Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И, Францын Гадаад харилцааны сайд Жан-Ив Ле Дриан нар орон нутгийн цагаар 10-р сарын 21-нд Парист Хятад-Францын дээд түвшний хүмүүнлэгийн солилцооны механизмын тав дахь уулзалтыг хамтдаа даргалав.
Ван И: Хоёр орны төрийн тэргүүн нар хүмүүнлэгийн салбарын солилцоог стратегийн болон алс хэтийн өндөрлөгөөс чухалчилж дэмжсээр ирсэн бөгөөд Хятад, Францын дээд түвшний хүмүүнлэгийн солилцооны механизмын зохицуулалтын үүргийг бүрэн гүйцэтгэх талаар санал нэгдсэн. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголт, зааврыг нухацтай хэрэгжүүлж, Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохын төлөө энэхүү механизмын ажлыг сайтар хийх ёстой гэжээ.
Нэгд, соёл иргэншлийн харилцан ойлголцлыг дэмжих ёстой. Өөр өөр соёл иргэншлийн эв найртай оршин тогтнох, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх үлгэр жишээ болгоно. Хоёрт, ирээдүйн хамтын ажиллагаанд анхаарал хандуулах ёстой. Хоёр орны их дээд сургуулиудын өндөр түвшний боловсон хүчнийг бүх талаар бэлтгэн, оюутнуудын харилцан суралцах цар хүрээг өргөжүүлж, хамтдаа сургууль байгуулах түвшнийг дээшлүүлнэ. Гуравт, төслийн удирдлагыг бэхжүүлэх ёстой. Нөөц баялгийг төвлөрүүлж, хэтийн төлөвтэй төслүүдийг хөгжүүлнэ. 2022 оны Бээжингийн өвлийн олимп, 2024 оны Парисын зуны олимпын наадмын боломжийг ашиглан, арга хэмжээний бэлтгэл, спортын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлнэ. Дөрөвт, олон нийтийн оролцоог өргөжүүлэх ёстой. Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зам сувгуудыг нээж, иргэдийн солилцооны индрийг баяжуулан, залуучууд, эмэгтэйчүүдийн солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх шаардлагатай юм гэжээ.
