
Хятадын "Ганжуур данжуур”-ын монгол хэлний хэвлэл нь Монгол “Ганжуур данжуур” мөн. Энэ нь бурхны, гүн ухаан, түүх, эм эмнэлэг зэрэг олон салбарт холбогдсон эртний нэвтэрхий толь болно. Зурагт хэвлэлийн монгол “Ганжуур данжуур”-ыг 400 боть гоё хавтастай ном болгон эмхэтгэн гаргажээ. Үүнд “Ганжуур” 109 боть, “Данжуур” 225 боть, “Зонховын сүмбум” 20 боть ,“Агваанчойдонгийн сүмбум” 5 боть, “Сангийн ном” 41 боть бүхий 500 гаруй зохиолуудыг хамруулсан байна.
Монгол “Ганжуур данжуур”-ын нэгэн хэсэг монгол “Ганжуур”-ыг Чин гүрний Энх Амгалангийн үед модон бараар хэвлэсэн бол нөгөө хэсэг монгол “Данжуур”-ыг Тэнгэр тэтгэгчийн үед модон бараар хэвлүүлжээ. Одоогоор дэлхийд 3 цуврал “Данжуур” үлдээд байгаа юм. Улаанбаатар хотын номын сан ба Өвөр Монголын номын сан, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдээллийн төвд тус тус хураан хадгалж байна. “Сангийн ном” нь Энх Амгалангийн үед гараар бичсэн ганц дэвтэр ном. Энх Амгалан хааны 17 дугаар хөвүүн Юнт Личинь вангийн гэрийн номын сан дахь ховор эрдэнэ болно. Дараа нь Бээжингийн хааны ордны музейд хадгалж “Соёлын хувьсгал”-ын сүүлийн үед Өвөр Монголын Багшийн Их сургууль хямд үнээр худалдан авчээ.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хятад, төвд, манж хэл дээр бичсэн “Ганжуур данжуур”-ыг үргэлжлүүлэн хэвлэсэн байна. Хамгийн шинэ хэвлэлийн монгол “Ганжуур данжуур”-ын “Ганжуур” ба “Данжуур”-т монгол, манж, төвд, хятад дөрвөн хэлийг хавсаргасан гарчиг хадсан байдаг. Энэ нь бусад хэлээр хэвлүүлсэн “Ганжуур данжуур”-т байгаагүй. Хятадад хэвлүүлсэн монгол бичгийн “Ганжуур данжуур”-ыг кирил бичигт хөрвүүлэх ажлыг хийж эхлээд байгаа юм байна.
