Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Да Жай тосгон өндөр уул эгц хадны дунд байрладаг алс зайдуу нутаг юм. 2003 онд хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэхээс өмнө энэ нутгийн иргэдийн жилийн орлого нь 700 юань хүрэхгүй байв.
Өнөөгийн тосгоны дарга Пань Баоюйгийн хуучин байр нь тухайн үе дэх Да Жай тосгоны иргэдийн амьдралын үнэн мөн тусгал юм.
17 жилийн өмнө Пань Баоюй энэ тосгоны тариачин айлын анхны жуулчлалын цэгийг ажиллуулжээ. Тэрээр 2020 онд 5 сая юаний хөрөнгө оруулж, хуучин байрныхаа дэргэд 4 давхар шинэ байшин барьсан нь тэдний ажиллуулж буй 2 дахь жуулчлалын цэг юм. Байрны дотор хэсгийг янзалж дуусаагүй хэдий ч анхны жуулчлалын цэгийг ажиллуулсан 17 жилийн ойг тохиолдуулж, Пань Баоюй шинэ байрандаа нүүж орохоор болсон байна.
2003 оны 06-р сарын 26-нд Пань Баоюй Да Жай тосгоны анхны жуулчлалын цэгийг ажиллуулсан түүхтэй. Тэрээр:
- Тухайн жил жуулчлалын цэгийг ажиллуулсан эхний өдөр 350 юаний орлого хийсэн. Тэр үед бидний нэг жилийн орлого 700 юань ч хүрэхгүй байсан юм.
Урт хугацааны турш ядуу амьдралтай байсан Да Жай тосгоны иргэд хувь тавилангаа өөрчлөх шинэ замыг олж эхэлжээ. Харин хөрөнгө мөнгөөр дутагдаж буй энэ тосгон аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэхэд дэд бүтцээ даруй сайжруулах шаардлагатай байв. Хэдэн удаагийн хэлэлцээгээр дамжуулж 2007 онд Да Жай тосгон аялал жуулчлалын компанитай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, гадаад хүчинд түшиглэн дэд бүтцийн байгуулалтаа хөгжүүлэв.
2015 онд ядуурлаас ангижруулахад чиглэсэн чанартай ажлыг эхлүүлснээс хойш тухайн нутгийн захиргаанаас 500 сая юаний хөрөнгө оруулж, шяний хэмжээн дэх жуулчлалын цэгүүдийг нэгтгэн хөгжүүлсний үр дүнд Да Жай тосгоныг багтаасан хөдөө нутаг жуулчлалын алтан үеийг угтан ирсэн байна.
2019 онд Да Жай тосгоны нийтийн эдийн засаг 7.2 сая юаний ашиг хуваарилж, хүн нэгбүрт дунджаар 5800 гаруй юань оногдож, түүхийн шинэ амжилт тогтоосон байдаг.
