"Арван дөрөвдүгээр таван жил"-ийн эхний жилд Хятадын автомашины үйлдвэрлэл тогтвортой өсөлтийн сайн хандлагатай болж, жилд 26.082 сая ширхэг үйлдвэрлэж, 26.275 сая ширхэг борлуулалт хийж, 13 жил дараалан дэлхийн автомашины үйлдвэрлэл, борлуулалтаараа тэргүүлсэн байна. Хятад дэлхийн автомашины зах зээлийн хамгийн том гүрний статусыг улам бэхжүүлж, Хятад улс дэлхийн автомашины хүчирхэг гүрэн рүү явж байна.
Одоогийн байдлаар Чанган \Changаn\ автомашины Чунцин Лянжян үйлдвэрийн үйлдвэрлэлийн шугамууд бүрэн хурдтай ажиллаж байна. Чанган автомашины дарга Жү Хуарун "Шинэ оны ажил эхэлснээс хойш Лянжяны үйлдвэр 13 мянга 682 шинэ машин үйлдвэрлэсэн. Төлөвлөгөөний дагуу Лянжяны үйлдвэр 01-р бүтэн сард 79 мянга 165 ширхэг үйлдвэрлэнэ” гэж танилцуулав. 2021 онд, Чанган Хятадын брэндүүдийн автомашины жилийн нийт борлуулалт 1.75 сая ширхгийг давж, өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар өссөн байна.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 01-р сарын 12-ны өдөр нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, хэдийгээр цар тахлын сөргөөр нөлөөлсөн боловч Хятадын автомашины үйлдвэрлэл "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн эхэнд сайн хөгжлийн чиг хандлагыг үзүүлсээр байна. Жилийн үйлдвэрлэл, борлуулалт нь 26.082 сая ба 26.275 сая болсон нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувь ба 3.8 хувиар тус тус өсч, дэлхийн хамгийн том автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг 13 жил дараалан хадгалсаар байна.
Хэрэглээ ба үйлдвэрлэлийн хос шинэчлэл
2021 оны 12-р сарын 26-нд Жы-Жи машины анхны загвар болох SAIC Motor-ийн шинэ ухаалаг цахилгаан машин үйлдвэрлэлийн шугамаас гарч ирэв. Тухайн онд SAIC Motor 5.81 сая гаруй автомашин борлуулж өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар нэмэгдэж, 16 жил дараалан Хятадад нэгдүгээрт жагссан байна. Үүний дотор SAIC-ийн өөрийн брэнд 2.857 сая автомашин борлуулсан нь нийт борлуулалтын 52.3 хувийг эзэлж байна.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн нэгдүгээр хэлтсийн дарга Ван Вэймин хэлэхдээ, автомашин үйлдвэрлэлийн салбар гурван жил дараалан буурах хандлагыг эргүүлж, Хятадын аж үйлдвэрийн эдийн засгийг тасралтгүй сэргээж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал нөлөө үзүүлжээ. Оршин суугчдын орлогын түвшин аажмаар дээшлэхийн хэрээр Хятадын автомашины үйлдвэрлэл зах зээл дээр хэрэглээ өсөх хандлага тодорхой харагдаж байна. 2021 онд Хятадын суудлын автомашины борлуулалт 21.482 сая ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсчээ. Үүнээс нийт 3 сая 472 мянган ширхэг дээд зэрэглэлийн суудлын автомашин борлуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 20.7 хувиар өсч, өсөлтийн хурд нь суудлын авто машиныхаас 14.2 пунктээр илүү байна.
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны дарга Фү Бинфэн хэлэхдээ, Хятадын автомашины үйлдвэрлэл инновацийн олон тод талбартай бөгөөд цахилгаанжуулалт, сүлжээ, ухаалаг өөрчлөлт, шинэчлэлийн чиглэлээр асар их ахиц дэвшил гаргасан юм.
Түүнчлэн Хятадын брэндийн суудлын автомашины зах зээлд эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгдэж, жилийн борлуулалт 9 сая 543 мянган ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеэс 23.1 хувиар нэмэгдэж, суудлын автомашины нийт борлуулалтын 44.4 хувийг эзэлж, түүхэнд хамгийн сайн түвшинд ойртсон бөгөөд өмнөх оноос 6 пунктээр өссөн байна.
Шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 7 жил дараалан дэлхийд тэргүүлж байна
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн нэгдүгээр хэлтсийн орлогч дарга Гуо Шөүган хэлэхдээ, бүтээгдэхүүний хангамж илүү элбэг, техникийн түвшин өндөр, туслах хэрэгслүүд бүрэн дүүрэн байгаа нь 2021 онд Хятадын шинэ эрчим хүчний машинууд зах зээлийн хэмжээ, хөгжлийн чанар хоёр талаар бүр сайжрах сайхан эрч хүчийг харуулсан байна гэжээ.
- Үйлдвэрлэл, борлуулалтын цар хүрээ хурдацтай өссөн. 2021 онд Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт 3.545 сая ба 3.521 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.6 дахин нэмэгдэж, долоон жил дараалан борлуулалтаараа дэлхийд нэгдүгээрт бичигджээ.
- Чанарын брэндийг хурдан сайжруулна. 2021 онд Хятадын цэвэр цахилгаан суудлын автомашины дундаж жолоодлогын зай 2016 онд 253 километр байсан бол 400 гаруй километр болж, хэрэглэгчийн чанарын сэтгэл ханамж нь түлшний авто машиныхтай адил байж, Хятад брэндийн шинэ эрчим хүчний суудлын автомашин нийт борлуулалт 2.476 сая ширхэг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 дахин өсч, шинэ эрчим хүчний суудлын автомашины нийт борлуулалтын 74.3 хувийг эзэлж байна.
- Бүтээгдэхүүний экспортын хурдацтай өсөлт. 2021 онд 310 мянган ширхэг шинэ эрчим хүчний автомашин экспортлогдож, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гурав дахин нэмэгдэж, түүхэн хуримтлагдсан экспортын нийлбэрээс давсан байна.
Фү Бинфэн хэлэхдээ "Хятадын шинэ эрчим хүчний автомашинууд хурдацтай хөгжлийн шинэ шатанд орлоо. 2021 онд Хятадын шинэ эрчим хүчний автомашины зах зээлд нэвтрэх түвшин 13.4 хувьд хүрч, өмнөх оныхоос 8 пунктээр илүү байна. 2025 он ба 2030 онд шинэ эрчим хүчний автомашины зах зээлд нэвтрэх түвшин тус тус 20 хувь ба 40 хувьд хүргэх зорилт хугацаанаасаа өмнө биелэх төлөвтэй байна".
Авто машины экспорт анх удаа 2 саяас давлаа
01-р сарын 06-ны өдөр, 2022 оны анхны "Хятад-Европ ачааны галт тэрэг Chery номерт тусгай галт тэрэг" 120 машин, сэлбэг хэрэгсэл ачиж, Аньхуй мужийн Хэфэй хотоос Москваг чиглэн хөдөллөө. Chery группийн олон улсын үйл ажиллагааны захирал Ин Шыжүнь хэлэхдээ, 2021 онд Хятад-Европын 32 ачааны галт тэрэг Оросын зах зээлд 4552 шинэ автомашиныг тээвэрлэжээ. 2021 онд Chery групп нийт 269 мянга 200 шинэ машин экспортолж энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 136.3 хувиар өссөн юм.
2021 онд Хятадын брэнд автомашины компаниудын экспорт хурдацтай өсөхийг статистик харуулж байна. Шилдэг арван экспортлогчдын дунд Хятадын SAIC, Chery, Changаn зэрэг авто машин үйлдвэрлэгч компани жил ирэх тусам хурдацтай хөгжиж, үүнд 4 компанийн экспортын өсөлт 100 хувиас давсан байна. Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн жилийн экспортын хэмжээ 310 мянган ширхэг болсон нь өмнөх оны мөн үеэс 3 дахин өсөж, Их Британи, Норвеги, Герман, Франц зэрэг Европын зах зээлүүд өсөн нэмэгдэж буй томоохон зах зээл болжээ.
Фү Бинфэн хэлэхдээ "Хятадын автомашины үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн хэлхээ харьцангуй бүрэн хийгдсэн бөгөөд энэ нь гадаадын хэрэглэгчдийг цаг алдалгүй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээр хангах боломжтой юм. Ирээдүйд Хятадын автомашины экспорт хурдацтай өсөлтийн үеийг эхлүүлнэ" гэжээ.
