solongonews
2018 оны Өвөр Монгол бөхийн эргэцүүлэл
2019-01-02 22:36
2018 он бөхийн хорхойтнуудын хувьд найраар баясаж, наадмаар цэнгэсэн нэг жил боллоо. Өвөр Монголын хэмжээнд олон олон их бага найр наадам зохиогдож, хүчит бөхчүүд, содон аваргууд маань хүч ухаанаа сорьж, хүн ардаа баясгалаа.

Сар шинийн барилдаанд гурван талбай тэргүүлсэн Чандмань

Шар нохой жилийн эхээр Хөлөнбуйр хотын мал аж ахуйн дөрвөн хошуунд цагаан сарын барилдаа ээлжлэн зохиогдсон юм. Энэ удаагийн 4 талбай барилдаанд Эвенк нутагтай, Шилийнгол аймгийн аварга цолтой Чандмань Шинэ Барга зүүн хошуу, Хуучин Барга хошуу, Эвенк зэрэг 3 хошуунд болсон цагаан сарын барилдаанд үзүүрлэж, үзэгч олноо шуугиулсан билээ.

Есөн цагаан агт хөтөлсөн авга Цагаанзаан

Чингисийн онгонд болсон эзэн богдын цагаан сүргийн их тахилгын хүчит 512 бөхийн барилдаанд Өвөр Монголын Авга нутагтай арслан Цагаанзаан үзүүрлэсэн байна. Авга нутгаас харь хөндлөн хошуунд 512 бөхийн эзэн болж чадаагүй 34 жилийн түүхийг эцэслүүлж, нутаг усаа баясгаж, ард олноо баярлуулжээ. Энэ нь Цагаанзааны 2018 оны наадмын үзүүр авах эхлэл байсан бөгөөд Тунляо хотод болсон анхдугаар удаагийн сүлд аялал жуулчлалын наадмын хүчит 512 бөхөд үзүүрлэж, нэг жилийн хугацаанд 512 бөхтэй их наадамд хоёр дахь удаагаа тэргүүний амжилт байгуулсан байна.

Гахилын Өлзийбаатар маань 512 бөхийн эзэн боллоо

Үзэгч түмний хүндэтгэл бахархлыг татсан уран барилдаантай Гахилын Өлзийбаатар гэхэд хүн бүхэн хуруу гарган магтдаг. Их наадмын эзэн болж чадаагүй үзэгч түмнээ дэндүү удаан хүлээлгэжээ. 2018 онд Тунляо хотын Найман хошуунд болсон элс манхны аялал жуулчлалын наадмын хүчит 512 бөхийн барилдаан болон Хянган аймгийн наадам Улаанмод соёл аялал жуулчлалын наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Өлзийбаатар үзүүрлэж, тэрээр 2018 онд хоёр удаа 512 бөхийн барилдааны эзэн болжээ.

“Жаргалант тал нутаг Шилийнгол” монгол бөхийн цуврал барилдаан

2018 онд 5 талбай болсон “Жаргалант тал нутаг Шилийнгол” монгол бөхийн цуврал барилдаан нь наадмаа сонирхож, бөхчүүдээрээ бахархдаг наадамчдын хүсэн хүлээдэг найр наадам болсон байна. Уг цуврал барилдаанд бөхчүүд маань идэвхтэй оролцож, удаа бүрийн наадмын чанар чансаа өндөр болж, Өвөр Монголын сайн барилддаг бөхчүүд бүгд зодоглосон сайхан наадам болсон байдаг. Наадам нь оноо тэмдэглэснээс одоог болтол Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан 600 оноогоор нэгдүгээр байранд, Баруун Баарин нутагтай Гэгээрэх 584 оноогоор хоёрдугаар байранд, Ар Хорчин хошууны Мөнхдүүрэн 337 оноогоор гуравдугаар байранд орж байна. Хамгийн эцсийн шийдвэрт барилдаанд хэн үзүүрлэх бол гэж бөхийн хорхойтнууд маань наадмаа хүлээж, наадмаа сонирхон харсаар...

Даян аваргаар мялаалгасан Цагаанзаан

13 дахь удаагаа болсон Шилийнгол аймгийн цол олгох наадам нь бөхийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг найр наадмын нэгэн билээ. 2018 оны Сөнид баруун хошуунд болсон цол олгох наадамд Өвөр Монголын бүх шилдэг бөхчүүд зодоглож, 512 бөхийн барилдаан боллоо. Хурц ширүүн барилдааны эцэст далай аварга Цагаанзаан даян аваргаар энгэрээ мялаалгаж, даян аварга цолтой анхны бөх болжээ.

Батжаргал 1024 бөхийн их наадамд 3 дахь удаагаа үзүүрлэв

2018 онд болсон 1024 бөхийн их наадмын хувьд 8 муж орны 3 дахь удаагийн “Хөхүүл” цомын толиот бөхийн наадам нь наадамчдын таамаг таавар ихтэй наадам болсон билээ. “Даян аварга Цагаанзаанд л 1024 бөхийн барилдаан дутаж байна. Энэ наадмын үзүүр болох болов уу?”, “Батжаргал, Гэгээрэх нар хоёр удаагийн 1024 бөхийн эзэн болсон, хэн нь 3 дахь удаагийн 1024 бөхийн эзэн болдог бол?”, “Авга Цагаанзаан, Өлзийбаатар ч үзүүр авах боломж байгаа даа” гэж хүмүүс таамаг тавьсаар барилдааны эцэст Батжаргал 1024 бөхийн барилдааны эзнээр тодорсноор 3 дахь удаагаа 1024 бөхийн барилдааны эзэн болж байгаа билээ.

Найман өдөрт 140 мянган юань өвөрлөсөн Гэгээрэх

Гэгээрэхийн хувьд 2018 он өөд өнгөтэй барилдаж, 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 29-ний өдөр болтол Өвөр Монголын Шилийнгол, Алшаа, Хөххот зэрэг гурван газарт болж өнгөрсөн “Жаргалант тал нутаг Шилийнгол” монгол бөхийн цуврал барилдаан-Өнөр баялаг Шилийнхот, Малчдын уламжлалт наадмын хүчит 256 бөхийн наадам, “Алшаа хүчтэн” нүүдлийн соёлын наадмын хүчит 128 бөхийн наадам, ӨМӨЗО-ы олон улсын монгол бөхийн манлай шалгаруулах тэмцээний хүчит 128 бөхийн наадамд зэрэг 3 наадамд дараалан үзүүрлэж 140 мянган юаниар энгэрээ мялаалгажээ.

Дахин авахын зөгнөлтэй “Алтан бүс”

“Алтан бүсийн тэмцээн” гэхээр Өвөр Монгол, Монгол Улсын бөхийн хорхойтнууд хүсэн хүлээдэг найр наадам болсон юм. “Алтан бүс” наадмын 2014 оны эзэн Ч.Санжаадамба, 2015 оны эзэн Бүрэнтөгс, 2016 оны эзэн Р.Пүрэндагва, 2017 оны эзэн Цагаанзаан нар бол 2018 оны эзнээр хэн үзүүрлэх бол гэж хүмүүс хүсэн хүсэн хүлээж байсан билээ. 2018 оны “Алтан бүс”-ийн эзнээр Монгол Улсын Хангай алтан бүсийн эзнээр тодорсон юм. Ирэх жилийн алтан бүсийн тэмцээнээр Өвөр Монголын бөхчүүд маань алтан бүсээ эгүүлэн авч ирж чадах болов уу? гэж үй олон бөхийн хорхойтнууд хүсэн хүлээсээр...

Монгол туургатны наадмын эзэн Бүрэнсайн

2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо болсон Монгол туургатны анхдугаар их наадмын Өвөр Монголын монгол бөхийн барилдааны хүчит 128 бөхийн барилдаанд Шулуун хөвөөт цагаан хошуугаар нутагтай Шилийнгол аймгийн аварга цолтон Бүрэнсайн Ар, Өвөр Монголын хүчит бөхчүүдийг цувуулан хаяж, орон нутгийн алдар нэрээ харь гүрэнд дуурсгажээ.

Гурван жил өнжсөн Хасар бөх дахин ирлээ

2012 онд “Хасар бөхийн тавцант барилдаан” анхны талбай тэмцээнээ зохион байгуулж, нийгэм нийтийн хараанд хүрснээс хойш Өвөр Монголын хийгээд улсын дотоод гадаадаас нийт 50 гаруй талбай барилдааныг амжилттай зохион байгуулсан юм. 2015 оны “Хасар бөхийн тавцант барилдаан”-ы шийдвэрт барилдаанаас хойш 2018 он болтол Хасар бөх бүтэн 3 жил өнжжээ. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Хасар бөх дахин шинэ дүр төрхөөр үзэгч түмэнтэйгээ золголоо.

 

Зохиогч: Баярцэнгэл
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл