solongonews
Эгэл амьдралын диваажин №3:Цөөхөн өдрийн тэвчээр зуун жилийн жаргалын үүд
2015-12-28 18:21
Савны хорт хавдар ч зарим тохиолдолд архи, тамхинаас үүдэлтэй үүсдэгийг анагаах ухаан нотолсон .
Үр хүүхдүүддээ үзэгдэж, тэднийхээ сайн сайхныг харж хүртэж, хань ижлээ бөөрөндөө дагуулан хамтдаа өтлөхийн жаргалыг хүсэхгүй хэн байхсан. Эрүүл явбаас энэ эрхэм тавилан илбэ шид лугаа хэцүү  юм бишээ. Архинаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэж байгаа, цаг бусаар ертөнцийн амьдралаас буцаж байгаа, элдэв осолд өртөж, эрхтэн дутуу, эмгэг дорой нэгэн болж, хөдөлмөрлөх чадваргүй, удаан наслах тэнхэлгүй хүмүүсийн тоо өсч байгаа нь хувь мэдлэг ухамсар, сонголт, шийдэлтэй холбоотой. Архины орц найрлаганд байдаг хорт бодисууд залгиур эрхтэн, улаан хоолой, ходоод, элдэв хорыг шүүх зориулалттай элэг, дэлүү, цөс, нойр булчирхайнд нөлөөлж гэмтээдэг.
 
Тэр ч бүү хэл савны хорт хавдар ч зарим тохиолдолд архи, тамхинаас үүдэлтэй үүсдэгийг анагаах ухаан нотолсон. Архи, тамхи аль аль нь өөртөө шунан дурлуулж, ахин дахин дасгаж, аандаа донтуулан оосорлож авах айхтар хорлонтой ад нөлөөтэй. Таны амь нас, аз жаргал, эрүүл мэндийг боомилох энэ гинжийг мулт татан хаях түлхүүр гагцхүү таны сэтгэлд байгаа. Тэвчээр, ухааралд тань байгаа. Цөөхөн өдрийн тэвчээр зуун жилийн жаргалын үүд нь болдог юм. Үүнийг амьдралаараа батласан хүмүүс олон. Ертөнцийн нарыг эрүүл нүдээр хараагүй шахам 5 жил архинд нэвчиж, амьдралаа алдаж, сүүлдээ архинд идэгдсэн биеэ даахаа больтол өвчинд нэрвэгдсэн эмэгтэйн тухай Наркологийн эмч нар өгүүлж байсан.  
Эвий муу хүү охин хоёр нь ээжийгээ гудамнаас шал согтуу олж, татаж босгон сугадаж, чирэх шахуу гэрээ бараадуулна. Ингэж явахдаа тэр бяцхан үрс хүмүүсээс хичнээн ичээ бол? Согтуу эхийнхээ өмнөөс нүүр хийх газаргүй дальдчиж, хичээлдээ муудан муу авах нь олширч, гэртээ харихаас ч дургүй нь хүрч, сэтгэлийн гунигтай явах болцгоож. Гэрээ цэмбийлгэчихээд, халуун хоол цай зэхэн үрсээ хүлээж, ороод ирэхэд нь өөдөөс нь инээж угтах ижий нь ийм энэлэнт байдалд орсон болохоор амьдрал нь там болж хувирчээ. Эцэст нь үхлүүт хүн эмнэлэгт ирж, хордлогоос гарах гэж олон хоног зарцуулсан гэдэг. Үхээд,  арай гэж сэхсэн энэ эмэгтэй харин дахиж сархад зооглохоо больж, тарчигхэн ч гэлээ гэртээ эрүүл саруул өнжиж, хоёр муу үрийнхээ зулайг тэнийлгэсэнийг сонсоод хөмсөгөө зангидан, духаа үрчийлгэн эмчийн яриаг сонсож суусан би хүртэл нүүр тэнийн баярласныг яана. Энэ үнэндээ аймшигт баримт. Арай ч дээ юу гэж иймдээ тулах вэ дээ гэх хүн бас бий. Хүн өөрийгөө хөндлөнгөөс харж чаддаггүй. Өөрийн өө сэвээ олж харах сэтгэлийн нүд нь харалган байх нь ч бас бий. Аливаа зүйл хэмжээ хэтрэхээрээ хор болдог. Өөртөө дасгадаг хорлонт сархад айл гэрийн амьдралыг бусниулж, алаг үрсийг шархлуулан өнчрүүлж, эрүүл биеийг тарчлаан өвчлүүлж, гоо үзэсгэлэнг гутаан сарниадаг. Амьдралын гуниг, гомдол цөхрөл, алив хагацлыг нимгэлэх шалтгаан болгож архийг битгий сонгоорой. Аз жаргал, амжилт ерөөх идээний дээж боловч ад зэтгэрийн хорлол  тэр л шилэнд хамт тээгддэгийг үргэлж санаарай. 
 
Гэгээ
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл