
Тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Б.Отгонжаргал, Хятад-Монголын Соёл боловсрол, нийгмийн хөгжлийн сангийн байнгын зөвлөлийн дарга Ян Жи-Юн, МУ дахь Хятад Цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуанжань, нийслэлийн 9 дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн төлөөлөл, мөн "Рэньминь Рибао" сонин, Синьхуа агентлаг, ХОУР зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас Улаанбаатарт суугаа сэтгүүлчид зэрэг нийт 120 гаруй хүн оролцсон байна.

БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны түр хамаарагч Ян Чиндүн тус арга хэмжээнд хэлэхдээ: Хятад улс өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ, хөрш орнууд ялангуяа Монгол орны хөгжилд боломжийн хэрээр туслалцаа үзүүлсээр ирлээ. Үүнд МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд оролцож байгаа бөгөөд энэ нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач тустай үйл явдал болж байна гэжээ.

Улаанбаатар хотын Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Б.Отгонжаргал: Юуны өмнө Улаанбаатар хот дахь ядуу амьдралтай иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн Хятадын засгийн газар, аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлж, эдгээр нь Монголын ард иргэд зөвхөн эд барааны тусламж төдий биш, мөн сэтгэл санааны маш их дэм болно хэмээн онцолсон байна.

Энэ удаагийн "Дулаан өвөл" төсөл 2017 оны 11-р сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангаас МУ-ын нийслэл Улаанбаатар хотын 9 дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн төлөөллүүдтэй ажлын хурал хийж, төслийн хэрэгжилтийн зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөг хэлэлцэн боловсруулсан юм. Тэд төсөлд хамрагдах хүсэлтэй айл тус бүрээр судалгаа хийж, нийт 154 өрхийг хамруулахаар шийдэн, хүнс, ахуйн хэрэглээний бараа зэрэг шаардлагатай зүйлсээс сонгон, энэ удаад 22 сая төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлжээ.Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Санг Хятадын Банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас санаачлан, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай пүүс компаниудтай хамтарч, 2014 оны 2-р сард байгуулжээ. "Дулаан өвөл” төсөл нь тус сангийн байнгын төсөл бөгөөд жил бүр зохион байгуулдаг юм.

Энэ төсөл МУ-ын нэн ядуу иргэд болон хятад цагаач иргэдэд өвлийн улирлыг өнтэй давахад туслах зорилготой хэрэгжиж буй юм. Тус төсөл 5 жил дараалан хэрэгжиж, нийт 592 сая төгрөгийн тусламжийг 3782 өрхөд үзүүлээд байгаа аж. Үүний дүнд, 2014 онд бага ангийн сурагчдад чиглэсэн “Дулаан өвөл” төслийг хэрэгжүүлж, нийслэлийн ЕБС-ийн 1-2-р ангийн 3014 хүүхдэд 1.3 сая юаний үнэ бүхий өвлийн дулаан хүрэм бэлэглэсэн байна.
Хятад-Монголын Соёл Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан байгуулагдсан цагаасаа эхлэн, 80 гаруй төслийн хүрээнд нийт 1.7 тэрбум төгрөгийн хандив өгч, Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн санаа сэтгэлийг холбосон гүүр болж, МУ-ын ард иргэдийн амьдрал ахуй, боловсролын хөгжил, нийгмийн байгуулалтад тус дөхөм үзүүлэн, хоёр орны соёлын солилцоо, уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.
