Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 01-р сарын 12-нд Жянсү мужийн Ү Ши хотод Туркийн Гадаад хэргийн сайд Чавушоглу, Кувейтийн Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх төрийн сайд Ахмед нартай тус тус хэлэлцээ хийв.
Ван И Чавушоглутай хийсэн хэлэлцээний үеэр хэлэхдээ "Бид хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхийн тулд хоёр орны төрийн тэргүүний өгсөн чиглэлийг баримтлах ёстой. Хамгийн тэргүүнд тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахад бие биенээ дэмжих ёстой. Хоёрдугаарт, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх олон улсын харилцааны үндсэн зарчмыг баримтлах. Гуравт олон улсын арга хэмжээд бие биенээ чиглэсэн үйл ажиллагаанд оролцохгүй байх явдал юм. Дөрөвт түүх, соёл гэх мэт ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрч, харилцаа солилцоогоо нэмэгдүүлж,харилцан ойлголцох явдал юм" гэжээ.
Чавушоглу тэмдэглэхдээ "Хятадын талтай бүх салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Дунд коридор” төлөвлөгөө болон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар хүсэлт тавьж байна. Мөн спортыг улстөржүүлж болохгүй гэдэгт Туркийн тал бүрэн дэмжиж байна" гэжээ.
Кувейтийн Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх төрийн сайд Ахмедтэй хийсэн хэлэлцээний үеэр Ван И хэлэхдээ "Хоёр орны төрийн тэргүүн нар харилцан өндөр итгэлцэл, гүн гүнзгий найрамдалт харилцаа тогтоосон нь Хятад Кувейтийн харилцаа тогтвортой, эрүүл хөгжих улс төрийн хамгийн найдвартай баталгаа болсон юм. Кувейт Улс Хятадад найрсаг бодлого баримталж ирснийг Хятадын тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд Хятад ч Кувейтийн найдвартай түнш хэвээр байх болно" гэсэн байна.
Ахмед хэлэхдээ "Кувейт Хятадын найрсаг харилцаа Кувейтийн гадаад харилцааны үлгэр жишээ болсон. Кувейтийн тал Хятадын өөрийн эрх ашгийг хамгаалах хууль ёсны байр суурийг дэмжиж, хүний эрхийн асуудлыг улстөржүүлж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна" гэжээ.
Талууд “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалт болон Кувейт Улсын “2035 оны үндэсний хөгжлийн төлөвлөгөө”-ийн уялдаа холбоог бэхжүүлэхээр тохиролцов.
