Монгол үндэстний язгуур урлагийн уран бүтээлч Дэлхий болон Японы жааз хөгжимчин Jun Miyake нар Хөххотноо хамтарсан тоглолтоо саяхан хийж, шилдэг бүтээлээсээ дээжлэн үзэгч пэнүүддээ бэлэг барилаа. Жааз хөгжмийг сонсогчдод таниулах, жааз хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхээр Дэлхийгийн урилгаар Jun Miyake алсын Америк орноос Өвөр Монголыг зорин иржээ.
Японы жааз хөгжимчин Jun Miyake нь Америкт амьдардаг Япон хүн бөгөөд Киотогийн Их Сургуулийн жааз хөгжмийн чиглэлээр төгсөж, Америкийн Беркли Их Сургуульд мэргэжил дээшлүүлжээ. 90 оны сүүлээс Япон болон Манхеттеноор олон арван удаа тоглолт хийжээ. 2012-2013 оны хооронд Япон улсад хоёр удаагийн аялан тоглолтоо хийсэн бол 2014 онд Америкийн Калифорни муж улсаар аялан тоглолтоо хийж байжээ.
Олон жил монгол үндэстний язгуур урлаг болон язгуур урлагийг дэлхийн орчин үеийн хөгжимтэй уялдуулан тоглох талаар судалсаар ирсэн уран бүтээлч Дэлхий хөөмий, морин хуур, цоор, аман хуур, модон цоор, олон төрлийн бөмбөр тоглохоос гадна шударга, шанаган хуур, монгол бөмбөр зэрэг гээгдэж орхигдох шахаад байгаа язгуур хөгжмийг байгалиас заяасан авьяасаараа өөрийн болгосон бөгөөд олон төрлийн дуулах болон хөөмийлөх мэргэжлийг эзэмшжээ. Дэлхий тайзан дээр тоглохдоо орчин үеийн дуу бичлэгийн аргаар тухайн талбайд олон хөгжмийг шингээн нийлүүлэн хөгжимдөн дуулж ганц хүний хамтлагийг үүсгэснээрээ онцлог юм.
Дашрамд дурдахад хоёр уран бүтээлч маань он гараад Америк орноор хамтарсан аялан тоглолтоо хийхээр болсныг дуулгахад таатай байна.
