БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ өнөөдөр үндэсний валютынхаа ам.доллартой харьцах ханшийг дахин 313 суурь нэгжээр /0.47 хувь/ бууруулснаар нэг ам.доллар 6.9996 юаньтай тэнцлээ. Энэ нь 2008 оны тавдугаар сарын 15-наас хойших хамгийн доод үзүүлэлт ажээ. Хятадын Төв банк юанийн ам.доллартой харьцах ханшийг гурав дахь өдрөө дараалан бууруулж байгаа юм.
“China Minsheng Bank” банкны шинжээч Вэнь Бинь үзэхээр, “Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, мөн олон Төв банк бодлогын хүүгээ бууруулсантай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээл дээр мэдэгдэхүйц хэлбэлзэл ажиглагдаж байна. Энэ шалтгаанаар юанийн ханш ч мөн зах зээлийн нөхцөл байдал болон түүнд оролцогчдын сэтгэл санааны байдалтай холбоотойгоор мэдэгдэхүйц хэлбэлзэж байна” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.
