solongonews
Ж.Нандинцэцэг: - Сурагчдынхаа аз жаргалтай, амжилт дүүрэн яваагаар бахархдаг
2017-11-01 19:58
Дэлхийн аль улс орны хувьд өөрсдийгөө олон дахин үржүүлж чадах арга бол мэдлэг, түүнийг авах хамгийн дөт хэрэгсэл нь гадаад хэл. Үүнийг улс орнууд эртнээс ойлгож, төрөлх хэлээ сурах, цаашлаад өөр орны хэлийг бүрэн сурч эзэмших шаардлагатай болж байна.

      

Энэ зорилго эсвэл өөрийн сонирхолд хөтлөгдөн гадаад хэлний сургалттай сургуулиудаас сонгож суралцах суралцагчдын тоо нэмэгдсээр байна. Монгол Улсын Улаанбаатар хотод"Үй Цай" хятад хэлний сургууль,” Хишиг” хятад хэлний бүрэн дундад сургууль зэрэг нэлээд хэдэн сургууль байдаг.

Гадаад хэлээрээ дамжуулж хүн төрөлхтний хуримтлуулсан их мэдлэгийн сангаас хэрэгтэй эрдэм мэдлэгийг сурч, энэ мэдлэг ур чадвараа эх орон, ард түмэн, өөртөө зориулах гэсэн хүүхдүүдийн, эцэг эхчүүдийн нандин мөрөөдөлд жигүүр ургуулж яваа “Хятад-Монголын Найрамдал” сургуультай танилцах хүсэлтэй энэ сургуулийн захирал Ж.Нандинцэцэгтэй ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сургуулийнхаа талаар танилцуулна уу?        

Монгол Улсад суугаа БНХАУ-ын Харьяат иргэдийн нийгэмлэгээс 1964 онд Монголд оршин суугаа цагаач иргэдийн хүүхдийг сургах зорилгоор тус сургуулийг анх ”Хятад иргэдийн сургууль” нэртэйгээр байгуулсан юм. 1990-ээд оноос монгол хүүхдүүд манай сургуульд сурч эхэлснээр 1999 онд бие даасан хятад дунд сургуулийг байгуулж, сургуулийнхаа нэрийг өөрчлөн, ”Монгол-Хятадын Найрамдал” сургууль гэж нэрлэх болсон. Одоогоор 12 хичээлийн анги 500 гаруй сурагч, 40 гаруй багш ажилтантай.

Хичээл нь ямар зарчмын дагуу явагддаг вэ?

Монгол хичээлийн стандартын хичээл бүгд ордог. Дээр нь нэмээд хятад хэлний хичээл ордог болохоор бусад энгийн сургуулиас өдөрт нэгээс хоёр цаг илүү ордог.

”Монгол-Хятадын Найрамдал” сургуулийг сонгох давуу тал?

Манай сургууль Монгол Улсад байгуулагдсан анхны хятад хэлний сургууль. Манай сургуульд бага, дунд, ахлах ангийн 21 бүлэгт 500 гаруй сурагч суралцаж, амралтын өдрүүдэд хятад хэлний давтлагын 8 ангид 100 гаруй хүүхэд хичээллэдэг. Сурагчдын 90 гаруй хувь нь монгол хүүхдүүд байдаг. Найрамдал гэдэг нэртэй сургууль утгаараа сурлагын төлбөр хамгийн бага гэж хэлэхэд болно. 2012 онд урлаг, спортын танхим ашиглалтад орсон. Манай хүүхдүүд хичээлээс гадна уралдаан тэмцээнд оролцож сайн амжилт гаргадаг. Жишээ дурдахад, 2014 он БНХАУ-ын Шиамэн хотод зохиогдсон ”Хятадын соёлын тэмцээн”-д Монгол Улсаа төлөөлж 3 дахь удаагийн аварга, 2015 онд Олон улсын хятад хэлний ”Гүүр” тэмцээнд манай сургуулийн Г.Анударь Азийн аварга болсон. 2016 онд Олон улсын хятад хэлний ”Гүүр” тэмцээнд манай сургуулийн сурагч С.Эрдэнэ-Очир Азийн аварга болсон. 2016 онд Хятад улсад зохиогдсон ”Хятадын соёлын тэмцээн”-д манай сурагчид Монгол Улсаа төлөөлж 5 дахь удаагийн аварга болж байлаа гэх мэтчилэн маш олон амжилтууд байдаг. Сурагчид ”Монгол-Хятадын Найрамдал” сургуульд байх хугацаандаа хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтаа өгчихдөг болохоор их дээд сургуульд ороход ямар ч бэрхшээл байхгүй. HSK 5,6-р зэргийг авсан тохиолдолд их дээд сургуульд ороод бэлтгэл ангид орох шаардлага байхгүй, шууд мэргэжлээ сурах боломжтой.

Танай сургууль Хятад улсын их дээд сургуулиудтай хэр харилцаатай байдаг вэ?

Манай сургууль Гуанжөүгийн Жинань их сургууль, Шиамэний Хуа Чио их сургуулиудтай хамтын ажиллагаа явуулдаг. Манай сургуулиас төгссөн сурагчид эдгээр сургуулиудад багшийн мэргэжлээр тэтгэлгээр сурч болно. Жил бүр манайд хуваарь ирдэг. Энэ нь мөн манай сургуулийн давуу тал болж болох юм.

Сургалтын төлбөр?

Монгол боловсролын системээ бүрэн эзэмшсэний дараа гадаад хэл англиар ордог. Хятад хэл болохоор хятад сургууль гэдгээрээ хятад хэлийг тусгай хичээлээр сурдаг. Төлбөрийн хувьд манай сургууль хамгийн бага. Хэлний сургууль, мөн ”Найрамдал” нэртэй утгаараа төлбөрөө хүрэлцээтэй хэмжээнд авдаг. Багш нараа цалинжуулах, байрны дулаан цахилгааны зэрэг төлбөрөө гаргаж байхад болж байна. Бараг сая найман зуун мянган төгрөг орчим л байдаг даа.

Сурах бичгээ яаж шийддэг вэ?

Хятад хэлний номоо Хятад улсаас захиалж авчирдаг.

Олон жилийн туршид Монгол, Хятад хоёр улсын хооронд эв найрамдлын гүүр болж, Монгол, Хятад хос хэлтэй чадварлаг боловсон хүч бэлтгэсээр ирсэн байна?

Хүүхдүүд минь төгсөөд шууд орчуулагч хийх боломжтой. Дотоод гадаадын их дээд сургуульд сурна. Тэд ирээд хоёр улсын найрамдлын гүүр болж байдаг.

Боловсролын салбарт оруулсан олон жилийн хүчин зүтгэлийг  тань үнэлээд маш олон медаль таны энгэрийг чимж байна. Танилцуулбал?

2011 онд Монгол Улсын төрийн дээд шагнал ”Алтан гадас” одонгоор шагнуулсан. Тэр жил Хятадын Засгийн газраас “Хүндэт баярын бичиг” зэрэг хоёр том шагнал гардуулсан. Сургуульд хорин жил захирлаар ажилласан. Эхлээд соёлын талын ажлыг хариуцаж байсан. Урлагийн талаар манай сургуулийн, миний бэлтгэсэн хүүхэд дэлхийд 3-р байранд орж байсан. 90-ээд оноос хүүхдүүдэд хятад нот, хятад дуу заадаг байсан. Хонконгийн хөрөнгө оруулалтаар 13 багшийг дээд боловсролд бэлдсэн. Манай сургуульд хятад хэлний магистр багш 6 байна. Ялангуяа хятад улсад нэр хүндтэй багш хүний хувиар томоохон арга хэмжээгээр намайг урьж оролцуулдагт бахархдаг. Ер нь боловсролын салбарт оруулсан хүчин зүтгэлийг үнэлээд Хятад, Монголын талаас намайг хүндэлж, миний ажлыг их дэмждэгт баярлаж явдаг юм.

Гэр бүлээ танилцуулаач?

Ам бүл зургаа, гурван охин нэг хүүтэй. Нөхөр маань Монгол Улсад суугаа БНХАУ-ын Харьяат иргэдийн зөвлөлийн тэргүүнээр олон жил ажиллаж байна. Том охин Хонконгод ажиллаж байна.  Дунд хоёр нь Монголдоо байна. Бага охин Бээжин хотод байна. Гурван охины хоёр нь багшийн мэргэжлээр Гуанжөүгийн Жинань Их Сургуулийн магистр төгсөөд ажиллаж байна.

Олон шавь нараараа зөндөө бахархдаг байх?

Тэгэлгүй яах билээ. Энэ сургуульд олон жил ажилласан. Олон хүүхэд гайгүй сайхан ажиллаж яваа. Хоёр орны бизнес талаас ч хувь нэмэр оруулж байгаа нь олон бий. Компанийн захирал ч байгаа. Сургуулийн нэрийг гаргаж яваа сайн сайн хүүхдүүд бэлтгэсэндээ баярлаж явдаг.

Ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

Баярлалаа.

Зохиогч: Ц.Урантунгалаг, Т.Буянхишиг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл