Цаг үеийн хөгжил өөрчлөлтийг дагаад газар газрынхны шинэлж золгох ёс ч өөр өөрийн өнгө, өвөрмөц сайхан онцлогтой бөгөөд зарим нь шинэ учир утгатай сар шинийн үйл ажиллагаа зохион байгуулах нь юутай бахархал ажээ.
Мянган адууны нутаг дахь хүлгийн сориотой шинийн золголт
Жил цагаан сар ирэхэд Үзэмчинчүүд өнгийн сайхан дээл хувцсаараа гоёж, өлзийт жилийн өнөр сайхныг бэлгэдэн баяр жаргалтай өнгөрүүлдэг юм. Энэ жил Зүүн Үзэмчин хошууны Мандахбулгийг мөн адил мөнгөн цас өргөн талыг бүрхсэн ч цагаан сарын баярт мөчид нутгийн малчдын зохион байгуулсан хүлгийн сориотой шинийн золголт нь малчин түмний сэтгэлийг бүлээсгэж байлаа.

Мандахбулагийн морьтой шинэлэгчид
Урин дулаан хаврын эхэн сар болох цагаан сарын шинийн долоонд Мандахбулаг суурингийн Тосоннуур багт нар салхи тэнцсэн сайхан өдөр болж, нутгийн найман малчин хамтран зохион байгуулсан хүлгийн сориотой шинийн золголт хийснийг энд дурдахад таатай. Энэхүү утга учиртай золголтыг 2007 онд анх санаачлан зохион байгуулснаас хойш арван нэг дэх жилийн нүүрээ угтаж байна. Мөн энэ хэдэн жилийн турш нэг жил ч тасалдуулаагүй. Жил бүр сар шинийн золголтын хэлбэртэй, айл айлаараа хариуцан зохион байгуулж байсан бол 2012 оноос хамтдаа зохион байгуулах болов. Ялангуяа энэ жил хамтран зохион байгуулагчийн нэг, мянган адуугаар магнаг талаа бүрхүүлсэн манлай адуучин Эрдэнэбаярын нутаг дээр монгол гэр босгон аралт тэрэг найрч уламжлалт ёс заншлаар морьтойгоо шинийн золголт хийснээрээ онцлог боллоо.
Жил жил нижгэр тэмдэглэдэг энэхүү ажиллагааны эхний жилүүдэд холын зайн морин уралдаан явуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд шүдлэн үрээ уралдуулах болж, харин энэ жилээс дааганы уралдааныг нэмж гурван төрлөөр уралдуулах болсон байна. Хамтран зохион байгуулагчийн нэг Эрдэнэтогтох хэлэхдээ:
- Энэхүү үйл ажиллагааг монгол соёлдоо хайртай, монгол соёлоо хүндэтгэдэг, хүлэг мориндоо хайртай бидний найман малчин хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ жил бидний хамтран зохион байгуулагчийн нэг Эрдэнэбаярын нутаг дээр зохион байгуулж байгаа бөгөөд тэдний мянган адууг хурааж наадан баясаж, морь унаж адуу уургалах, морь унаж шургаа татах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулснаар хөрш зэргэлдээ нутгийн олон хүмүүс хуран цугласан сайхан үйл ажиллагаа болсон гэж байв.
Баяр дээр баяр гэдгээр энэхүү хүлгийн сориотой шинийн золголт нь зөвхөн Мандахбулагийн малчид төдийгүй нийт монголчуудын бахархал болж, уламжлалт соёлоо өвлөн хөгжүүлж яваа утга учиртай сайхан үйл ажиллагаа болж тэмдэглэгдэх нь лавтай.
Малчин айлын цагаан сарын үдэшлэг
Цагаан сарын шинийн таванд сурвалжлагч Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын малчид цагаан сараа өнгөрүүлж байгааг сурвалжлан явахдаа малчин С.Мөнхзааныд хүрчээ.
Гаднаас нь харахад хэдэн өрөө энгийн тоосгон байшинтай айл байсан ч, гэрт нь буухад харин зочны өрөөний номын тавиур дахь олон ном нь тус багийнхаа соёлч өрх гэдгийг нь яахын аргагүй гадарлуулж байлаа.

Малчин С.Мөнхзаан
- Танайх номоор баян айл байна гэхэд:
Эдгээр ном миний хадгалж байгаа номын нэг хэсэг нь л юм.
- Та хэдэн ном хадгалж байгаа вэ?
3000 гаруй ном хадгалж байна.
Ингээд бид энэ нутгаар цагаан сарын сонин сайхны тухай зоог дэлгэж суулаа. Яриан дунд нэг тус баг энэ жилийн цагаан сарын баярт зориулан малчдын цагаан сарын үдэшлэг хийсэн явдал байлаа. С.Мөнхзаан гуайн танилцуулснаар, тус баг энэ жил малчдаа шинэ содон уур амьсгалтай, баяр баясалтай шинэлүүлэхийн тулд цагаан сарын үдэшлэг хийхийг нэгэн чухал агуулга болгосон байв. Тэрчлэн хөдөө нутгийн гадна үзэмж хийгээд айл өрхийн гэр доторх үзэмжийг уялдуулсан, 120 минутын үдэшлэгийг С.Мөнхзаан гуай төлөвлөн удирдаж, үдэшлэгийн видеог тэд өөрсдөө зураглаж хийсэн ажээ. Гадна үзэмжийг зураглахад тавиад малчид морьтой цугларч цаст хөдөөний зургийг бүтээсэн бөгөөд талбайн зураг авалтад ахмад буурлаас өсвөрийн багачууд хүртэл оролцож, хориод тоглолт бэлтгэн тогложээ. Малчид үдэшлэгтээ идэвхтэй оролцсоноор үдэшлэгийн агуулга баялаг сайхан болжээ.

Малчид цагаан сарын үдэшлэгийн тайзан дээр
Би Зүүн Үзэмчин хошуундаа хамгийн анх камер авсан малчин хүн. 1998 онд авсан, одоо яг хорин жил болж байна. Энэ хорин жилд Шилийнгол аймгийнхаа бүх хошуу, гадна аймаг зэрэг газраар бичлэг хийж явлаа. Ураг хурим, ойн баяр зэргийн найр наадмыг цөөнгүй хөтөлж явлаа. Өвөр Монголын Монгол Одон Телевизийн "Шаазгай юунд шагшив" нэвтрүүлэгт хөтлөгч хийж ч явлаа. Одоо найман зуугаад бичлэг хадгалж байна. Бүгд л манай багийн энэ жилийн цагаан сарын үдэшлэгийг төлөвлөн найруулахад дээрх ажлууд туршлага болсон гэж С.Мөнхзаан гуай ярьж билээ.

Малчид цагаан сарын үдэшлэгийн бичлэгт оролцов
Тус багийн энэхүү үдэшлэгийг хошууны телевиз хорооноос шинийн арван тавны үед нэвтрүүлэх бөгөөд Өвөр Монголын Монгол Одон Телевизийнхэн ч сонголттойгоор нэвтрүүлэх гэж байгааг С.Мөнхзаан гуай ярив.
Дөрвөн хүн зэрэг жил орсон малчин айлын цагаан сар
Авга хошууны Жаргалант сумын Хайрхан багийн малчин Түгэрийнх нутаг усандаа хүндтэй том гэр бүл юм. Шар нохой жилийн цагаан сараар энэ айлын дөрвөн хүний жил орж байгаа сайхан мэдээ хүмүүсийн анхаарлыг татаж, хол ойрын саахалт, садан төрлүүд нь хүрэлцэн ирж хөл хөдөлгөөн нэмнэ. Түгэр гуай “Аз жаргалыг ард түмэн маань олгосон, манайх бол ам бүл олон. Энэ жил манай ач охин 13, том хүү 49, отгон хүү 37 насны жил орж, аав нь өөрөө 73 насны өндөр насыг зооглож явна. Цагаан сарын шинийн таван хүртэл манайх бараг 100 гаруй зочин хүлээн авлаа. Жил цагаан сар болж байгаа баярт мөчид айл аймгийнхан, ах дүү садан төрлүүд зорин ирцгээж, уламжлалт ёсоор золголт хийж мэндчилж байна. Буурал миний буян жаргал хэмээн сэтгэл догдлон ярьж байлаа.

Түгэр гуай
