Өвчтөн жил гаруйн өмнө осолд орсны улмаас нүүрнийх нь баруун тал хүндээр гэмтэж баруун чих нь тасарчээ. Тухайн өвчтөнд өөр чих суулгах боломжгүй байсан учраас Ши Ань Зам Харилцааны Их сургуулийн харьяа нэгдүгээр эмнэлгийн ерөнхий мэс засалч Гүө Шүжүн өвчтөний гаран дээр нь чих ургуулж дараа нь толгойд нь шилжүүлэн суулгах шийдвэр гаргасан байна.

Мэс засал 3 үе шаттай явагдсан бөгөөд эхний үед өвчтөний баруун гарын шууны арьсан доор арьс сунгагчийг суулгасан байна. Дараа нь өвчтөний хавирганы мөгөөрснөөс авч шинэ чих ургуулахын тулд гарын сунасан арьсан дор байрлуулжээ.

Мягмар гарагт Гүө эмч өөрийн хамтрагчдын хамт гуравдугаар шатны мэс заслыг амжилттай гүйцэтгэж, дурангийн мэс заслын техник ашиглан ургуулсан чихийг өвчтөний толгойд шилжүүлэн суулгасан байна. Мэс засал 7 цаг үргэлжилжээ.

Гүө эмч:
- Маш хүнд мэс засал байлаа, учир нь ургуулсан чихийг толгойн яг зөв хэсэгт шилжүүлэн суулгаснаар түүгээр цусны эргэлт хэвийн явагдаж, ингэснээр өвчтөний чих мэс заслын дараа хэвийн ажиллагаатай болох ёстой юм гэж ярьлаа.
Өвчтөний биеийн байдал хэвийн байна. Тэрээр өөрийн шинэ чихээ хэвийн ажиллагаатай болсны дараа буюу ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гарах юм.
Гүө эмч болон түүний багийнхан өвчтөний чихийг хүний чихтэй илүү төстэй болгохын тулд 3D технологийг ашигласан бөгөөд тэд жил бүр 500 орчим хүүхдэд зориулж шинэ чих ургуулж байна.
