“Хүний амьдрал гэж хүсэл тэмүүлэл дүүрэн бол хүчилсэн үйлс нь ч гэгээн саруул” хэмээх гүн ёсыг эрт ухаарсан хүн өрсөлдөөн ихтэй энэ нийгэмд оршин тогтнож чадна. Ойрын өдрүүдэд Сөнид Баруун хошууны Сайхантал суурингийн Дөхөм багийн эгч дүү хоёрын хамтран ажиллуулсан “Баян Дөхөм” мах махан бүтээгдэхүүний дэлгүүр нь таван сар гаруйн хугацаанд 200-аад мянган юанийн орлого олсон гэх сайхан чимээ дууллаа.

Мөнгөнхуяг
Энэ эгч дүүсийг Мөнгөннавч, Мөнгөнхуяг гэдэг. Хоршооны эзэн Мөнгөнхуяг Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг төгссөн байна. Тэрээр хөдөө орон нутгийн үйлдвэрлэл амьдралыг сайн мэддэг болохоор эгч Мөнгөннавчтайгаа хамтран 2012 онд 9 өрхийн 14 хүнээс бүрдсэн “Баян Дөхөм тэжээж үржүүлэх хоршоо”-г байгуулж, бүс нутгийнхаа хонь үхрийн махыг боловсруулахын зэрэгцээ хоршоогоороо дамжин хонь үхрийн махаа зах зээлд гаргажээ. 2014 онд багийнхаа Суваргын Энгэр гэдэг газарт 1.8 сая юанийн хөрөнгө оруулан, 600 гаруй метр кв.м талбайтай хашаа хороо, 1600 гаруй кв.м талбайтай тэжээж үржүүлэх задгай хашаа болон зориулалтын мах хатаах газар, албан газар зэрэг дэд бүтцийг бүтээн байгуулжээ. Өнгөрөгч жил мянга гаруй хонь хурга, арваад үхрийг өндөр үнээр борлуулжээ. Энэ жил “Сөнид Эрдэнэ” хэмээх бүтээгдэхүүний нэрийг бүртгүүлж, орон нутгийнхаа хонь үхрийн цэвэр махыг шууд борлуулахаар болгов. Боодол баглааг нь сайжруулан, хонь хурганы яс махыг олон төрөлд ангилан, Хөххот, Бээжин, Чэндү зэрэг газарт шууд борлуулдаг нь үүднээсээ зарснаас илүү үнэ хүргэсэн байна. Мөн Хөххотын “Монгол хот” худалдааны төвд “Ордон” нэртэй Сөнид хонь үхрийн махны дэлгүүр нээжээ.
- Манай хоршоо нь хараахан төгс болж амжаагүй ч зоригтой ажилласаар байна. Саяхан Хөххотод 260 мянган юанийн хонины махны гэрээ байгуулсан. Одоо үхрийн махаа борцлохоор бэлдээд байна гэж Мөнгөнхуяг ярив.
