solongonews
ӨМӨЗО-ны багш нартай хамтран сайн хичээл хийж, бага хурлаа хийцгээж байна
2017-01-09 16:51
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд санаачлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор “Түншлэл” зорилтот төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа.

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээтэй Хэнтий аймгийн 6 сум, ӨМӨЗО-ны 7 хошууны 8 цэцэрлэгийн 200 гаруй багш оролцсон үйл ажиллагаа СУИС-ийн Оюутан театрт нээлтээ хийснээр эхэллээ.

“Түншлэл” зорилтот төслийн хүрээнд өнөөдөр “Хамтдаа суралцъя” сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөн 37 дугаар цэцэрлэг дээр, “Хамтдаа хөгжье” онол, практикийн бага хурал ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр тус тус зохиогдож байна.

“Хамтдаа хөгжье” онол, практикийн бага хурлыг Чингэлтэй дүүргийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн н.Дэлгэрмаа нээлээ.

Тэрээр, Алс холоос бидэнтэй хамт суралцах, дуулах, нөхөрлөхөөр, хамт түншлэхээр зорьж ирсэн эрхэм хүмүүстэй өдрийн амар амгаланг аялтгаад, өнөөдрийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн Тамгын газрын баг хамт олон, Хэнтий аймгийн баг хамт олон, ӨМӨЗО-ноос зорьж ирсэн багш, хамт олон баяр хүргээд, амжилт хүслээ.

Энэхүү онол практикийн бага хуралд зургаан илтгэл, сайн гурван туршлагыг сонсож, эдгээр илтгэл, туршлагатай холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Тодруулбал, Илтгэлүүд:

  1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн арга зүйч Ц.Энхцэцэг “Хүүхдийг бүтээлээр нь дамжуулан төлөвших хандлагыг өнөөгийн байдлаар судалсан нь” сэдэвт илтгэл,  
  2. Хэнтий аймгийн Батширээт сумын цэцэрлэгийн арга зүйч н.Оюунчимэгийн “Буриад хэл, соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх нь” сэдэвт илтгэл
  3. ӨМӨЗО-ны Бөөн шар хошууны үндэсний цэцэрлэгийн багш О.Цэнгэлийн ”Сургуулийн өмнөх боловсрол олгоход цэцэрлэгийн эрэгтэй багшийн төлөөлөл” сэдэвт  илтгэл
  4. Хэнтий аймгийн Батноров сумын цэцэрлэгийн багш н.Сумъяагийн ”Өглөөний тойргийн цаг” сэдэвт илтгэл
  5. ӨМӨЗО-ны Шолоон цагаан хошууны үндэсний цэцэрлэгийн багш Тунгалагийн ”Үхэл мэдэхгүй хүнийг сэтгэлийг бүү сэвтээ” сэдэвт илтгэл
  6. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 126 дугаар цэцэрлэгийн багш М.Түвшинжаргалын ”Дүрслэх урлагийн бүтээлээр хүүхдийн хүмүүжлийн ахицыг үнэлэх нь” сэдэвт илтгэл
  7. ӨМӨЗО-ны Сөнөд баруун хошууны Монгол үндэсний хүүхдийн цэцэрлэгийн захирал Д.Удвалцэцэгийн ”Сургуулийн өмнөх боловсрол олгох ажлын хүрээнд хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх судалгааны үр бүтээл” сэдэвт сайн туршлага
  8. Хэнтий аймгийн Баянгол сумын цэцэрлэгийн эрхлэгч Г.Энхтүвшингийн ”Бусдын хүүхдийг залилсан гэр цэцэрлэг” сэдэвт сайн туршлага
  9. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Гэлэгмаагийн “Төсөл ажлын урамтай сайн зохион байгуулан багш, хүүхдийг хөгжүүлж буй” сэдэвт сайн туршлагаар өнөөдрийн илтгэл, сайн туршлагуудыг танилцуулж, илтгэл тавина.

Эдгээр сайн туршлага, илтгэлийн хүрээнд оролцож байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү “Түншлэл” Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээтэй Хэнтий аймагийн сумд, ӨМӨЗО-ны хошуудын цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчдийн дунд туршлага солилцох, хамтран ажиллаж байгаагаараа онцлог юм.

Мөн энэхүү төсөл нь цаашид үргэлжлэх бөгөөд 2018 онд ӨМӨЗО-ны Сөнөд баруун хошуунд зохион байгуулахаар болсон байна.

Энэхүү "Түншлэл" зорилтот төслийн арга хэмжээ нь маргааш, нөгөөдөр хоёр өдөр спортын тэмцээн, урлагийн тоглолт зэргээр үргэлжлэх юм.

Сурвалжилсан: Ж.Дуламсүрэн

Зургийг: Ц.Ганболд

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл