Гэхдээ эл улс үндэстний ураг хуримын зан үйл нь харилцан адилгүй байдаг. Нэг ястан үндэстний овог аймаг, хошуу нутгийн ураг хуримын зан заншил ч бас өдий төдий зөрөөтэй байдаг. Нийт монголчуудын хуримлах ёс заншил нь ихэвчлэн адил буюу адилавтар байдаг боловч бас овог ястны тус тусын ёс заншил биеэ даасан олон зүйлийн өвөрмөц онцлогтой байдаг. Жишээлбэл зөвхөн “Хуримлах” ёсны нэрийдлийн тухай авч үзэхэд, “Гийч хийх”, “Айл болох”, “Баяр гаргах” “Хурим хийх”, “Гийчлэх” “Ураглах”, “Хуримлах”, “Гэрлэх”, “Мордуулах”, “Цай өг”, “Цай уух”, “Архи өг”, “Архи уух”, “Галлах” гэх мэт янз бүрээр нэрлэж хэлдэг заншилтай. Үнэхээр “Газар газрын ёс, гүзээ гүзээний болон” гэдэгчлэн энэ бөхий янз бүрийн ёс заншил нь өөр өөрийн зарчимтай байдаг.
Монголчуудын хуримлах ёсыг судлахад бөх явцад туушлагдаж байгаа зан үйлийн ёслол тэргүүтэн нь манай өвөг дээдсийн буурал эртний түүх соёлын уламжлал, баларлаг ургийн анхны хэлбэрүүдтэй үүсэл гарлын нягт холбоотой, тэр эртний хэлбэрийг ямар нэгэн хэмжээгээр бэлгэдэн үлдээсэн зүйл олон байгаа харагдана. Монгол хуримын том жүжгээс бид эртний монголчуудын нийгмийн хөгжлийн шат үе бүхний соёлын ул мөрийг олж харах буюу нэхэн санагалзах боломжтой байдаг. Эхийн эрхт ёс, овгийн байгууллын үе, дараа дараагийн шинэ цаг үед янз бүрийн шинэ агуулгаар баялагжин хувирч байсан ул мөр ч тодорхой харагдана. Ер нь “ Монголчуудын хуримлах ёсны ихэнх зүйлс түүхэн үе бүхний нөхцөл байдал, нийгмийн харилцаа, ард олны үзэл бодол, аж төрлийн онцлогийг тусган хувьссаар ирсэн юм ” хүн төрөлхтний ургийн ёсны үүсэл хөгжил, хувирал шинэчлэлийн алхам бүрд, цусан төрлийн ураг, сүрэглэлийн ураг, хосолмол ураг гэх мэт тухай тухайн цаг үе, нийгмийн зүс царайг харуулсан ураг хуримын ёс заншил байсантай адил монголчуудын нийгмийн хөгжлийн алхам бүр адил бус ургийн ёс заншил ба хэлбэр байсныг нэхэмжилж болох сүвэгч одоо болтол уламжилсаар ирсэн байна.
