“Нарс” зуслан Улаанбаатар хотоос 24 км зайтай “Баян согоот”-ын аманд байрладаг. Нэг ээлжиндээ 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус зусланд өнгөрсөн долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны 74 хүүхэд багачууд, хоёр багшийн хамт ирж амарсан байна.
Тэдгээрээс 30 хүүхэд нь БНХАУ-ын тэтгэлгээр амарсан бөгөөд энэхүү үйл ажиллагааг “Багачууд” сониноос хариуцан зохион байгуулсан аж. Мөн энэхүү 30 хүүхдийн хамт тус сонины эрхлэгч, гурван сэтгүүлчийн ирснээс гадна 44 хүүхэд нь багштайгаа хувийн зардлаараа амарсан аж.

Эдгээр хүүхэд багачууд ирсэн өдрөө Зайсан толгой дээр гарч, Чингисийн талбай, Бурхан багш зэрэг хотын дурсгалт, түүхэн газруудаар аялан Улаанбаатар хоттой танилцжээ.
Тэд “Нарс” зусланд амарч байх хугацаандаа манай орны болон өөр бусад гадаадын орнуудын хүүхэд багачуудтай танилцан спорт сургалт, лигийн тэмцээнд оролцох, англи хэлний анхан шатны сургалтуудад оролцох зэргээр цагийг зугаатай өнгөрөөсөн байна.
Мөн галын наадам, урлаг соёлын олон арга хэмжээнд оролцохоос гадна олны танил зочид, хамтлаг дуучдын тоглолтыг үзэж сонирхон, Монгол орны байгаль, уул устай танилцан явган аялаж, сайхан амарчээ.
Наймдугаар сарын 8-ны өдөр Цонжин болдогийн хөшөө дурсгалыг үзэж сонирхоод нутгийн зүг хүлгийн жолоогоо залсан байна.
“Нарс” зуслангийн талаар тодруулбал:
“Нарс төгөл” зуслан нь 70-90-ээд оны үед ХХҮЯ-ны ажилчдын хүүхдийг амрааж, сувилах чиг үүрэгтэйгээр сайд Дамдин, Хүүхдийн фондын тэргүүн А.И.Цэдэнбал-Филатова нарын санаачилгаар “Баян согоот”-ын аманд байгуулагдсан байна.

1982 онд тус зусланг өргөтгөн хоёр дахь “Найрамдал” зуслан болгохоор шийдвэрлэн Румын улсын архитекторуудын зохиосон зураг төслөөр Монгол-Зөвлөлтийн барилгачид одоогийн байрлаж буй “Баян согоот”-ын аманд барьж байгуулан ашиглалтанд оруулжээ.

“Нарс” зуслан нь 2014 оноос эхлэн хөтөлбөр, менежментээ шинэчилж, олон улсын жишгийн дагуу сургалт, хөтөлбөрийг амрагчдын дунд явуулж, спорт, энтэртаймент гэсэн онцлогийг агуулсан хүүхэд, залуусын зуны амралтаа өнгөрөөх орчныг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Тус зусланд хүүхэд, залуучууд амарсанаараа спорт сургалт, лигийн тэмцээнд оролцох, англи хэлний анхан шатны сургалтуудад оролцох зэргээр цагийг зугаатай, үр дүнтэй өнгөрөөх ач холбогдолтой.
Мөн олны танил зочид, хамтлаг дуучдын тоглолт үзэж сонирхон тэдгээртэй өдрийг өнгөрөөхөөс гадна хүүхэд, залуусыг төлөвшүүлэх сургалтанд хамрагддагаар онцлог, ач холбогдолтой аж.

