solongonews
Түмэн хатгамалчны цуглаан Түшээт гар урлалыг гайхууллаа
2019-07-24 10:38
Түмэн хатгамалчны цуглаан Түшээт гар урлалыг гайхууллаа

    Нар хур тэгширч нутаг байгаль сэргэсэн зуны сайхан цагт, Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гаран дунд хошууны Түшээт морин уралдааны талбайд үндэстний хувцас заслаараа гоёсон хэдэн үеийн хатгамалчид уран гараараа хатгамал урлагийн гоо сайхныг гайхуулна. Энэ бол Хорчин баруун гаран дунд хошууны түмэн хүний уран хатгамлын сургалтын арга хэмжээний тухайн талбай болно. Хорчин баруун гаран дунд хошууны захиргаа, Хятад аймгийн худалдааны явдлын хилийн боомтын товчоо, Хорчин баруун гаран дунд хошууны Соёл, аялал жуулчлал, спортын товчооноос санаачилсан, Хорчин баруун гаран дунд хошууны Монгол үндэстний хатгамлын аж үйлдвэрийг дэмжих багаас зохион байгуулсан Хорчин баруун гаран дунд хошууны түмэн хүний уран хатгамлын сургалт Түшээт морин уралдааны талбайд 07 дугаар сарын 19-ний өдөр зохиогдов. Нийт 10573 хатгамалчин оролцож, “Цар хүрээгээр хамгийн том монгол үндэстний хатгамал урлагийн дэлгэн үзүүлбэр” болсон байна.

- Өнөөдөр олон хатгамалчинтай танилцлаа, маш баяртай байна. Энэ арга хэмжээ бидэнд харилцан суралцах тавцан хангаж өглөө. Би 2017 оноос эхлэн хатгамал хатгахыг суралцсан, одоо  манай нутагт уламжлалт монгол хатгамал сурч байгаа бүсгүйчүүд маш олон болжээ. Монгол хатгамлын бүтээл сонирхох хүн ч олон, захиалах хүн ч олон. Борлуулалт сайжран бидний орлого ч нэмэгдсээр байна гэж Хорчин баруун гаран дунд хошууны Голын байшин суурингийн Сангийн будаа багийн хатгамалчин Гүө Фүлань ярьлаа. Хорчин баруун гаран дунд хошууг Түшээт хошуу гэж байжээ. Тус хошуу бол монгол үндэстэн голлосон, монгол юаний соёл ба Хорчин ардын соёл урлагийн үүслийн орон. Монгол хатгамал нь ил тод үндэстний онцлог ба өвөрмөц урлагийн хэв намбатай учраас Хятад улсын зэрэглэлийн уламжлалт гар урлалыг хөгжүүлэх төсөлд хамрагдаж байдаг. Түшээт вангийн ордны хатгамал нь өнө удаан түүхтэй, вангийн ордны үе дамжин уламжлагдсаар ирсэн үндэстний уламжлалт гар урлал болох бөгөөд Хятадын үндэстний соёл урлагийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. 2009 онд Хорчин баруун гаран дунд хошууны монгол үндэстний хатгамал урлалыг хоёрдугаар ээлжийн ӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өвд бүртгүүлэн оруулсан байна.

-  Сүүлийн жилүүдэд биет бус соёлын өвийг “амилуулах” зорилгоор Хорчин баруун гаран дунд хошуу нь “вангийн ордны хатгамлаар малчин тариачны шинэ амьдралыг урлах” гол сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулж, монгол хатгамлын аж үйлдвэр ба ядуурлаас ангижруулах ажил, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, шинэ цаг эриний малчин тариачны хэв боловсролыг дээшлүүлэхийг уялдуулж, шинэ мэргэжил, шинэ сэтгэлгээгээр “Түшээт вангийн ордны хатгамал” брэндийг бий болгохоор хичээж явна. Тус удаагийн түмэн хүний уран хатгамлын үйл ажиллагаа нь монгол хатгамлын уламжлагч ба хатгамлыг ажил хэргээ болгож яваа хүмүүс хоорондын харилцаа солилцоог ахиулан, монгол хатгамлын соёлын тухай ярьж, уламжлалт хатгамлын бүтээгдэхүүнийг хүмүүсийн амьдрал оруулан, малчид, тариачдаа дагуулан ядуурлаас ангижруулах замаар замнахад чухал ач холбогдолтой юм гэж Хорчин баруун гаран дунд хошууны дарга Гүөтан ярьсан юм.

Арга хэмжээний үер Хятад улсын Ардын утга урлагийн нийгэмлэгээс Хорчин баруун гаран дунд хошуунд “Хятад улсын монгол үндэстний хатгамлын соёлын нутаг” хэмээх өргөмжлөл олгож, тус хошуунд “Хятад улсын монгол үндэстний хатгамлын соёлыг өвлөн уламжлах, хамгаалах, хөгжүүлэх суурин”-г байгуулахаар тогтов.

Түмэн хүний уран хатгамлын сургалтын арга хэмжээ нь монгол үндэстний хатгамлын гоо сайхныг гайхуулж, Өвөр Монгол орны хатгамлын гоо сайхны үнэ өртөг ба цаг эриний утга агуулгыг гүйцэд харуулж, биет бус соёлын өвийг уламжлах замд шинийг сэдэж, бүх хүмүүсийг биет бус соёлын өвийг хамгаалах ажилд оролцохыг уриалжээ.

Зохиогч: Хурц Хишигбуян
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл