Чи хийх дургүй ажлаа хийж байгаа эсвэл ажилдаа тийм ч дургүй биш хэрнээ хэт их ачаалалтай, өөртөө цаг гаргаж чадахгүй байгаагаасаа болоод бүх зүйлд стресстэж бухимдаад байгаа бол энэ нийтлэл бүхлээрээ чамд зориулагджээ.
Хэрвээ чи эхний бүлэгт багтаж байгаа бол дуртай ажлаа олж хийх нь хамгийн зөв сонголт. Гэхдээ тийм сонголт хийнэ гэдэг нэлээн зориг бас цаг хугацаа шаардах учраас энгийнээс буюу өөрийнхөө амьдралын хэв маягаас өөрчилж эхлээрэй. Харин дараагийн бүлэгт багтах бол зөв хариулт нь ойлгомжтой, мөн л амьдралын болон ажиллах хэв маягаа өөрчлөх цаг нь болжээ. Алдартай, амжилттайгаар барахгүй ажлаасаа “кайф” авч чаддаг хүмүүсийн ярилцлага, зөвлөгөөнүүдээс түүж, хамгийн их давхцсан 39 зүйлийг цуглуулсан байгаа. Бүгдийг нь чи өөртөө дадал болгож чадвал өдөр бүр инээмсэглэн ажилладаг, эрч хүчтэй, үлгэр дуурайл авмаар, мундаг ажил хэрэгч бүсгүй байж чадна.
Жич: Эхний ээлжинд бүгдийг нь зэрэг эхлүүлбэл урам зориг чинь амархан унтрах магадлалтай тул өөрт хамгийн хэрэгтэй бас таалагдсан 1-2 зүйлээсээ л эхлэн өөртөө дадал болгохоор ажиллаарай.

Бүх зүйл эхлэлээс улбаатай байдагчлан өглөө босох талаар түрүүлж ярья:
1. Сэрээд нүдээ нээнгүүтээ тэр өдрийг илүү сайхнаар өнгөрүүлж байгаагаар эсвэл хэрхэн өнгөрөх талаар өөрийн бодож байгаагаа дотроо төсөөлж дад.
2. Тархиа цэвэрлэж, стрессээ тайлахын тулд богино хугацаанд эрчимтэй дасгал хий. Ямар дасгал хийвэл тохиромжтойг ЭНДЭЭС харж болно.
3. Өөртөө урмын үг хэл. Эсвэл хамгийн их таалагдсан урмын үгсээ нэг дэвтэр эсвэл цаасан дээр бичээд орныхоо хажууд тогтоочих. Тэгээд өглөө босохдоо уншаад бай. Тэр үгнүүд мэдээж чамайг эрч хүчээр цэнэглэх ёстой. Жишээ нь ЭНЭ .
4. Цахим шуудан, фэйсбүүк, инстаграмаа шалгалгүйгээр ажилдаа ор. Интернэт орж, эрж хайх шаардлагагүй, өөрийн гараар гүйцэтгэх ажлуудыг түрүүлээд хий. 5. Хамгийн хэцүүгээс нь сонгож хий. Өглөө дасгал хйиж стрессээ тайлчихсан байгаа дээрээ хамгийн хэцүү гэж бодож байгаа ажлаа барьж аваад хийчих. Тэр өдөр бүтнээрээ гайхалтай болоод өөрчлөгдөх болно.
6. Хэрэглэгч, харилцагчдынхаа чиний болоод ажлын чинь талаарх санал бодлыг сонсож ярилцсанаар өглөөг эхлүүлж болно. Хэрвээ танайх үйлчилгээний байгууллага бол энгийн хэрэглэгчээсээ л хэдэн зүйл асуухад болно шүү дээ. Харин цөөхөн хүмүүстэй харилцдаг бол тэдэн рүүгээ залгаад ерөнхийдөө чиний ажилд ямар сэтгэгдэлтэй байгааг нь асуугаарай. Ингэх нь чамд өөрийнхөө ажлыг дэргэдээс эсвэл доороос нь биш дээрээс нь харахад тусална. Мөн ярилцлага дундаас шинэ санаа гарч, илүү бүтээмжтэй байхад чинь хэрэгтэй.
Харин одоо цаг хугацааны хувьд чухал биш ч байнга хийж байвал сайн байх үйлдлүүдийн тухай:
7. Шүршүүрт орохдоо дуулдаг бол. Хэрвээ шуудхан дуулаад эхлэхэд хэцүү байвал шүршүүртээ хөгжим сонсоорой. Шүршүүрийн хөгжимтэй байх албагүй, гар утас, зөөврийн компютерээ угаалгын өрөөнд авч ороод тоглуулчихсан ч болно. Хамгийн дуртай, цоглог хэмнэлтэй дуунуудаас тавиад дагаад дуулаарай. Энэ бол жаргалтай хүний шинж юм.
8. Өдөрт 2-3л ус уу. Биедээ хэрэгцээтэй усыг байнга нөхөж чадаж байвал чи улам үзэсгэлэнтэй бас эрүүл болно.
9. Удаан ид. Хоол идэх цагтаа хоолоо л ид найз минь. Хоол чамд эрч хүч бэлэглэх сайхан зүйл болохоос биш өлсөх мэдрэмжийг л дарах зориулалт төдий биш шүү дээ.
10. Хүнтэй гар барихдаа чанга бас “дулаахнаар” атга. Чанга гэдэг нь мэдээж өвтгө гэсэн үг биш. Харин илүү итгэлтэйгээр бас гар барьж байгаадаа баяртай байгаагаа мэдрүүлэхээр бай.
11. Байнга л унаа хөлөглөөд байлгүй, сайхан хөгжим сонсоод эсвэл юм бодонгоо алх.
12. Бүжиглэж болох боломж бүрийг хэзээ ч битгий алд. Тийм боломжийг өөрөө өөртөө бий болговол бүр сайн. Найзуудтай уулзах, гэртээ ганцаараа байх гээд л...
13. Аль болох сайн хүнс ав. Супермаркетад орохдоо хүртэл хамаг хямд зүйлсийг нь түүж аваад байвал бүх зүйл дээр хэтэрхий хэмнэж, өөрийгөө хямгадаад сурчихна. Өөрөө өөртөө чанар сайтай зүйлсийг зарцуулж байгаа гэдгээ мэдэрч бай. Чи чинь өнөөдөр цадахын төлөө биш эрүүл, эрч хүчтэй байхын төлөө хоол идэж, мөнгө олж байгаа биз дээ?
14. Бөхий. Бөхийх нь цусны эргэлтийг хурдасгаж, булчин шөрмөсийг сунгаж өгнө. Сунгалтын дасгал л хийхгүй бол хүмүүс барагтай бол өвдгөндөө толгойгоо хүртэл бөхийх нь үгүй. Харин чи үдээсээ үдэх далимаараа хэд хэд бөхийгөөд бай.
Ажил дээрээ оюун санаагаа амрааж сур. Үүнд 5-хан л минут зарцуулагдана. Жишээ нь:
15. Нүдээ аниад ирээдүйгээ төсөөл. Бүх зүйл яг л чиний хүсдэгээр сайн сайхан болчихсноор төсөөлж, дотор нь ор.
16. Цаас аваад яг одоо мэдэрч байгаа зүйлээ бичиж, гадагшлуул.
17. Өөрт чинь хэн ч саад болохгүй орчинг бүрдүүлээд, нүдээ анин доорх аяыг 5-8 минут тасралтгүй сонс. Үр дүнг нь чи гайхах болно.
18. Сандал дээрээ дэр, зөөлөвч авчраад тавьчих. Тэгээд стрестсэн бухимдсан, хэн нэгэнд уурласан үедээ тэрийгээ базаж, цохих гэх мэтээр уураа гаргаж болно. Энэ нь стресээ гадагшлуулах, бусдад хоргүй сайн арга.
19. Нүдээ аниад биеээ доороос дээш нь мэдэр. Эхлээд хөлийн хуруу, тавхай, шилбэ гээд л бүгдийг нь тархиндаа төсөөлж мэдэр. Йогийн хичээлээ санаж байгаа биз дээ? Яг түүн шиг.
Харин доорх дадлууд чамайг илүү бүтээмжтэй болгоно:
20. Яах гэж, ямар учраас тухайн зүйлийг хийж байгаа вэ гэдгээ бод, ойлго. Хэрвээ зүгээр л хийх ёстой болохоор гэсэн хариулттай байгаа бол тэр ажлыг хийснээр чамд ямар сайн үр нөлөөтэй вэ гэдгийг бодож гаргаарай. Тэгээд тэр сайн нөлөөг бүхлээр нь олж авахаар ажилла. Харин чи хувийн бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол энэ асуултыг илүү томоор өөртөө тавих хэрэгтэй. Ашигтай ажиллаж чадна гэсэн салбар руу орох гэж байгаа байж болно оо. Гэхдээ чи мөнгөнөөс илүүтэй юм хийж бүтээхийг хүсэж байгаа бол мөрөөдлөө дагах хэрэгтэй.
21. Хийж байгаа зүйлээ амжилтанд хүрэхгүй байх вий гэх айдсыг зүгээр л тойрч гараад хамгийн сайнаараа хий.
22. Яг одоо хийж байгаа чухал ажилдаа бүх бие, оюун санаагаараа уус. Чи өөр бусдын компанид цалин авч ажиллаж байгаа ч бай тэр ажилд хувийн зүйл шигээ ханд. Хэрвээ би өөрөө ийм ундааг зах зээлд гаргах гэж байгаа бол хэрхэн ажиллаж, хаанаас нь эхлэх байсан бэ? гэх мэтээр бодож, хийж байвал чи гарцаагүй амжилттай нэгэн байж чадна. Удирдлагууд ажилтнуудаасаа үүнийг л хүсдэг учраас чамд тушаал дэвшихэд ч хэцүү байхгүй.
23. Зогсоогоороо ажилла. Энэ нь нурууны чинь булчинг амрааж хүндийн жинг хөл, нуруунд хувааж ачааллах учраас эрүүл мэндэд сайн. Мөн хурдхан хийж байгаа юмаа дуусгаад сууж амрахыг хүсэх тул чи илүү бүтээмжтэй, анхааралтай ажиллах болно.
24. Цахим шуудандаа хариулах, сошиал хаягуудаа шалгах цагт хязгаар тогтоо. Өдөрт 1 цагийг л зарцуулна гэх мэтээр.
25. Утасныхаа дууг хаагаад урдаа тавьчих. Дуудлага ирэх үед яаралтай, хэрэгтэйд нь хариулаад үлдсэнд нь хариулалгүй орхи. Тэгээд ажлаа дуусгасныхаа дараа хэрэгтэй гэж бодвол эргээд залгаарай. Хэдий чи дуудлага ирэх бүрт утас руугаа харах ч гэлээ чимээ сонсох нь харахаас хэд дахин илүү анхаарлыг сарниулдаг нь тогтоогдсон юм шүү.
26. Ctrl+S – ийг дадал болго. Мэдээж чи байнга компьютер дээр ажилладаг бол шүү дээ. Нэг ажлыг хоёр хийж цаг алдахын оронд хоёрхон товчийг байнга дараад сурчих.
27. Өмсөх хувцсаа долоо хоногоор, бүр болохгүй бол өдөр өдрөөр нь төлөвлөж сур. Ялангуяа чи хувцас сонгохдоо 10 минутаас илүү цаг зарцуулдаг бол шүү дээ. Мөн ингэснээр дараагийн удаа дэлгүүр хэсэхдээ ямар хувцас авах хэрэгтэй байгаагаа мэдэхэд чинь тустай.
28. Хэрэглэхгүй байгаа зүйлээ битгий хадгал. Үнэхээр хэрэглэхгүй л байгаа бол дараа хэрэг болж магадгүй, хайран юм гэж бодолгүй хаяж сур. Эсвэл хамтад нь нэг хайрцганд хийгээд хэрэгтэй хүнд нь өг, соль.
29. Бэлэн болтлоо хүлээх хэрэггүй. Зүгээр л хийж эхлэ.
30. Хэрвээ санаагаа цаасан дээр бичиж чадахгүй байвал аудиогоор бичээд ав. Юутай ч тэмдэглэж л ав.
31. Шөнө унтахгүй сууснаар биш сайн унтаж амарснаар илүү олон ажлыг гараасаа гаргаж чадна шүү.
32. Өдөр бүр 1-2 чухал зүйл заавал хий. Илүү ч үгүй дутуу ч үгүй 1-2.
33. Өдрийг өнгөрөөх өөрийн гэсэн хэв маягтай бол. Би өглөө бүр сэрээд ийм ийм зүйлс хийдэг, өдөр ийм, орой ийм гэх мэт.
34. Төгс байх гэж биш зоригтой байх гэж хичээ.
35. Өөрийн гэсэн хооллох хэв маягтай бол. Түүнийхээ эрүүл мэндэд хэрэгтэй, сайн хэсгүүдийг гэр бүлдээ санал болго. Мөн тэднээс хамааралгүйгээр өөрийнхөө хэв маягийг хадгалсаар бай.
36. Цэвэрхэн чанартай, боломжийн үнэтэй хоолны газруудын хүргэлтийн утсыг тэмдэглэж аваад гарч хооллоход хэцүү өдрүүддээ захиалчихаж бай. Эсвэл сайн хоолтой, дуртай кафе, ресторантайгаа тохиролцоод өөртөө илүү тааламжтайгаар зохицуулдаг болж болно.
37. Бүх зүйл дээр эхлээд ноорог гаргаж бай. Тархинд чинь эргэлдэх олон санаануудыг нэгтгэж, цаасан дээр буулгаарай. Энэ нь эхлэхээсээ өмнө үр дүнг төсөөлөхөд, хаашаа явж байгаагаа мэдэхэд тун тустай.
38. Цагаа хайрла. Цаг бол мөнгө гэсэн бодолтойгоор ажилла.
39. Эцэст нь хамгийн чухал нь буюу төлөвлөж дад. Өдөр бүр ажлаа төлөвлөж, тус бүрт нь цаг зоохоос чиний төлөвлөх “аялал” эхэлнэ. Өөрөөр хэлбэл “to-do list”-тэй нөхөрлө гэсэн үг. Ингэснээр өөртөө цаг гаргаж ч чаддаг болно. Хэрвээ чи “to-do list”-ийг хараахан дадал болгоогүй байгаа бол санаа зоволтгүй. Гоолингоо нь энэ сард “Өдөрт 6-г амжуулах 30 хоногийн чэллэнж”-ийг зарлаад байгаа. Өдөрт чи их ч биш бага ч биш 6 л ажлыг бүрэн гүйцэд дуусгахаар төлөвлөж тэр дагуу ажиллаж хэвших юм. Чамтай адил өөрийгөө хөгжүүлж, ажил хэрэгч чанараа хурцлах хүсэлтэй олон хүмүүс тус чэллэнжид ЭНЭ группээр дамжуулан нэгдсэн байгаа шүү. Чи ч гэсэн ороод ирээрэй. Харин чэллэнжийн удирдамж энэ байна.
