Хятад улсын дарга Ши Жиньпин 10-р сарын 08-нд Японы ерөнхий сайд Фумио Кишидатай утсаар ярив.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Хятад, Япон хоёр орон бол ойр хөрш, “хөрштэйгөө найрсаг дотно байх нь нандин өв, бидний баримтлах зарчим юм. Хятад, Японы найрсаг хамтын ажиллагааны харилцааг хамгаалан хөгжүүлэх нь хоёр орон, хоёр орны ард түмний язгуур ашиг тусад нийцнэ. Түүнчлэн Ази тив төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд тустай юм. Өдгөө Хятад, Японы харилцаанд боломж ба сорилт зэрэг оршиж байна. Японы шинэ засгийн газар хоёр орны дээд зиндааны харилцаа холбоог хадгалахыг чухалчилж буйг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд Японы талтай яриа хэлцэл хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, түүхээс сургамж авч, ирээдүйг нээх үзэл санааны дагуу шинэ эрин цагийн шаардлагад нийцсэн Хятад, Японы харилцаа болгон бүтээн байгуулахыг ахиулахад бэлэн байна. Ирэх онд Хятад Японы харилцаа хэвийн болсны 50 жилийн ой тохионо. Хоёр тал анхны зорилтоо эргэн санагалзаж, үзэл бодлоо ойртуулан, энэхүү түүхийн чухал үеийг хамтдаа угтан авч, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хэтийн төлөвийг нээхийг хүсэж байна" гэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Япон хоёр орны харилцааны эерэг болон сөрөг талаас нямбай ухамсар авч Хятад, Японы улс төрийн дөрвөн баримт бичигт тогтоосон төрөл бүрийн зарчмыг журамлан, “харилцан хамтын ажиллагааны түнш байх, харилцан заналхийлэхгүй байх” улс төрийн нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, түүхийн болон Тайваньтай холбоотой чухал эмзэг асуудлыг эв зүйтэй шийдвэрлэж, санал зөрөлдөөнөө сайтар тогтоон барьж, зөв чиглэлийг баримтлан, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурь болон ерөнхий чиг хандлагыг сайтар хамгаалах нь зүйтэй юм. Хоёр тал төр гүрний засаглалын харилцаа солилцоо, эдийн засгийн бодлогын зохицуулалтаа нэмэгдүүлж, худалдаа хөрөнгө оруулалтын шударга нээлттэй орчныг хамтдаа сайтар хамгаалж, илүү өндөр түвшинд давуу талаа харилцан нөхөж, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрч, хоёр орны ард түмэнд илүү сайн ашиг тус бүтээх ёстой. Хоёр тал үнэнхүү олон талт үзлийг хэрэгжүүлэн, өөр өөрийнхөө язгуур ашиг тус болон хүн төрөлхтний хамтын ашиг тусын дагуу зохицолтой мөртөө ялгаатай байх, хүч хамтран бэрхшээлийг хамтаар давах Зүүн Азийн оюун ухааныг хөгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулан, дэлхийн чанартай сорилтод хамтын ажиллагаагаар хандаж, дэлхийн энх тайван тогтвортой хөгжлийг хамгаалах ёстой. Япон улс Токиогийн олимпыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж байгаа бөгөөд ирэх оны 02-р сард болох Бээжингийн өвлийн олимпод Японы тал идэвхтэй оролцохыг сайшааж байна" гэв.
Фумио Кишида Хятад улсын үндэсний баярт баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ "Одоогийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд Япон Хятадын харилцаа шинэ эрин үед орж байна. Хятадын талтай хамтаар Япон Хятадын харилцааны түүхээс сургамж авч, ирэх онд тохиох Япон Хятадын харилцаа хэвийн болсны 50 жилийн ойгоор боломж болгож, хамтын хүчин чармайлтаар шинэ эрин цагийн шаардлагад тохирсон бүтээлч, тогтвортой Япон Хятадын харилцаа болгон бүтээн байгуулахад Японы тал бэлэн байна. Хоёр тал яриа хэлцлээр дамжин санал зөрөлдөөнөө тогтоон барих нь зүйтэй. Хятадын талтай хамтаар цаашид ч эдийн засгийн хамтын ажиллагаа болон иргэдийн харилцааг эрчимжүүлж, КОВИД-19 халдварын эсрэг тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улс, бүс нутгийн чухал асуудлаар нягт харилцаа холбоотой ажиллахад Японы тал бэлэн байна. Бээжингийн өвлийн олимп амжилттай зохион байгуулагдана гэдгийг Японы тал хүсэн хүлээж байна" гэв.
Энэ удаагийн яриа хэлцэл маш цагаа олсон бөгөөд чухал хэмээн хоёр тал санал нэгтэй үзсэн бөгөөд цаашид ч төрөл бүрийн арга хэлбэрээр харилцаа холбоотой байж, хоёр орны харилцааг зөв зам руу удирдан хөгжүүлэхээр тохиролцсонд хүрсэн байна.
