Жижигхэн гартаа бөмбөр барин сажлуулж, “тожир тожир” дуугарах дуунд нь баясан инээх охин үрээ хараад О Жян Юүний сэтгэлд жаргал дүүрнэ. Өөрийн гараараа охиндоо наадмын бөмбөр хийж өгөхөөр О Жян Юүнь хүчээ шавхжээ. Гагцхүү бүрээсийг нь хийхэд хонины арьсыг идээлж элдэн хэдэн өдрийг авсан байв. Эцэс нь хийсэн бөмбөр нь охины гарт дуугарч, инээд баяслаар бялхсан охиноо хараад сая жаргалын амтыг бүрмөсөн мэдрэх шиг болсон аж.
Ингэж нэг бөмбөр хийснээс хойш О Жян Юүньд нэгэн санаа төржээ. Малын арьсыг элдэж нимгэлэн, цаас шиг болгоод зураг зурж, уран бичлэг бичих зэрэгт маш сайн материал болж мэднэ гэж бодон монголчуудын уламжлалт аргаар арьс боловсруулах ажлаа эхлүүлсэн байна. Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургуулийн уран зургийн салбараас төгссөн Түшээт нутагтай энэхүү монгол залуугийн хувьд арьс элдэж боловсруулах нь анх гар дүрж байгаа шинэ ажил боловч цаас болгон гаргасан арьсан дээрээ зураг урлал чимэглэж, гар урлалын бүтээгдэхүүн болгох нь харин түүний хувьд хялбар ажил ажээ. Тэрээр өнгөрсөн оноос эхлэн арьс элдэх ажилтай болж, жил гаруйн хугацаанд 200 гаруй хонь ямааны арьсыг элдсэн байна. Түүний арьс элдэх арга нь уламжлалт аргын суурин дээр бага зэрэг өөрчлөлт хийж, элдэж гаргасан бүтээгдэхүүн нь ч арьсыг хөвсгөр зөөлөн болгохдоо биш, харин цаас маш нимгэн цул арьсан бүтээгдэхүүн болгох зорилготой байжээ. Арьсаа идээлж нимгэлэхдээ уламжлалт аргыг химийн эмээр идээлэх аргаар орлуулж, элдэхдээ ч хусуур шиг хутгаар маш нарийн элдэн нимгэлдэг байна. Туршиж эхэлсэн ажил нь амжилт дүүрэн болж, удалгүй санаандаа хүрсэн цаас шиг нимгэн арьсыг элдэн гаргажээ.
Хорчин баруун гаран дунд хошуу буюу хуучин нэрийдлээр Түшээт хошуу гэгддэг энэ нутгийн Шинэ зам суманд төрж, багаасаа хонь малтай ойр өссөн хөдөөний хүү О Жян Юүний хувьд өвгийнхөө арьс шир элдэж боловсруулан, эмээлийн хэрэгсэлд ашигладаг байсныг харж байсан нь тус болж, хэдийгээр санаанд үлдсэн нь бага байсан ч ямар ч ойлголтгүй ажлаас нааштай байжээ. Үнэнийг хэлэхэд Түшээт нутагт малын арьс ширийг элдэж боловсруулах гар үйлдвэрлэл харагдахаа болиод 20 гаруй жил болж, түүний өвөөгийн үеэс хойших үеийн хүмүүс бараг чадахгүй болсон байлаа. Ийм байдалд О Жян Юүнь үндэстний уламжлалт соёлыг сэргээн хөгжүүлж, үүний зэрэгцээ үнэ хүрэхгүй болсон малын арьс шир зэрэг ашиг шимийн зүйлсийг өөр нэгэн арга замаар хүмүүсийн хэрэглээнд оруулж, үнэ өртгийг нь бүрэн гүйцэд харуулах үүднээс энэ шинэчлэлийн замыг гаргажээ.
Бид Баян хошуу сууринд байрлах О Жян Юүний арьс боловсруулдаг газарт нь очиход жижигхэн гэрт олон төрлийн багаж хэрэгсэл, цаасан дээр урласан зураг урлалын бүтээгдэхүүнүүд харагдана. Үүний зэрэгцээ хамар цоргисон үнэр амьсгал авахад амаргүй болгож байв.
- Үнэр нь хэцүү юм аа. Энэ хэсгийг хурдан үзэж танилцаад гадна гарч ярилцъя” хэмээн О Жян Юүнь эвгүйрхэн инээмсэглэнэ.
- Та өдөржин энэ үнэрт яаж ажиллаж байна вэ?
- Дассан байна хэмээн ажиг ч үгүй энэ тэрийг хийн оролдон зогсоно.
Одоохондоо хонь ямааны арьсаар илгэн цаас хийж байгаа ч хожимдоо үхэр, адуу, ботго зэрэг бод малын арьсаар ч илгэн цаас хийж үзэх бодолтой байгаа аж. Хонь ямааны арьсаа хошууны төвөөс худалдан авдаг бөгөөд хонины арьс нь 15 юань, ямааны арьс нь 100 юань хүрдэг байна. 15-20 хоногийн хугацаанд арьсаа идээлж, элдэж нимгэлэн цаас болгоход нэг хонины арьснаас 12-14 ширхэг A4 хэмжээний цаас гардаг гэнэ. Гэвч тэр бүр A4 хэмжээтэй цаас болгон зүсдэггүй. Заримыг нь бүтнээр нь үлдээж, заримыг нь том бага нь өөр хэмжээтэй дөрвөлжин, дугуй хэлбэрээр зүсэж, гар урлалын бүтээгдэхүүн хийхдээ ашигладаг байна. Бид түүний хийсэн илгэн цаасыг авч үзэхэд энгийн хэрэглээний A4 хэмжээний цаастай бараг зөрөхгүй гэмээр нимгэн байсан бөгөөд өнгө нь ч маш жигд цагаан харагдаж байв. Энэхүү цаас нь хэвлэх машинд асуудалгүй хэрэглэж болдог гэнэ.
- Жил гаруйн хугацаанд зөвхөн арьсаа элдэж нимгэлээд, илгэн цаас болгож л суулаа. Сар гаруйн өмнөөс л эхлэн энэхүү цаасан дээр зураг зурж, хатгамал хатгах зэргээр гар урлалын бүтээгдэхүүн хийхээр оролдож эхэлсэн. Хошуунаас “Тал нутгийн тао буу”-д тусгай цахим дэлгүүр бүртгүүлж, худалдааны өрөө гаргана. Тэр үед дэлгэж тавих зүйлгүй яаж болох билээ гэж өнөөгийн ажлын байдлаа танилцуулж байлаа.
Тэрээр ямар ч зураг урлалгүй нэг хэсэг илгэн цаасыг хэдэн арав, цаашлаад зуу гаруй юаниар зарж байсан ч тогтсон үнэ ханш гэж байхгүй. Хамгийн хямдаар бодсон ч нэг хонины арьс О Жян Юүний гараар дамжсаны дараа хэдэн зуун юанийн үнэ хүрч, ёстой “Хаягдмал эдийг ховор эрдэнэ болгосон” үйл явдал болжээ. Хэдэн жилийн өмнөөс хонины арьс үнэ хүрэхгүй болж, зарим нутгийн малчид хонины арьсаа хээр хөдөө хаях буюу шатааж байсан удаатай юм. Ингээд бодоход хөдөлмөрлөх уран гар, шинэчлэх хурц ухаан л монгол түмэн, ялангуяа малчин ардын минь шинэ гарах замыг нээж өгөх учиртай ажээ.
Эрт үед илгэн цаас нь жинхэнэ цаасыг орлон ашиглагдаж байсан бол цаас дутахгүй болсон өнөөгийн цагт илгэн цаас нь харин гар урлалын бүтээгдэхүүний үнэт материал болон ашиглагдах болжээ. О Жян Юүнь хонины бүтэн арьсаар хийсэн илгэн цаасан дээр Хорчин баруун гаран дунд хошууны аялал жуулчлалын алдарт үзэсгэлэнт орныг зурж урласнаа бидэнд дэлгэн үзүүллээ.
Энэхүү үйлсийг нэгэнт эхлүүлсэн болохоор бүрэн бүтэн ажиллах нь чухал гэдгийг тэрээр сайн мэднэ. Ингээд “Илгэн” хэмээх нэрээр таваарын тэмдэг авахаар бүртгүүлээд байгаа бол тун удахгүй зөвшөөрлөө авах юм байна. Илгэн цаасаа борлуулахаас гадна, янз бүрийн гар урлалын бүтээгдэхүүн хийх ажлаа ч эхлүүлж, цахим дэлгүүр, төрөлжсөн дэлгүүрт бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилж, зарж борлуулах төлөвлөгөөтэй байна.
Арьс боловсруулах ажлыг хийж байгаа хүмүүс олон байлаа ч О Жян Юүнь шиг арьсыг цаас болтол элдэн боловсруулж байгаа хүн Өвөр Монгол ховор юм. Юмны ховор нь “үнэтэй” байдаг. Түүний эхлүүлсэн энэхүү үйлс нь амжилтын харгуйд шулуухан орж, үндэстэн ястны маань энэхүү үнэт соёлын өв хүмүүст хүрэх нь юунаас ч илүү аз биз ээ.
