solongonews
Рок попийн хатагтай буюу малчин дуучин
2016-06-03 18:00
Рок попийн хатагтай буюу малчин дуучин

Дуу дууны сайхан нь үлддэг шүү дээ. Ард түмэн тэр чигээрээ “Урлаг судлаач”. Хэн гэгчийн уран бүтээлч хэр зэргийн дууг ямар хэмжээнд дуулж байна гэж тэд дотроо тунгаан үнэлж хүлээн авдаг. Өвөр Монголын рок попийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц намбатай, өөрийн гэсэн содон өнгөтэй, өөрийн гэсэн сонгодог аялгуутай нэгэн бол яахын аргагүй Уриа юм гэж эрхий гарган хэлдэг нь мөн манай ард түмэн. Ялангуяа залуучууд билээ. Дуугаараа танигдсан Уриа чухам ямар хүн бэ?

Хоолойтой төрсөн минь юу билээ
Аялах хоолойны өнгө нь рокийнх, эхээс төрсөн нь ч рокийнх – Энэ хүн бол дуучин Уриа.
Дуучин Лүө Чигийн дуунууд Уриад маш ихээр нөлөөлсөн гэдэг. Уриа түүний бүх хуурцгийг авч сонсдог байжээ. Яагаад тэр вэ? Лүө Чигийн дууны төрөл жанараас дууны үг нь хүртэл Уриагийн дэгжин атлаа даруухан, омголон  боловч намуухан байдаг зантай нь их л зохисноос болжээ. Улаанмөчирийн дуучин болох юмсан гэж мөрөөддөг багынх нь мөрөөдлийг илүү их хурцалж өгсөн гэж болох юм.
Рокийн урсгал Өвөр Монголд өмнөх зууны 90-ээд оны сүүлээс эхлэн салхилснаар бодоход өнөөдөр хорин жилийн нүүр үзэх гэж байна. 2000 онд Өвөр Монголд рокийн давалгаа босгосон “Хөх хээр” хамтлагт дуучнаар сонгогдсон нь Уриагийн урлагийн замын эхлэл байсан бол 2001 онд өөрийн сүлд дуу болох “Сартай шөнө” дуугаа дуулсан нь түүнийг Өвөр Монголд ийм нэг авьяаслаг дуучин төржээ гэдгийг харуулж чаджээ.         
- Уриатай анх уулзаж байхад сэгсийсэн жаахан охин байсан юм. Дуулахдаа  гаргууд сайн, авьяастай, үнэнч, хоолой сайтай, мэдрэмж сайн байсан нь бидэнд (Хөх хээр) их таалагдсан. Бид хэд Өвөр Монгол, Хөхнуур, Шиньжян зэрэг газруудаар тоглолт хийж байснаа одоо бодоход арваад жилийг ардаа орхижээ” гэж хөгжмийн зохиолч Баян дурсан ярив.
- “Хөх хээр”-тэй би гурван жил хамт байлаа. Миний урлагийн замын анхны багш. Ах нарын минь дандаа хэлдж захидаг байсан зүйл нь хамтлаг ямар байх ёстой, дууны үг шүлгээ яаж хэлэх, аяыг хэрхэн мэдрэх, дуучин хүн ямар байх зэрэг наад захын санал зөвлөгөө нь яг үнэндөө надад нандин сургаал байсан. Бид одоо ч гэсэн урлаг, зүрх сэтгэлээрээ үргэлж хамт байсаар байна гэж Уриа өгүүлэв. Уриагийн зам дахь хамгийн үл мартагдах нэг зүйл нь “Хөх хээр” хамтлагт байхдаа арван хэдхэн үзэгчийн өмнө дуулж байсан тэр нэг мөч. Тэд чин үнэн сэтгэлийг барьж, урлагт хайртай хэвээр байж чадсан, тайз гололгүй дуулж чадсан байдаг. Уриагийн “Хөх хээр”-т орсон нь дэвшил байсан бол түүнээс гарсан нь харин эргэлтийн шат байжээ. Ингэж “Хөх хээр”-ийнхээ санал зөвлөгөөний дагуу хамтлагаас гарч бие даасан дуучин боллоо. Үүний эцэст тэрээр “Ээж минь жаргаж яваарай”, “Санана гэдэг салхи” зэрэг сайхан дуунуудаа үзэгч сонсогчдодоо өнөөдрийг болтол тасралгүй хүргэсээр иржээ.  
Харин саяхан “Уриа” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан нь Уриагийн арваад жилийн урлагийн замынх нь үр дүнг харуулж байгаа явдал юм. Ес есийн бэлгэдлээр есөн дууг багтаасан “Уриа” цомог нь “Баян” хөгжмийн Studio амьд хөгжмөөр бичиж, хөгжмийн дуугаралтын найруулгыг Монгол Улсын BDRG Studio хийсэн нь онцлог болжээ.
- Энэ цомогтоо олон жилийн дуу урлагийн туршлага, баримтлал, бүх мэдрэмж, байдаг чадлаа шингээж, хүмүүст амархан хүрэх, дандаа аялагдах дуу бүтээхийг хичээсэн гэж байв.
Хөтлөгч, дууны үг зохиогч Насан гуайн үнэлж буйгаар Уриа нь “Дуугаа учирлан дуулдаг, үг аяныхаа донжийг олдог, өөрийн онцлогийг бүрдүүлсэн урлагийн тэнгэрийн нэг гялалзсан од” гэсэн билээ.
Өвөр Монголын рок урлаг нь 90-ээд оны сүүлч, шинэ зууны эхэнд нэг их хөглөгдсөн бол одоо нэг хэвдээ зогсоод байна. Рокийн чиглэлийн их дээд сургуулийг бүү хэл, сургалтын төв хүртэл байдаггүй. Эмэгтэй рок дуучин, хамтлагууд тодрон гараагүй зэрэг асуудлууд бөөн бий гэж хүмүүс хэлцдэг.
Уриад нэг хүсэл бий. Дээрх байдлыг өөрчлөхийг зорьсон, рок попийн чиглэлээр сургууль буюу сургалтын төв байгуулах зорилготой.

Хувьтай төрсөн минь юу билээ
Омголон байдгаараа үзэгчдийн тасалхан, уяхан зангаараа хайрын ялдамхан – Энэ хүн бол эгчмэд Уриа.
“Дурлал хэрвээ” гэж байдаг бол “Үлгэрийн юм шиг хайр” нь Сансар болон Уриа юм, хувьтай даа. “Зөөлөн дурлал” гэж байдаг бол “Гэргий заяатай бурхан” нь Уриа юм, Сансартаа. Хүн хэзээ ч ганцаараа явж орчлонг элээдэггүйтэй адил Уриа маань зүгээр л нэг эмэгтэй хүн. Дурлаж хайрлах, дурлуулж хайрлуулахын амтыг мэдрэх, тулганы зүүн талд томбойх л заяа. Хань ижил гэж хоёр хүний нэг л зүрх мэт цохилтыг хэлдэг бол “Нас бол зүгээр цаасан дээр бичсэн тоо л төдий, хайр дурлалд насны зөрөө байхгүй” хэмээн Уриа маань хайр дурлалын утга учир, хэмжүүрийг өгүүлнэ.
Хувь тавилант 2012 он. Уриа өөрөөсөө нэлээд дүү болох адуучин Сансартай танилцан үерхэж хоёр жилийн дараа хуримаа хийжээ. “Сансар уг нь миний фен байсан, од ч гэсэн хэвээрээ. Үүнд тодруулж хэлэх нэг зүйл бол урлагийн талаар намайг маш их дэмждэг. Энэ нь миний урлагийн замын цаашид хөгжих баталгаа болж байдаг. Мөн “Уриа” цомог гаргахад маш их дэмжсэн” гэж Уриа ярив.

Хорвоод төрсөн минь юу билээ
Хөлөө олохын тэнцвэрийг хот гэж боддог, хүслээ биелүүлэхийн нийлбэрийг хөдөөгөө гэж санадаг – Энэ хүн бол малчин Уриа.
Уриа үнэндээ Урантуяа гэсэн нэртэй. Зүүн Үзэмчин хошууны Эхбулаг сумын Хонгор багийн малчин Бадамсүрэнгийн охин. Уртын хонгор дуутай, удмын ясан бөхтэй Үзэмчин нутгаасаа ангид рокийн замаар замнахдаа тэрээрөлгий нутгаа огт мартаагүй. Ялангуяа адуучин ханьтайгаа танилцаж, амьдарлаа босгосноос хойш нутагтаа буцан малаа маллан суухыг магад сайн сонголт хэмээн үздэг болжээ. Малчин болох үнэндээ хялбар зүйл биш, сайн малчин болох бүр ч амаргүй даваа. Уриа өөрийгөө “Хаврын хаварт төлөө тосож, малаа өсгөсөн малчин” гэж хэлэх дуртай бол үр хүүхдээ ч гэсэн хөдөөнөөс өсгөж хүмүүжүүлэхийг мөрөөддөг аж. Дуугаар нь таньдаг Уриа бол өөрөө нэг аялгуу, өөрийгөө цогцолсон ертөнц юм гэж надад санагдлаа.

Зохиогч: ҮНЭНЖАРГАЛ
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл