

Ли Кэчян, ерөнхийлөгч Ван дер Беллен, ерөнхий сайд Себастьян Курз нарыг Хятадад айлчилсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр: - Австри бол Европ дахь Хятадын чухал түнш. Ши Жиньпин дарга, ноён ерөнхийлөгч тантай хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийг хамтдаа төлөвлөлөө. Австрийн талтай боломжийг ашиглаж, хөгжлийн стратегиа холбож, хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэг дэх хэлхээ холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, хоёр орны харилцааны түвшинг бүх талаар дээшлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ли Кэчян: Хятад, Австрийн хамтын ажиллагаа нь үндэс суурь, давуу тал, нөөц ихтэй юм. Австрийн талтай хоёр талт худалдаа, харилцан хөрөнгө оруулалтаа тасралтгүй өргөжүүлж, өндөр хөгжилтэй аж үйлдвэр, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, эрчим хүч хэмнэн хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт шинэ өсөлт гаргаж, "Бүс ба зам", "16+1 хамтын ажиллагаа"-ны хүрээн дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд Хятадын тал бэлэн байна. Хятад, Европын аль аль нь эдийн засгийн даяарчлалыг бүтээн байгуулагч, түүнээс ашиг хүртэгч юм. Австри зэрэг Европын орнуудтай хамт худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгон хялбарчлахыг ахиулж, олон хэлбэрийн ивээх үзлийг хамтдаа эсэргүүцэн, олон талт худалдааны тогтолцоог хамгаалан эрчимжүүлж, хоёр ард түмэнд улам их үр ашиг хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Ван дер Беллен: Ерөнхий сайд Курз бид хоёр Хятадад хамтдаа айлчилж байгаа нь Австри, Хятадын харилцааг дээд хэмжээгээр чухалчилж буйн илэрхийлэл юм. Австри, Хятад хоёр орны аль аль нь эртний түүх соёлын дурсгалаа хамгаалахаар хичээж, аугаа их амжилтад хүрсэндээ бахархаж байна. Хятадын эдийн засгийн хөгжлийг Австрийн тал өндрөөр үнэлж байна. Энэ нь дэлхий дахинд урьд өмнө байгаагүй юм. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, аялал жуулчлал, хүмүүсийн харилцааг өргөжүүлж, хоёр орны харилцааг ахиулан шинэ хөгжилд хүргэхэд Австрийн тал бэлэн байна гэжээ.
