
Бээжингийн Зууны Театрт болсон тус тоглолтонд МУ-ын гавьяат жүжигчин, дуучин С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан тэргүүтэй ҮДБЭЧ-ын 50 гаруй уран бүтээлч оролцож, монголын болон дэлхийн соёл урлагийн гайхамшгийг үзүүлэв.
Хоёр өдрийн тоглолтонд "Үлэмжийн чанар"-аар үлэмж талархал хүртсэн дуучин С.Эрдэнэцэцэг "Монголын үндэсний урлаг бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн агуу их өв соёл юм. Үндэсний урлагийг маань Дундадын ард түмэн гайхамшигтай сайхан хүлээж авч байгаад баяртай байна" гэж ХОУР-гийн сурвалжлагчид бахархан ярилаа.

Монгол бүжгийн цоглог хэмнэл, эрэмгий хөдөлгөөн үзэгч түмнийг ёстой нэг алмайруулж байв. "Шилийн богдын салхи" бүжгийн үеэр үзэгчдийн урд эгнээнд сууж асан Жан овогт эхнэр нөхөр хоёр байн байн "Жэнь бан.../үнэхээр мундаг юм аа/" гэсээр зураг дарж суугаа харагдлаа. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Дундад улсад олон удаа тоглолт хийж байсны дотор 2005 оны "Нүүдэлчдийн аялгуу" тоглолт үндэсний цөөхүүл хөгжмийн тоглолтыг түлхүү үзүүлж байжээ. Харин энэ удаа "Тэнгэрийн эгшиг" тоглолт бүжгийн урлагийн номеруудыг голчилж байгаагаараа онцлог гэж тус чуулгын уран бүтээлийн хэлтсийн дарга бидэнд ярив.

Тоглолтын үеэр үзэгчдийг алмайруулсан бас нэгэн үзүүлбэр бол эртний Алтайн ятга хөгжмийн тоглолт байв. 2200 гаруй жилийн тэртээх Хүннү нарын үед хамаарах энэ хөгжмийн зэмсгийг сэргээж дуугаргаснаас хойш анх удаа Дундадын тайзан дээр толилуулсан нь энэ билээ.
Монгол хөөмийчид Дундадын эстрадын "Сар миний сэтгэлийг төлөөлнө" гэх дууг хөөмийлөхөд үзэгчид гайхан бишрэхийн зэрэгцээ алга нижигнүүлэн, халуун сэтгэлээ илэрхийлж байсан юм. Тоглолтонд урилгаар оролцсон МУ-ын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн тоглосон дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүд ч Дундадын үзэгчдийн талархлыг хүлээлээ.

Дундад, Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жил, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 20 жилд зориулан нээгдсэн Монгол улсын соёлын долоо хоног арга хэмжээ 10-нд Бээжингээс Шаньдун мужийг зорино. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид "Тэнгэрийн эгшиг" тоглолтоо Жинань хотын үзэгчдэд өргөн барихаар өнөөдөр хөлгийн жолоо мушгина.

