн үгийг багтаасан бөгөөд одоогоор 5100 ширхэг хэвлээд байгаа юм байна.
- Бэлэг бэлгийн дээд номын бэлэг авсандаа их олзуурхаж байна. Монгол соёлын маань үнэтэй зүйлсийн нэгэн зүйр цэцэн үгээ мэдэж ярьж байх нь залуус бидний бахархал. Х.Өлзийт багшдаа маш их баярлаж байна хэмээн н.Бат-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа.
Х.Өлзийтийн монгол соёлоо дэлгэрүүлэх зорилготой ном бэлэглэх үйл ажиллагаа өнгөрсөн жил буюу 2015 оноос эхэлсэн байна. Х.Өлзийт өөрийн сурагч Мөнхдалайгийн хамт номоо хандивлаж бэлэглэх ажиллагаа зохион байгуулж Өвөр Монголын аймаг хотууд, Гирин мужийн Өмнөд Горлос, Ляонин мужийн Монголжин зэрэг газруудаар тараажээ.
- Номоо монголчуудынхаа гарт хүргэхээр чадан ядан зүтгэж байна. Зүйр цэцэн үг нь монголчуудын хэл соёлын үнэт өв, тэр ч утгаараа үр хойчдоо өвлүүлж уламжлах нь зүйтэй. Сүүлийн үеийн хүүхдүүд онч мэргэн үг, зүйр цэцэн үгийг төдийлөн сайн мэдэхгүй болж, хэлний ядуурал болоод байгаа нь харамсалтай санагдлаа. Хойшид болж өгвөл номоо кирилл үсгээр хөрвүүлж нийт монголчууддаа хүргэхээр төлөвлөж буйгаа Өлзийт багш илэрхийллээ.
