"COVID-19"ийн улмаар дэлхий нийтийн үйлдвэрлэлд шинэ өөрчлөлт гарч байна. Зарим газар шинэ технологийг ашиглан шинэ төрлийн маск үйлдвэрлэж байгаа бол зарим нэрт брэндийн үйлдвэрүүд бүтцэдээ өөрчлөлт хийж, маск, гар ариутгагч үйлдвэрлэж байгаа аж.
Францын нэрт брэнд Louis Vuitton саяхан засгийн газрынхаа уриалгын дагуу тус улсад байгаа олон үйлдвэртээ өөрчлөлт хийж, 300 гаруй уран дархныг дайчлан эмнэлгийн бус зориулалттай маскийг эрчимтэй үйлдвэрлэж эхэлжээ.
-Одоогоор үйлдвэрлэж байгаа маскууд бусад ердийн гар хийцийн масктай ялгаагүй бөгөөд брэндийн тэмдэг хадахгүй. Өндөр эрсдэлтэй иргэдийг халдвараас хамгаалахын тулд маскаа тухайн орон нутгийн эмчилгээний байгууллагуудад үнэ төлбөргүй тараана гэж тус компани онцоллоо.
Dior гоо сайхны брэнд нь мөн засгийн газрынхаа уриалгын дагуу үнэртэй усны үйлдвэрийн шугамаа гар угаах шингэн болон бусад ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугам болгон өөрчилсөн бөгөөд бүтээгдэхүүнээ голдуу Парис дахь эмнэлгүүдэд хангаж байна.
