
Үзэмчин хонийг Өвөр Монголын зүүн хэсэг дэх Үзэмчиний тал нутгаар маллах бөгөөд Үзэмчин нутгийн өргөн талд зохицон үржин төлжсөөр. 1982 онд Хятад улсын Хөдөө Аж Ахуйн Яам, Улсын стандартын ерөнхий товчоо Үзэмчин хонийг орон нутгийн шилдэг үүлдэр хэмээн батлан тогтоов.
Үзэмчин хонины зохицох чадвар, тарга хүч авах нь маш сайн, өсөх нь түргэн, бойжилт нь сайн, өвчин эсэргүүцэх чадвар сайн, зуд зурханд даацтай байдгаар барахгүй өвлийн цагт цас малтан идээшлэн, нарийн арчилгаа тэжээл шаарддаггүй. Тэрчлэн Үзэмчин хонины махны усны бүрэлдэхүүн нь бага, кальци, төмөр, фосфор зэрэг эрдэс бодис элбэг агуулагдаж, махны гарц их бөгөөд мах нь зөөлөн байдаг.
Үзэмчин хонины маханд хүний биед шаардагдах шивтэрт хүчил элбэг агуулагддаг гэдгийг шинжлэх ухааны судалгаагаар нотолжээ. Ийм олон онцлог давуу талаараа Үзэмчин хонь шимтэй өвс бэлчээртэй өргөн уудам Үзэмчин нутгийн үнэт эрдэнэ болж билээ. Түүнчлэн Үзэмчин хонины мах органик бохирдолгүй идээний нөхцөлүүдийг ч бүрэлдүүлснээс Хятад улсын экологийн бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөлөөс “Экологийн идээ”-ээр нэрлэж, Хятад улсын махны хонины гол эх баялаг болов.
Үзэмчин хонио сонгож малласан малч эзний хашир туршлага
Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Алтат багийн ахмад малчин Дүүрэнбаяр гуай Үзэмчин хонь маллах арга ухаанд гүн гүнзгий гэгээрсэн хашир малч юм. Өнгөрсөн зууны 90-ээд оны сүүлээр мянган Үзэмчин хонь тоолуулж байсан болохоор Дүүрэнбаяр гуайд Үзэмчин хонь маллах арга туршлага мундахгүй. Тэрээр зуны өглөө 4 цагт хонио бэлчээдэг байна.
- Одоо өмнөхтэй адилгүй. Өмнө нь үүрээр хонио бэлчээвэл шүүдрийн усанд хонь доголохоос айж өглөө нартай гаргадаг байсан. Одоо нутаг бэлчээрийн байдал ондоо болж, тэнгэр хангай ч их халуун болж, хонио заавал эрт бэлчээрлүүлж үд ойртоход сүүдэр газарт хэвтүүлэх шаардлагатай болсон. Зуны цагт хонио усан тарга сайн авуулахгүй бол намар тосон тарга авч чадахгүй. Иймээс усан тарга авуулах нь тун чухал, мөн усан тарга авуулахад ус ундаар дутааж болохгүй. Морьтой хонь хариулахад хонь тарга хүч авахад маш сайн байдаг. Намар манайхны хурганууд дунджаар 40-45 килограмм хүрдэг. Өмнө нь ч 45-50 килограмм жинтэй хурга зөндөө гардаг байсан хэмээн Дүүрэнбаяр гуай хуучлав.
Тэрээр хонио өдөржин дагаж, бэлчээр сонгож, идэшлэх хэвтэхийг нь сайн тааруулан, тосон тарга сайн авуулдаг болохоор өвөл хониндоо тэжээл бордоо өгдөггүй зөвхөн есийн хүйтэн орохлоор жаахан өвс нэмж өгдөг байна.
Хонь хариулах ажил харахад амархан ажил шиг санагдавч их ухаан шаардана. Энэ тухай Дүүрэнбаяр гуай: - Зун өвс их болоход хонь ялаанд баригдахаас сэргийлж, салхины уруу бэлчээрлүүлж, өвөл салхины өөд бэлчээрлүүлдэг. Хуц тавихад 25 эм хонинд нэг хуц тавьдаг бөгөөд гурван жил болоод нэг сольдог. Сүрэг дотроосоо буюу айл саахалтаасаа хуц сонгохыг цээрлэж, Зүүн Үзэмчин хошуунаас шилдэг үүлдрийн хуц сонгон авчирдаг. 200 гаруй хонь өвөлжүүлж, төлөө 3 дугаар сарын эхээр тосч, намар 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхээр худалдан бэлчээрээ нөөцөлдөг. Өвөл хонио битүү пинд хорихыг цээрлэж, задгай хашаанд хашаалахыг баримталдаг. Битүү пинд хоривол цан их, чийгтэй болохоор хонины тарга хүчинд нөлөөлөх бөгөөд хонь халуудаж, хижиг амархан тусдаг гэлээ.
Дүүрэнбаяр гуай ингэж хонь хариулахдаа бэлчээр усыг нь шилж тааруулах, тарга хүчийг нь барих, төл малын цатгалтыг анхаарах, малын өвчнөөс сэргийлэх гэх мэтээр нямбай арчилж малласнаар Үзэмчин хоньд нь жилээс жилд үржил сайтай, тарга сайтай, өндөр үнэ ханш хүрдэг байна.
Үзэмчин хонио үнэ хүргэсэн ажилч малчдын ухаан
Цаг үеийн хөгжил, зах зээлийн хэрэгцээ шаардлагаар Үзэмчин хонь нэг хэсэг малчид маллан, тасралтгүй шинийг эрж хайсаар байна. Зүүн Үзэмчин хошууны Ээж нуур суурингийн Хар говь багийн малчин Хувьсгалт үе үеэрээ Үзэмчин хонио малласан хүний нэг. Малчдаа уриалан хоршоо байгуулан, хонины ашиг шимээ нарийн боловсруулан, Үзэмчин хонио үнэ хүргэхээр ухаан зарж яваа юм.
2003 онд Хувьсгалт хоёр айлтай хамтран бэлчээрээ нийлүүлэн зуслан, намаржаа, өвөлжөө гэх гурван нутагт оторлон нүүж сэлгэн маллаж, хонины үүлдэр угсааг сайжруулах тал дээр ч чухалчилжээ. Тэрээр юуны өмнө хониныхоо шилдгийг нь үлдээж, бусдыг нь худалдсан бөгөөд гаднаас шилдэг үүлдрийн Үзэмчин хуц, эх мал худалдан авч сүргийнхээ цусыг сольж, тоо толгойг цөөлж, шилдгийн дотор шилдгийг нь сонгон маллаж эхлэв. Ийнхүү гурван айлын бэлчээрт малаа сэлгэн бэлчээрлүүлснээс нутаг түрээслэх хэрэггүй болжээ. Өмнө нь 3000 боодол өвс нөөцлөөд бүгдийг хэрэглэдэг байсан бол одоо 1000 боодол өвс нөөцөлсөн ч үндсэндээ хэрэглэхээргүй болж, хөдөлмөр хүч ч хөлслөхгүй болов. Хамгийн гол нь Хувьсгалтынх 600 гаруй шилдэг үүлдрийн Үзэмчин хонь маллан, хургаа үүлдрийн малын үнээр борлуулдаг болсноор зах зээл дэх үнэ өндөр болж, өрхүүд хамтарсан ашиг хүртлээ. Хувьсгалт 2008 онд багийнхаа 40 гаруй айлыг хамарсан мал аж ахуйн хоршоог байгуулсан бөгөөд өнгөрсөн жил тус хоршоо 454000 юанийн хөрөнгө оруулалт хийж идэшний хонины мах хөлдөөж хадгалах үйлчилгээний газар гаргаж, 60 тонн багтаамж бүхий түргэн хөлдөөх, махаа царцааж, хөлдөөж хадгалах гурван хүйтэн агуулах байгуулжээ. Ингээд малчдаа уриалан өөрсдөө яс хуваах, мах боох, мах сүвлэх, нимгэн хэрчмэл, нарийхан хэрчмэл, хэсэгт хэрчмэл, буузны мах хэрчиж боох зэрэг ажлуудыг нарийн төлөвлөж хийсэн бөгөөд элэг, уушги, зүрх, үнхэлцэг, дэлүү зэргийг нарийн төрөлжүүлэн боож баглах зэргээр малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ үнэ хүргэхээр экологийн органик мах махан бүтээгдэхүүнээ боловсруулав. Ийнхүү хонины махаа хөдөө нутагтаа боловсруулж, борлуулалтыг уялдуулснаас өнгөрсөн жил тэдний хоршоо 850 мянган юанийн цэвэр орлого олжээ.
Зөвхөн Зүүн Үзэмчин хошууны өнгөрсөн жилийн эцсийн тоо бүртгэлийг үндэслэвэл, хошууны хэмжээнд Үзэмчин хонины тоо 2.21 сая хүрч, шилдэг үүлдрийн Үзэмчин хонь сонгон маллаж байгаа малчин өрх 5745 болж, шилдэг үүлдрийн үрийн малын талбай 72 байгаа аж. Үзэмчингүүд аль эртнээс газар нутгийнхаа бодит байдалд зохицсон Үзэмчин хонио сонгон маллаж ирснээс Үзэмчин хонины үүлдэр нь улам сайжирч, өргөн уудам Үзэмчиний тал нутагт малласан Үзэмчин хонины мах дэлхий дахинд танигдаж, Хятад улсын дотоод гадаадад борлуулалт сайтай боллоо.
Сүүлийн хоёр жилд Шилийнголынхон хөгжсөн их хот хийгээд олон улсын мах махан бүтээгдэхүүний үзэсгэлэнд Үзэмчин хонины махаа танилцуулах хурлыг олон удаа зохион байгуулж, Засгийн газрын туслалцаа дэмжлэгээр Үзэмчин нутагт хоршоо нийгэмлэг ч олон олноор байгуулагдаж, малчид маань хороо холбоогоор дамжиж Үзэмчин хонины борлуулалтын зах зээлийг эрэлхийлж явсаар...
Орон нутгийн үнэт эрдэнэ болсон Үзэмчин хонь олонд танигдсаар байна.
